Өмнөговь аймгийн засаг дарга Б.Бадраа: ”Таван төгрөгний төлөө тэр сайхан баялагтай говь нутгаа сүйтгүүлээд яах юм бэ”

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 11

“Өглөөний зочин”-оороо бид Өмнөговь аймгийн Засаг дарга Д.Бадрааг урилаа. Уул уурхайг дагаад хөгжил ирнэ гэдэг ч арвин их алт, зэс, мөнгөний нөөцтэй “Оюу толгой” ХХК-иас эхлээд дорвитой хөрөнгө оруулалт огт хийхгүй байгааг Д.Бадраа дарга ихэд шүүмжилж байна. Түүгээр ч барахгүй нүүрснийхээ замыг засахгүй байгаагаас орон нутгийн зам эвдэрч, аваар осол цөөнгүй гарах болжээ. Энэ мэт бусад олон асуудалд Өмнөговь аймгийн Засаг дарга бухимдалтай яваагаа биднээс нуусангүй. Ам нээвэл уушиг нээ гэгчээр аймаг, орон нутагт нь болоод байгаа хамаг асуудлыг Д.Бадраа дарга нэг бүрчлэн ярьсан юм. Хамгийн гол нь нутгаа гэсэн сэтгэл, өмнөговьчуудыг гэх зүрх хүчтэй мэдрэгдэж байсныг энд онцлохгүй байж чадахгүй нь.

            -Жилийн өмнө тантай уулзаж, ярилцсанаас хойш цаг хугацаа харвасан сум шиг өнгөрчээ. Нэг жилийн дотор аймаг, орон нутагт тань зөндөө л өөрчлөлт гарсан байх. Бүтээн байгуулалт ч ид өрнөж байна уу?

            -Өмнөговь аймагт бүтээн байгуулалт их хэмжээгээр өрнөж байна. Бүтээн байгуулалтын үеэр монгол хүн үнэхээр өөр юм байна гэдгийг маш сайн ойлголоо. Тухайлбал, “Энержи Ресурс”-ынхан Ухаа худаг төсөлтэй холбоотойгоор орон нутагт зөндөө ажил өрнүүлж эхлээд байна. Гэтэл Оюу толгой өнөөдрийг хүртэл томоохон хэмжээний хөрөнгө оруулалт нэгийг ч хийсэнгүй. Хэлэхэд ичмээр боловч Оюу толгой төслийнхөн нэг кэмп, хэдэн сэндвичэн барилга, гэр барьснаас өөр дорвитой ажил огт хийгээгүй. Ийм байдлаар Монголын баялгийг ашиглана гэвэл байж боломгүй асуудал. Би үүний эсрэг хатуу зогсоно. Дахин хэлэхэд, манай монголчууд үнэхээр өөр юм, харин гадныханд Монголыг гэсэн сэтгэл байдаггүй юм байна.

Оюу толгой. Таван толгойгоос илүү ихийг хүртэх ёстой хүмүүс бол өмнөговьчууд

 

            -Энэ том компани юу ч хийхгүй байна гэж үү. Орон нутагт бүтээн байгуулалт өрнүүлээд, мөнгөөр бороо оруулах шахам байгаа болов уу гэж бодсон шүү дээ. Та тийм л гомдолтой явдаг юм бол Оюу толгойнхонд асуудлаа тавихгүй яасан юм бэ?

            -Тавьсан. Би Оюу толгойн холбогдох улсуудтай ярилцсан. Ийм янзаар байвал нутаг орныхоо эрх ашгийн төлөө байна шүү гэдгээ ойлгуулсан. “Та бүхэн үйл ажиллагаа явуулж буй Ханбогд сумандаа орон сууцны барилга, сургууль, цэцэрлэг барь, тэнд томоохон хот бий болго” гэсэн шаардлага тавьсан. Төсөл хэрэгжээд дууссаны дараа Өмнөговь аймагт том хэмжээний хот үлдэх ёстой шүү дээ. Хүн ам нь ч өссөн байх ёстой. Ер нь нэг жилийн дотор Өмнөговь аймаг хөдөлгөөнт хүн амтайгаа нийлээд 63 мянган иргэнтэй болсон байна лээ. Түүнээс 53 мянга нь суурин иргэн гэж тооцоологдсон. Жилийн өмнө л 47 мянган иргэнтэй байсан манай аймгийн хүн ам гэрлийн хурдаар өсч байна. Цогтцэций, Ханбогд сумд есөн мянган иргэнтэй, Гурвалжин сум гэхэд л зургаан мянга орчим хүнтэй болчихож. Өөрөөр хэлбэл, Өмнөговь аймагт уул уурхай эрчимтэй өсөхийн хэрээр бүтээн байгуулалтын ажлууд хийгдэж, хүн ам ч олноороо төвлөрөх боллоо. Бизнесийн орчин сайжирч, өсөх зэргээр уул уурхайг дагасан сайн үзэгдлүүд зөндөө харагдаж байна. Тиймээс бидний хувьд аль болох хурдтай хөгжлийг алдахгүй юмсан, үүнтэй зэрэгцээд жаахан жаахан ажлууд амжуулах юмсан гэж хичээж явна. Өөрсдийнхөө 51 хувьтай Таван толгой дээр ч ихээхэн анхаарал хандуулаад байгаа.

