Ийм хачин холбоо үг уншаад та гайхаж байгаа. Энэ ер нь эрүүл хүн үү, өвчтэй амьтан уу гэж бодох биз. Учрыг хойно өгүүлэх болно. Эхлээд оршил яримаар байна. Би олон жил хүүхэд багачуудад төрөлх хэлээ, уран зохиол хэмээх үгийн ертөнцийг заасан хүн, гучаад жилийн өмнөхийг өнөө үетэй харьцуулан үзлээ. Их юм өөрчлөгджээ. Тэр нь ч жам ёс юм. Хэр зэрэг сайжирч вэ, хэл уран зохиолын хөтөлбөр, сурах бичиг маань гэж бодоод нэлээд нягтлан үзэв. Бишгүй сайжирсан байна. Гэтэл үл ойлгогдох онолыг үг үсгээр сүрхий бөмбөгдсөнөөс хөөрхий хүүхэд бүү хэл, заагч багш нь ч ухаарахад хүнд, шинжлэх ухаан, онолыг тун ч түлхүү оруулсан нь хачирхалтай. Одооны сурах бичгүүд хэцүү, ойлгомжгүй болсон шүү дээ гэж багш нар халагладаг нь зөв юмаа. Тэр эрдэмтэд нь эрдмийнхээ мөрийг хөөгөөд судалгаа нээлтээ хийгээд л явна биз. Дунд сургуулийн хүүхдүүдэд түүнийгээ албадан шахах хэрэггүй. Практик хэлний зүй л чухал биз дээ. Бүгдээрээ хэл судлаачид болох гэж байгаа биш. Өсөх үед маань хэрэглээний шинжлэх ухаан л чухал. Зөв сайхан ярьж, найруулах, үгийн утгыг зөв ухаарч эзэмшин хэрэглэх, бичиж сурах дадлага хэрэгтэй! Яриа бичгийн дадлага гэдэг чухал. Яруу тод өгүүлэх, уран унших, төгс зөв найруулах гурав амин гол нь юм. Үүний тулд онол хэрэгтэй гэх байх л даа. Онолыг чиглүүлэх зорилгоор хэрэглэхээс бус, хүүхдийн толгойд чихэх хэрэггүй юмсан. Дээд сургууль төгсөгчдийн хэлний боловсрол тааруу байдаг нь дадлага дутагдсаны гай. Монголын бичгийн суутнуудын зохиол бүтээл, ардын баялаг сайхан ярианы өвөөс суралцахгүй юм бол яаж сайн зохиолч, сэтгүүлчид төрөх билээ. Сурах бичгүүдийн төлөөр нарийвчлан ярьж болмоор ч энд тэр бүхнийг багтаах боломжгүй тул гол санаагаа хэллээ. Уншигч та телевизийн нэвтрүүлэг, сонины бичлэгээс хачин хачин найруулгатай мэдээлэл бишгүйдээ уншиж сонсдог биз ээ. Ганц нэгийг нь энд өгүүлье. Нэг рекламархуу юманд “Хөөе ямар царайлаг гутал вэ” гэж ярьж байх юм. Үүнийг сонсоод инээд хүрсэн. Ийн өгүүлэгч бол царайлаг бэлгэвч, царайлаг нохой гэж хэлэх нь л дээ. Гуталд бол гоё ганган, чамин гэдэг үг тохирно. Үүнийг л олоод хэлчихэж чадахгүй байдаг нь өрөвдөлтэй, эсвэл марзаганаж байгаа юмуу, тэгвэл эх хэлээрээ тоглож буй хэрэг шүү. Мөн зурагтаар ярилцлага авч буй сурвалжлагч,
-Энэ тоглолтонд мангар том том дуучид оролцох гэж байгаа юмуу гэж асууж байлаа.
Эмэгтэй баавгай, нохой нар гэж ярьж байхыг сонссон. Манай бөхчингүүд тасарчихжээ гэнэ. Дэндэж байгаа биз. Эм баавгай буюу эвш, ноход буюу нохос зэрэг тохирох үгс зөндөө байдаг боловч түүнийг олоод хэрэглэчихэж чадахгүй байгаа нь нэг талаар мэдлэггүйнх, нөгөөтэйгүүр залхуугийнх, юм уншдаггүйнх болой. Бас зарим нь нэг муу моодорхож байгаа санаатай. Ийнхүү эх хэлэнд маань аюул нүүрлэлээ. Манжууд эх хэл нь сөнөснөөр тусгаар тогтнолоо алдсан. Ийм гашуун түүх бидэн нүүрлэх вий. Үндэсний хэл соёлоо мэдэхгүй, тоохгүй байж харийг шүтэж биширч, гадаад хэл халтар хултар сурснаар хол явахгүй. Үндэсний дархлааны тулгын чулуу нь түүх, ёс заншил, хэл бичиг гурав билээ. Өдгөө цагт энэ эрхэм гурван зүйлийг орхигдуулахад ЕБС-ийн хөтөлбөр хандив өргөсөөр байгааг шууд хэлмээр байна. Сурах бичгийг маш олон хүн зохиодог болжээ. Аль дуртайг нь сургуулиуд сонгодог бололтой. Үүний цаана мөнгөний бодлого, нөгөө л уршигт авлига явж байгаа. Лу. багшийн цагаан ном шиг өгөөжтэй, жинтэй, эмх цэгцтэй сурах бичиг хэд байдаг юм бол доо гэж хааяа бодогдох юм. Эх хэлнийхээ төлөө их ч юм хиймээр, олныг бодмоор, цэгцэлмээр байна шүү, ноёд оо! Мангар том дуучид, царайлаг гутал гэж яригчид олшроод байвал цаазын тавцанд эх хэл маань очиж буй нь тэр!
Яруу найрагч, багш Э.Хархүүгийн зөвшөөрлөөр Zindaa.mn site niitlev.
Сэтгэгдэл ( 0 )