Ерөнхийлөгчийн дэргэдэх Эдийн Засгийн бодлогын дэд зөвлөл татварын шинэчлэлийн асуудлаар хуралдлаа

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 09

Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Эдийн засгийн бодлогын зөвлөлийн Төлбөрийн тэнцэл, валютын бодлогын дэд зөвлөлийн хуралдаан МУИС-ийн дугуй танхимд өнөөдөр боллоо.

Хуралдааныг нээж Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Дашдорж хэлэхдээ “Жил бүр дэд зөвлөлүүдээрээ макро эдийн засгийн байдал, тулгамдсан асуудлуудыг хэлэлцдэг. Ерөнхийлөгч саяхан ажлын хэсэг гарган макро эдийн засгийн сөрөг үзүүлэлтүүдийг харгалзан татварын багц хуульд өөрчлөлт оруулах санал боловсруулж, Засгийн газарт оруулаад байгаа. Иргэд, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд татварын хөнгөлөлт үзүүлэх, уул уурхайн олборлох үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн орлогын албан татварыг нэмэх, нэг тэрбумаас доош орлоготой аж ахуйн нэгжүүдэд орлогын албан татварыг хялбаршуулсан хэлбэрээр ногдуулах зэрэг саналуудыг тусгасан. Тэгэхээр та бүхэн өнөөдөр яагаад төлбөрийн тэнцэл, гадаадын хөрөнгө оруулалт, давхар татварын гэрээ, орлогын албан татвартай холбоотой асуудал хэлэлцэж байгаагийн учрыг гадарлаж байгаа байх” хэмээн дурдлаа.

 Хуралдаанаар Монголбанкны валют, эдийн засгийн газрын ахлах эдийн засагч Ц.Мөнхбаяр “Монгол Улсын төлбөрийн тэнцлийн 2011 оны болон 2012 оны эхний гурван сарын гүйцэтгэл, 2012-2016 оны чиг хандлага”, Удирдлагын академийн Зөвлөх үйлчилгээ, удирдлагын хөгжлийн төвийн захирал М.Мөнхболд “Монгол Улсын төлбөрийн тэнцлийн байдалд өгөх санал, дүгнэлт”, Гадаадын хөрөнгө оруулалтын газрын Хөрөнгө оруулалт, төсөл, бизнес хөгжлийн хэлтсийн дарга Д.Начин “Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль ба гадаад хөрөнгө оруулалтын статистик тоо мэдээлэл”, Татварын ерөнхий газрын Татварын удирдлага, хамтын ажиллагааны газрын Хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Бадрал “Давхар татварын гэрээний зарим зүйл заалтын тухай”, МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн санхүүгийн тэнхимийн багш Ч.Энхбаяр “Орлогын албан татварын шинэчлэл” гэсэн илтгэлүүд тавив.

Илтгэгчид өнгөрсөн оны макро эдийн засгийн үзүүлэлтүүд ямар байв, энэ оны чиг хандлага ямархуу байгаа, дараагийн Засгийн газрын ажиллах 4 жилд макро эдийн засаг ямархуу төлөвтэй байх талаар тодорхой тоо баримт, судалгаанд тулгуурлан ярьж, улс орны тулгамдсан асуудлуудаар саналаа хэллээ. Тэд “Татварын  шинэчлэл хийх шаардлага, нөхцөл бүрдээд байна. Гэхдээ олон улсын туршлагаар шалгагдсан дараах нөхцөлүүдийг хангасан бодлогыг авч хэрэгжүүлмээр байна. Тухайлбал нэгд татвар төлөгчид нийгмийн зардлуудаас  (үнэгүй боловсрол, соёлын үйл ажиллагаа, эрүүл мэндийн үйлчилгээ, зам, тэтгэвэр г. м. ) гарч буй үр ашгийг өөрсдийн татвартай холбож чаддаг байх, хоёрт татварын ачаалал тэнцүү байх, гуравт үр ашигтай татварын удирдлага байх нөхцлийг анхаармаар байна. Татварын  шинэчлэлийг хавтгайруулж бус харин Эдийн засгийн салбаруудын өрсөлдөх чадварыг сайжруулах үүднээс жижиг дунд үйлдвэрлэл (ЖДҮ), хөдөө аж ахуй (ХАА), хүнд үйлдвэрлэл болон өндөр технологийн үйлдвэрлэлийг татварын бодлогоор дэмжих, ЖДҮ-д  “Flat tax” нэвтрүүлэх боломжийг судалж, өөрийн орны онцлогт тохирсон хувилбарыг боловсруулж хэрэгжүүлэх, нөхөгдөшгүй баялгаас орлого олж буй уул уурхайн салбарт ялгавартай хувь хэмжээгээр татвар ногдуулах чиглэлээр шинэчлэл хийх нь зохистой. Нийгмийн хөгжлийг бэлэн мөнгө тарааж бус, татварын бодлогоор дэмжих нь зөв юм” гэлээ.

Тавдугаар сарын 10-нд Эдийн засгийн өсөлт, бодит секторын бодлогын дэд зөвлөл, 11-нд Макро эдийн засгийн уялдаа холбоог сайжруулах дэд зөвлөл, 15-нд Төсвийн бодлогын дэд зөвлөл, 16-нд Мөнгөний бодлогын дэд зөвлөл хуралдах болно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top