            -Энэ жил танай аймгийн 80 жилийн ой тохионо. Тэгэхээр бүтээн байгуулалтыг бүр ихээр өрнүүлэхээр яарч байна уу?

            -Тэгэлгүй яах вэ. Манай аймгийн 80 жилийн ой тохиож байгаа учраас Хөгжим, бүжгийнхээ театрыг засварлах, урлаг спортын том цогцолборыг эхлүүлэх, цахилгаан станцын өргөтгөл барьж дуусгах, орон сууцны нэлээн олон барилга барих гээд чамгүй ажил хийнэ. Цаашдаа орон сууцны хөтөлбөрийг хэрэгжүүлж, иргэдээ орон сууцжуулах асуудлыг нэлээн анхааръя, мөн Даланзадгадынхаа төвд таван км хатуу хучилттай зам тавья, замынхаа дагуу явган хүний зам, гэрэлтүүлэг хийе гэхчилэн 80 жилийн ойг угтсан бүтээн байгуулалтын ажлууд ар араасаа цуварч байна. Энэ их ажлуудыг хийж гүйцэтгэхэд саад болж байгаа зүйлүүд ч цөөнгүй бий.

Оюу толгой их хэмжээний татвар төллөө гэж ярих хэрэггүй, төлөх л ёстой шүү дээ

            -Оюу толгойгоос авахуулаад саад болж буй газрууд цөөнгүй байгаа бололтой. Гэхдээ саяхан би Оюу толгойн бүс нутгийн хөгжил, олон нийтийн харилцаа хариуцсан Дэд ерөнхийлөгч Дэвид Патерсонтой ярилцлага хийсэн. Түүнийхээр бол Монгол Улсын Засгийн газар, орон нутагт нь татвар төлөх байдлаар их хэмжээний хөрөнгө төвлөрүүлнэ гэж байсан?

            -Ганц Оюу толгой биш, Монгол Улсын ашигт малтмалыг ашиглаж байгаа ямар ч компани татвар төлөх ёстой. Түүнийгээ би татвар төллөө, бид их хэмжээний мөнгө орууллаа гэж ярих хэрэггүй. Тэртэй тэргүй төлөх л ёстой юм чинь төлөөд явна. Харин түүнийхээ хажуугаар бүтээн байгуулалтад яаж гар бие оролцох вэ гэдгээ тодорхой болгох шаардлагатай. Зарим хүмүүс намайг их шүүмжилдэг. Бадраа гэж нөхөр Өмнөговь аймагт нутгийн хишиг тараасан, Өмнөговь аймгийг бие даасан Бүгд найрамдах улс болгох гэлээ, орон нутагт үйл ажиллагаа явуулж буй компаниудаас илүү юм хүртэх гэж оролдож байна гэхчилэнгээр муу хэлдэг. Мэдээж Оюу толгой, Таван толгой бол ганц өмнөговьчуудын өмч биш, Монголын ард түмний өв хөрөнгө гэдэг нь тодорхой. Гэхдээ байгалийн хатуу ширүүн уур амьсгалтай Өмнөговь гэдэг нутагт яг одоогийн байдлаар уул уурхайн үйл ажиллагаа явагдаж байгаа учраас улаан тоосонд нь даруулж, бэлчээрээ сүйтгүүлж, хүнд нөхцөлд амьдарч байгаагийн хувьд энэ аймгийн иргэд илүү ашиг хүртэх ёстой. Тодруулбал, эрүүл мэндээрээ хохирч байгаа болохоор Оюу толгой, Таван толгойгоос илүү ихийг хүртэх шаардлагатай хүмүүс бол өмнөговьчууд. Үүнд хаа байсан Дорнод, Хөвсгөлийн нөхөр санаа зовох хэрэггүй. Үүнийг би хаа ч, хэнд ч хэлнэ.

            -Тэр ч үнэн шүү. Тэгэхдээ та Оюу толгойн хөрөнгө оруулалтын асуудал дээр тодорхой хариулт хэлсэнгүй?

            -Оюу толгойн зүгээс өнөөдрийн байдлаар хийгдсэн олигтой зүйл алга. Ямартаа ч энэ баасан гарагт /өнгөрөгч долоо хоногийн баасан гараг/ санамж бичигт гарын үсэг зурахаар болсон. Санамж бичиг хүчин төгөлдөр болчихвол бүтээн байгуулалтын ажлууд өрнөж магадгүй. Бусдаар бол өнөөдрийг хүртэл хийгдсэн юм алга. Ядахдаа Оюу толгойгоос Гашуун сухайт хүртэл 100 км зам ч тавигдсангүй. Овоо засч янзлаад байсан зам дээр нь том тэрэгнүүд цуваад хачин царайтай болгочихсон байна лээ.

Сүүлийн үед хүний амь нас цөөнгүй эрсдэх болсон

            -Нээрэн, танай аймгийн нүүрсний зам арай хэтэрхий болчихсон гэж сонсогдсон шүү?

            -Би саяхан явж үзсэн, нүүрсний зам үнэхээр хэтэрхий болчихож. Компаниуд замаа тавихгүй нүүрсээ зөөсөөр байгаад бүр явж болохгүй болгочихсон байна лээ. Эвдэрхий зам дээр явсан машины эд анги, эрэг шураг нь хаягдаж, гээгдэхээс гадна тоос шороо нь ч дийлдэхээ байсан. Үүнээс болоод аваар осол маш ихээр гарч байна. Сүүлдээ эвдэрсэн замаасаа зугтаж, тойроод эрүүл байсан хөрсийг сүйтгэж эхэлсэн. Тиймээс аймгийн Мэргэжлийн хяналтын удирдлагатай уулзаад “Та бүхэн энэ асуудлыг ярьж, хэлээч. Санаа тавиач. Болохгүй бол ажлыг нь зогсоогоод ч болтугай замыг нь засуул” гэсэн шаардлага тавьсан. Уг нь нүүрс гарч байвал Монгол Улсын эдийн засагт тав арван төгрөг нь хэрэгтэй юм гэж боддог байсан бол одоо арай хэтэрлээ. Аливаа юманд хэмжээ гэж бий. Таван төгрөгний төлөө тэр сайхан баялагтай говь нутгаа сүйтгүүлээд яах юм бэ. Уул уурхайн салбарынхан ухамсартайгаар ажлаа  хийдэг болмоор байна.

            -Том тэрэгний жолооч амиа алдах нь их байна гэж яригдаад байсан. Үнэн байх нь ээ?

            -Сүүлийн үед хүний амь нас цөөнгүй эрсдэх болсон. Урдах зам нь харагдахгүй улаан тоос бужигнаж байхад аваар осол гаралгүй яах вэ.

            -Өнгөрсөн жил Засгийн газраас Бүрэн эрхт төлөөлөгч гэж танай аймагт томилогдсон шүү дээ. Боомтуудыг хөгжүүлэх зорилгоор очсон н.Батбаатар дарга дорвитой ажил хийхгүй байна уу. Зам харгуйгаас авахуулаад засч, янзлах зүйл их л баймаар юм?

            -Монгол Улсын Засгийн газраас жилийн өмнө тогтоол гаргаж, Бүрэн эрхт төлөөлөгч томилогдсон. Хуучин Мэргэжлийн хяналтын дарга байсан н.Батбаатар гэгч томилогдсон шүү дээ. Гашуун сухайт, Шивээ хүрэн гэсэн хоёр боомтод нэгдсэн нэг том төлөвлөгөө гаргаж байгаад хөгжүүлнэ гэж бүтэн жил л ярилаа. Тусламжаар бариулж байсан барилгыг хүртэл зогсоосон. Бидний ажилд саад болоод байгаа юмуу, би ойлгодоггүй юм. Мэдээж ингэж хүлээлгэж байгаад нэгдсэн нэг төлөвлөгөөгөөр хөгжүүлээд өгвөл сайн л байна. Харамсалтай нь гүйх нохойд гүйхгүй нохой саад болсоор байгааг нуугаад яах вэ. Ер нь миний хувьд жаахан шүүмжлэлтэй, бухимдалтай явна. Уулзаж, учраад хийх ажлаа яримаар л байна шүү дээ.

            -Уулзалддаггүй юмуу. Та ер нь өөрийн зүгээс хүчин чармайлт гаргаж байв уу?

            -Аймгийн Тамгын газарт ажлын байр гэж өрөө хүртэл гаргаж өгсөн. Тэр өрөөнд хааяа ажлын албаных нь хүн харагддагаас биш, надтай лав таарч байсангүй. Уулзмаар, учирмаар, ярьж хөөрмөөр, эхлүүлмээр ажил байна шүү дээ. Хэдий болтол бид дуугүй явах вэ. Гадныхны өмнө ингэж хэлүүлээд суугаад байж боломгүй байна.

Нэгэнт боомт байгуулсан юм чинь ард иргэдийнхээ ажиллаж, амьдрах бололцоог хангах ёстой биз дээ

            -Боомтуудаа яаралтай хөгжүүлэхгүй бол хүн ажиллаж, амьдрах нь битгий хэл, хилээр зорчиход ч хэцүү юм билээ?

            -Хилээс гараад явахаар тав тухтай, сайхан газар угтдаг бол наашаа орж ирэхээр улаан тоос шороо босч, бужигнасан янзтай Монгол Улс угтдагийг нуух шаардлага алга. Ялангуяа манай Шивээ хүрэнгийн хил дээр хүмүүс аяга цай уучих гэргүй, бие засах жорлон ч үгүй шүү дээ. Гашуун сухайт дахь хилийн ажилчид ч гэсэн хэдэн монгол гэр, вагончикт 18 жил амьдарлаа. Энэ болгоныг өөрчлөх юмсан гээд хоёрдугаар заагт буюу 6.3 км газарт найман айлын хоёр орон сууц, оффисын барилга, уурын зуух барья, яваандаа хотхон босгочихъё гэж байтал зарим улсууд намайг нэлээн шүүмжилсэн. Байгаль орчны яамнаас хүртэл дархан цаазтай газарт барилга бариулаад, дураараа загналаа гэсэн. Ажил хийх гэхээр дээрээс энэ мэтчилэн дарамталдаг. Тэгвэл дархан цаазтай газарт яах гэж боомт байгуулсан юм бэ гэж би асуумаар санагддаг. Нэгэнт боомт байгуулсан юм чинь ард иргэдийнхээ ажиллаж, амьдрах бололцоог хангах ёстой биз дээ. Боомтоор орж, гарч байгаа хүмүүс хонож, өнждөг буудалтай, халуун сайхан хоол идчихдэг гуанзтай байх ёстой. Тэнд ажиллаж байгаа албан хаагчид ч гэсэн хятадынхаас дутахгүй халуун, хүйтэн болон ундны цэвэр устай орон сууцанд амьдраад төрийнхөө ажлыг төлөв төвшин хийх хэрэгтэй байна. Гэхдээ би ард иргэдийнхээ тав  тухтай амьдралын төлөө энэ бүгдийг хэзээ мөдгүй хийж дуусгана гэж бодож байгаа.

            -Яаж хийх юм?

            -Уг нь Хятадын талаас 6.3 км газарт хэдэн барилга, хар зам бариад, гэрэл цахилгаантай холбоод өгье гэсэн. Ингээд хамтраад сайхан ажиллая гэхээр нь зөвшөөрчихсөн байтал манай хууль, тогтоомжид харшлаад болдоггүй ээ. Хэдэн жилийн хугацаатайгаар, хичнээн хүн ажиллах юм, хэн хэн Хятадаас орж ирэх вэ, ямар бараа материалыг хэдий хэмжээгээр оруулж ирэх тухай жагсаалтаа гаргаж өг гээд л. Түүнийг нь бүрдүүлж өгөх гэсээр байтал өнгөрсөн жилийн дулааны улирал дуусчихсан. Харин энэ жил ашгүй бүтэх болов уу гээд горьдож явна. Зарим асуудал нь ч овоо бүтэж байх шиг сонсогдоно лээ.

            -Ер нь орон нутагт ажил явуулахад хэцүү байдаг юм байна гэсэн ойлголтыг авлаа. Нэг нь нөгөөгөө тушаад л?

            -Тийм. Өнөөдрийн хууль тогтоомжоос үзэхэд орон нутагт ажил явуулахад тун ярвигтай. Орон нутагт эрх мэдэл байдаггүй шүү дээ. Хуулийг өөрчлөхгүй л бол зөрчиж болохгүй. Тиймээс эхлээд энэ асуудлаа шийдвэрлэх хэрэгтэй.

            -Уг нь Ерөнхий сайд өнгөрсөн намар аймгуудаар явахдаа орон нутагт эрх мэдлийг нь өгье гэж ярьсан. Орон нутгийн удирдлагуудын зовлонг анзаарсан болохоор тийм зүйл ярьсан байх?

            -Өмнөговь аймаг өнгөрсөн жил 31.5 тэрбум төгрөгийг улсын орлогод төвлөрүүлсэн. Энэ жил 61 тэрбум төгрөг төвлөрүүлнэ. Ингээд хил гааль, уул уурхайгаасаа баахан мөнгө олж, дээш нь өгчихөөд өөрсдөө шороон дотор амьдраад байхаар ямар хэрэг байх вэ дээ. Үнэхээр тэр эрхийг нь өгөх гээд байгаа юм бол жилд олсон мөнгийг нь орон нутагт өгөөд, аймгийнхөө хөгжилд зориул гэх хэрэгтэй. Өмнөговь аймаг хөгжиж байгааг би Монгол улс хөгжиж байна гэж хардаг. Энэ мэтээр аймаг болгонд тодорхой хугацаагаар эрхийг нь өгөөд, харин хяналтаа сайжруулах хэрэгтэй. Хэдэн төгрөгийг нь аваад есөн шидийн юм болгоод хаяулчихгүйн тулд хатуу хяналтын дор ажиллуулах нь зүйтэй. Бидний хувьд ядахнаа хил орчмоо тохижуулаад аваад явчихмаар байна. Өнөөдөр Гашуун сухайтын хилийн боомтын наана байдаг Цагаан хад гэдэг газарт нүүрс буулгаж, ачсаар байгаад утаа униар, тоос шороо гэж дийлдэхгүй аймаар болсон. Яагаад тэнд заавал нүүрсээ буулгаж, ачих ёстой юм. Уг нь боомт дээрээ рентген аппарат тавьчихаад Таван толгойгоос нүүрс ачсан машиныг нэвт хараад гаргачихмаар байдаг. Наана нь буулгаж, ачаад байгаль орчин бохирдуулах хэрэг огт байхгүй шүү дээ.

            -Хөөх, тэр олон тонн нүүрсийг арайхийж аччихаад хилээр нэвтрүүлэхийн тулд ахиад буулгаж, ачдаг юмуу. Дарга нар бодит байдлыг очиж үздэг биз дээ. Зовлонг нь ойлгохгүй байна уу?

            -Дарга нар очиж үздэг л юм. Одоо ийм ажил хийнэ гээд сайхан сайхан зүйл ярьчихаад явдаг. Хийгдэж байгаа ажил алга.

Хятадын талаас ундны усаа гуйж амьдарч байна гээд бод доо

            -Ард түмнийхээ талд байгаа хүн хэзээд бурууддаггүй. Та зарим аймгуудын Засаг дарга нар шиг цөөнхийн эрх ашгийн талд биш, олонхоо дэмжиж яваа нь сайн хэрэг?

            -Би орон нутгийн иргэдтэйгээ сайн ойлголцдог. Хамгийн сүүлд иргэдтэй уулзахаас хүртэл санаа зовж байлаа. Та бүхэн итгэхгүй байж болно. Шивээ хүрэнгийн боомт нээгдсэнээс хойш зорчигчдод зориулсан ганц ширхэг гэр ч баригдаагүй. Монголчууд жилийн дөрвөн улиралд машин дотроо амьдарч, жалгаар жорлонгоо хийж байна. хятадын талаас ундны усаа гуйж амьдарч байна гээд бод л доо. Биднийг очиход иргэд маш их бухимдалтай байдаг. Манай орон нутгийн “Алтанговь” гэдэг телевизээр бухимдсан иргэд ярьсан байна лээ. “Дарга нар юм хийхгүй байна. Бид урагшаа гарах гэхээр хонож, өнжих газар алга, уух ус ч үгүй газар ажиллаж байна” гэж ярьсан байсан. Харин Засгийн газрын зүгээс “Орон нутагт хийх бололцоо байсан. Гэвч танай удирдлага юм хийгээгүй” гэж ярих жишээтэй. Нэгдсэн нэг төлөвлөгөөгөөр ажлыг эхлүүлнэ гээд байхад ямар юмных нь боломж, бололцоо бидэнд байх вэ дээ. Ийм ойлголцохгүй зүйл бидний дунд гарч ирэхээс гадна нөгөө ажил нь ч дэндүү удаашралтай байна. Бусдыг муу хэлээд байгаа юм биш, ерөөсөө байж байгаа нь л тэр шүү дээ. Засгийн газраас томилогдсон Бүрэн эрхт төлөөлөгч Батбаатар хоёр боомтыг хөгжүүлэх үндсэн ажлаа хийхийн оронд газартай холбоотой асуудлаар сумын ИТХ-д суусан шиг явна. Би үүнийг ерөөсөө ойлгоогүй. Сумын ИТХ хуралдаж байхад Засгийн газраас томилогдсон Бүрэн эрхт төлөөлөгч юу бодож тэнд сууна вэ. Газрын асуудал хэлэлцсэн хуралд суугаад газар чөлөөлүүлнэ энэ тэр гэсэн юм яриад явж байна гэсэн.

            -Бүрэн эрхт төлөөлөгч үндсэн ажлаа хийхгүй улс төрийн ажил хийгээд яваа юм биш үү?

            -Тийм юм байлгүй. Бодит байдлыг нуугаад байх шаардлага алга. Ингээд ажил удаашралтай байгааг шүүмжлээд ярих гэхээр улс төржсөн асуудалд ордог. Үнэхээр ажил хийхгүй байгаа буруугаа хүлээхийн оронд Бадраа АН-ын нөхөр учраас биднийг оролдоод байна гэж ойлгодог. Нэг л сайхан машин унасан улс Өмнөговиор давхилдаад байдгийг аймгийнхан ч анзаарсан байх. Өмнөговийг хөгжүүлэх зорилгоор томилогдсон юмуу, эсвэл өөр ашиг сонирхол байна уу, мэдэхгүй.

            -Тэр боомтуудыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг гаргахад тийм их хугацаа шаарддаг юмуу. Ажил удаашрахын шалтгаан юу байна вэ?

            -Мэдэхгүй. Уг нь Өмнөговь аймгийн хоёр боомтын хоёрдугаар заагийн төлөвлөгөөг бид 25 сая төгрөгөөр хийлгэх гэж байсан. Гэтэл бидний хийлгэх гэж байсан төлөвлөгөөнөөс том юм байлгүй, боомтуудыг хоёрдугаар заагтай нь нийлүүлсэн хэмжээний ерөнхий төлөвлөгөөг 280 орчим сая төгрөгөөр хийлгэх гэж байна гэсэн бичиг сар гаруйн өмнө явж байна лээ.

            -Хөөх, 280 сая төгрөгөөр хийлгэнэ гэнээ. Та нар 25 сая төгрөгөөр л ерөнхий төлөвлөгөө гаргах гэж байсан гэсэн биз дээ?

-Гэхдээ биднийхээс том төлөвлөгөө л дөө. Биднийх болохоор хоёрдугаар заагийн төлөвлөгөө, тэдний хийх гэж байгаа нь хоёрдугаар заагийг гаальтай нийлүүлсэн том төлөвлөгөө юм. Тэглээ гээд 280 сая төгрөгт хүрээд байдаг нь сонин. Өмнөговь аймгийг хөгжүүлэх зорилгоор томилогдсон юмуу, эсвэл өөр ашиг сонирхол байна уу гэдгийг ялгаж ойлгохгүй л байна.

-Юутай ч хоёр жилийн өмнө Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг Оюу толгой, Таван толгой, Гашуун сухайт чиглэлээр явж, ажилласан. Дарга нарт эдгээр тулгамдсан асуудлаа та хэлж байсан байх?

-Зарим тодорхой асуудлыг хэлж байсан. Харин одоо бол өөртэй чинь ярьж байгаагаар ярих цаг болсон гэж бодож байна. Үнэхээр хүлээлээ, харлаа. Улс төр гэж юу байдаг юм, улс төрөөс болж хэн нэгнийг хэрхэн буруутгадгийг ч ойлголоо. Үүнээс хойш хаа хаанаа худлаа ярьж, дүр эсгэж явдгаа больё. Өмнөговь аймгийг хөгжүүлье гэсэн сэтгэлтэй л бол хэнтэй ч би хамтран ажиллахад бэлэн байна. Батбаатар байна уу, өөр хэн байх нь надад хамаагүй. Юм  хийхгүй байвал ямар ч сайд, дарга байсан “Энэ хүн ажил хийж байна” гэж худлаа ярьж чадахгүй.

-Даргад таалагдаж амьдардаг хүмүүс олон болсон. Харин тэгж чадахгүй гэдгээ хэлээд байнаа даа?

-Тийм.

-Ингэхэд Өмнөговь аймгийн удирдлага бусад аймгуудаас анх удаа “Нутгийн хишиг” гээчийг иргэддээ тараасан. Иргэд сэтгэл хангалуун байна уу. Ер нь мөнгө тараах нь зөв гэж та бодож байна уу?

-Бид “Нутгийн хишиг” гэж 50, 50-иар нь зуун мянган төгрөг тараасан. Ер нь бол 500 мянган төгрөг тараана гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Гэхдээ мөнгө тараах асуудал дээр бодох зүйл их бий. Хүний хөгжил сангаас гэхэд л 21 мянган төгрөг тарааж байгаа. Мөнгө тарааж байгаатай холбогдуулаад инфляци өсөх зэргээр сөрөг үзэгдэл үзэгддэг боллоо. Тиймээс сүүлийн үед улс төрийн намууд мөнгө төгрөг амлахаа больцгооё гэж ярих болсонтой би санал нэг байна. Тухайлбал, намайг амласандаа хүрсэнгүй гэж хэлэхээс айх юм алга. Өнөөдөр аймгийн ИТХ хуралдаад тодорхой хэмжээгээр Засаг даргын нөөц сангаа баталж түүнээсээ “Нутгийн хишиг”-ээ тараахад бэлэн болсон. Бүх хууль эрхийн актууд нь бий болчихсон шүү дээ. Гагцхүү ингээд тараагаад байх нь дэмий зүйл болчихлоо. Манай орон нутгийн иргэд ч гэсэн мөнгө  авахаа болъё, наад мөнгөөрөө нутаг усаа хөгжүүл гэж хэлдэг болсон. Зарим нь ч яах вэ, мөнгөө авъя л гэдэг юм. Хүн бүрт 500 мянган төгрөг тараана гэдэг их мөнгө шүү. Эхний ээлжинд наад зах нь 50 мянгыг тараалаа гэж бодоход 2,5 тэрбум төгрөг болж байна. Энэ их мөнгийг уг нь зүгээр тараахын оронд бүтээн байгуулалт, үйлдвэржилтэд зориулсан бол ард түмний амьдралд илүү хэрэгтэй учраас саяхан би аймгийнхаа бүх сумаар явж иргэдтэй уулзахдаа энэ тухай сайтар ярилцсан.

 

Оюу толгой төслийн ажил дуусчихвал Ханбогд сум гэрэлгүй, тас харанхуй үлдэнэ.


-Ер нь танай нутгийн хүмүүсийн амьдрал ямаршуу байна. Амьдрал нь сайжирч байна уу?

-Бусад аймгийн иргэдийг бодвол манай иргэд уул уурхайн компаниудад түлхүү ажилд орж байгаа. Гэхдээ ажилгүйдэл байхгүй, сайхан болчихсон юм биш. Ажилгүйдэл хэвээрээ л байна. Яагаад зарим нь уул уурхайн компаниудад ажилд ороод, зарим нь чадахгүй байна вэ гэхээр мэргэжлийн боловсон хүчин дутагдаж байгааг хэлэх хэрэгтэй. Тиймээс бид мэргэжилтэй ажилтан бэлтгэх тал дээр анхаарч байна. Оюу толгой компанийн хувьд МСҮТ байгуулаад иргэдийг уул уурхайн мэргэжилд сургаж байгааг дурдахгүй өнгөрч болохгүй.

-Тэгвэл Ханбогд сумын хөгжил хэр хурдтай урагшилж байна. Өмнөговь дотроо Ханбогд сум алт сандайлчихаад байгаа шүү дээ?

            -Ханбогд сум хөгжих байх гэдэгтэй санал нэг байна. Гагцхүү өнөөдрийн хувьд Оюу толгойн кэмпээс 42 км-ийн зайд оршдог хэрнээ гэрэл цахилгаантай ч болж амжаагүй байна шүү дээ. Дизель станцаар ажил, амьдралаа үргэлжлүүлж байна. Оюу толгой дизель станц, түлшийг нь өгч тусалдаг байх л даа. Гэхдээ энэ чинь өнөө маргаашаа аргацааж буй асуудал. Хэрэв Оюу толгойн төслийн ажил дуусчихвал Ханбогд сум гэрэл цахилгаангүй тас харанхуй хэвээр үлдэнэ. Тэгэхдээ Оюу толгой удахгүй урдаас гэрэл цахилгаанаа татаж, оруулж ирэх юм гэсэн. Тэр үедээ манай Ханбогд сумыг бас гэрэлтэй болгочихвол болж л байна.

Би Өмнөговь аймагт төрж өссөнийхөө хувьд нэг л зүйлийг хэлье. Өмнөговийн хамаг ашигт малтмалыг олборлож буй компаниуд их гоё шүү дээ. Яваад ороход кэмп нь тохьтой тухтай. Халуун, хүйтэн устай, сайхан хоол ундтай. Гэтэл хажууханд нь байгаа сумын амьдрал тэс өөр. Гэрэлгүй, халуун, хүйтэн усгүй. Ингээд бодохоор өдөр шөнө шиг ялгаатай.

-Тийм байна. Ганц Оюу толгой гэлтгүй,  Таван толгой гээд дараагийн уурхай үүд хаалгаа нээж байна?

-Тийм ээ. Таван толгойн асуудалтай холбоотойгоор Монгол Улс иргэн бүртээ хувьцаа тараах гэж байна. Нэг хүн 536 ширхэг хувьцаа эзэмшинэ. Түүнийхээ ноогдол ашгийг авбал монголчуудын амьдрал илт дээшлэх байх. Цаашдаа гадны орнууд яаж сайхан амьдарч байгаагаас суралцах хэрэгтэй. Ер нь бид хамтраад улс орноо хөгжүүлэхийн оронд жалга, довны үзэл ярисаар олон жилийг үр ашиггүй өнгөрүүллээ. Аливаа зүйл дээр улс төргүйгээр хамтдаа хийж бүтээе, ажиллая гэж уриалмаар байна. Манай монголчууд хэцүү улс шүү дээ нэг нь сайхан амьдарч байвал, түүн шиг сайхан амьдаръя гэж бодохын оронд тэр хаанаас юу олоод цохичихов, яаж баяжив хэмээн газар доогуур ортол муулдаг. Сонгуулиар ялагдсан бол ялсан нэгэндээ амжилт хүсээд хамтран ажиллах биш, өрөөсөн нүдээрээ ч харахаа байгаад, ил далд элдвээр хэлж явах нь энгийн үзэгдэл юм. Монголчууд маань яасан айхтар улс төрждөг , туйлширдаг болоо вэ гэж өөрийн эрхгүй бодогддог. Ялангуяа манай орон нутагт их хэцүү.

 

Луйварчин, хулгайч гэдгээрээ нэр алдартай болчихлоо.

-Та улс төрийн зовлонг  өөрийн биеэр их амсчээ дээ?

-Амссан. Нэг удаа миний бие муудаад урагшаа очиж үзүүлэхээр 18.00 цагт буюу хил хааж байхад гаалиар гарсан юм. Гэтэл 18.30 цагт шууд.мн дээр Өмнөговь аймгийн Засаг дарга Ганц худагт хоригдлоо гэсэн мэдээ цацагдсан. Улс төр гэдэг хүнийг ерөөсөө хайрлахгүй байгаа нь үүгээр харагдаж байна. Өвчтэй зовлонтой байхад өрөвдөлгүй доромжилдог. Би аймгийн Засаг дарга болсноос хойш бичигдээгүй сонин хэвлэл гэж алга. Янз бүрээр есөн шидээр бичдэг. Тэглээ гээд   хөдөөний нэг байдаг л нэг Засаг даргыг Монгол даяар сурталчилж, од болгож байгаагаа мэддэггүй шиг байна лээ. Харамсалтай нь луйварчин, хулгайч нэрээрээ нэр алдартай болчихлоо.

-Танай аймгийг алт сандайлсан болохоор авчих вий гэж хүн бүр битүүхэндээ харддаг байх л даа?

-Би хоёрын хооронд ёс бус зүйл хэзээ ч хийхгүй.  Миний аав Өмнөговь аймгийн хариуцлагатай нарийн бичгийн даргын ажлыг  22 жил хашсан. Аавынхаа сайн нэрийг хугалчихгүй юмсан гэж дотроо хичээж явдаг. Гэхдээ цав цагаан мөртэй над шиг хүн байхгүй гэж би хэлж чадахгүй. Хүн л юм хойно амьдралдаа буруу зөрүү гишгэх, алдаа гаргасан тохиолдол надад цөөнгүй байгааг үгүйсгэхгүй. Бусдаар бол идэж уух, завших асуудал надад байхгүй ээ.

-Юутай ч танай аймагт цаашдаа уул уурхайн үйлдвэрлэл он удаан жил явагдана. Уул уурхайн сайн жишээнүүдээс удирдлагын хувьд судлах хэрэгтэй байх. Гадны улс орнуудаас судалж байна уу?

-Орон нутгийн хувьд тэр бүр гадагшаа явж, судалж, суралцах бололцоо байдаггүй. Тэгэхдээ наад захын БНХАУ-аас жишээ авч болно. Манай урд хөрш нүүрсгүйдээ манайхаас нүүрс зөөгөөд байгаа юм биш, нүүрсний арвин нөөцтэй улс шүү дээ. Тухайлбал, Өвөрмонголын Ордос аймаг зөвхөн уул уурхайн салбараараа дамжуулаад маш хурдтай хөгжсөн. Хөгжлийн хурдаа нэлээн авсан тэд эргээд уул уурхайн үйлдвэрлэлээ зогоочихсон. Манайхан л гаргаад бай гэдэг болохоос урд хөршийнхөн бүгдийг нь ухахгүй, дуусгахгүй гээд нөөцөлчихсөн. Аягүй бол бид энэ чигээрээ нүүрсээ зөөгөөд байвал хэдэн жилийн дараа эргүүлээд асар өндөр үнээр худалдаж авах хэрэг гарахыг үгүйсгэхгүй. Том гүрний бодлого биднийхээс шал өөр яваад байгаад л хамаг учир байна.

 

Энэ жил гажигтай хүүхэд гурав төрсөн

-Боддог л бодол байна. Харин уул уурхайн нөхөн сэргээлт дээр анхаарлаа хатуухан хандуулж чадаж байна уу?

-Уул уурхайн салбар эрчимтэй хөгжиж байгаагийн нөгөө талд сөрөг үр дагавар заавал дагана. Байгаль орчин маш их хэмжээгээр сүйтгэгдэж, хөрс шороо орвонгоороо эргэж байна. Бэлчээрийн газар олдохгүй боллоо гэж малчид маань ч ихэд гомдоллодог боллоо. Цаашдаа төмөр зам тавигдаад тор татчихвал ах дүү, хамаатан саднаасаа тусгаарлагдчихна гэх мэтээр иргэд олон янзын зовлон тоочиж байна. Тэгэхээр Мэргэжлийн хяналтын байгууллагууд ямар нэгэн компанийн амаар биш, үнэнч шударгаар ажлаа хийх хэрэгтэй гэдгийг би байнга хэлдэг. Сумын Засаг дарга байгаль орчны гэрээ гэж хийдэг шүү дээ. Гэрээнийхээ хэрэгжилтэд эргүүлээд маш сайн анхаарал тавих ёстой. Мэргэжлийн байгууллага, тухайн орон нутгийн аль аль нь анхаарлаа хатуу тавьж байж эх орноо эрүүл энх авч үлдэнэа.

-Өмнөговь аймаг хоёр дахь Хонгороор тодорлоо гэсэн шум сүүлийн үед сонсогдох боллоо. Гажигтай хүүхэд, мал төрж байна гэдэг үнэн үү?

-Өмнөговь аймагт гар аргаар алт олборлолт сүүлийн хэдэн жилд их хэмжээгээр хийж байлаа. Манай нутаг их баян юм, хаанаас ч ухсан алт гараад л ирдэг. Тэндээс нэг алт гарлаа гэхэд пирхийгээд бүгд очиж ухдаг. Олсон алтаа угаах гэж мөнгөн усыг их хэмжээгээр хэрэллэдэг байсан. Биднийг энэ асуудлаар их зовоосон доо. Хэдийгээр гар аргаар алт олборлогчид одоо бараг үгүй болсон ч түүнээс үлдсэн хор уршиг илэрч байж болно. Өнгөрсөн жил манай аймагт гажигтай төрөлт дөрөв илэрсэн. Энэ жил гурван хүүхэд бүртгэгдсэн. Тагнай нь цоорхой, уруул нь сэтэрхий, нуруун дээрээ эвэрхийтэй гэх мэт гажигтай хүүхдүүд төрсөн. Харин гажигтай мал төрсөн тухайд албан ёсны мэдээлэл алга. Иргэдийн дунд мэр сэр яриа байсан ч батлагдаагүй гэж болно.

Ярилцсан: С.Бэлэгмаа. Өглөөний сонин.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top