Монголбанкны бодлого байндаа туслаа

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 12

Арилжааны банкууд зээл өгөхгүй байгаа тухай мэдээлэл иргэдээс ирж байна. Нэгэн банк цалингийн зээл авахыг хүссэн хүнд зээл гаргах боломжгүй байгаагаа уламжилжээ. Монголбанк бодлогын хүүгээ 13.25 хувь болгож өсгөсөн шийдвэрийн нөлөөгөөр арилжааны банкууд зээлээ хумих бодлого барьж эхэлснийг эх сурвалж дуулгаж байна. Тухайлбал, Голомт банк зээлийн шалгуураа өндөрсгөж хэн дуртайд нь зээл өгөхгүй байгаа аж. Найдвартай зээлдэгч, эсвэл өндөр төлбөрийн чадвартай зээлдэгчдэд мөнгө зээлүүлж байгааг нэрээ нууцлахыг хүссэн нэгэн эрхэм дуулгалаа. Тэгвэл ХААН, Хадгаламж банк руу утас цохивол зээл олголтоо багасгаагүй гэж хэлэв.

Инфляци өнгөрсөн дөрөвдүгээр сард 0.5 хувиар өссөнийг өчигдөр Үндэсний статистикийн хорооноос мэдээлсэн. Монголбанк дахиад бодлогын хүүгээ өсгөх нь гарцаагүй гэж ярих эдийн засагч таарлаа. Монголбанк арилжааны банкуудын зээлийг хумих зорилгоор бодлогын хүүг өсгөдөг. Арилжааны банкууд зээл 5.9 их наяд болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 1.9 их наяд төгрөг буюу 49.4 хувиар өсчээ. Хэдийгээр төв банк мөнгөний хатуу бодлого барьсан ч арилжааны банкуудын зээлийг хумьж чадахгүй байсан нь статистик баримтаас харагдаж байгаа юм. Харин өнгөрсөн сард зээлийн хүүг өсгөснөөр Төв банкны бодлого байгаа онож эхлэв бололтой. Дахиад бодлогын хүүгээ өсгөвөл арилжааны банкууд Төв банкны үнэт цаас руу хошуурах биз. Эдийн засгийн хямралын үед бодлогын хүүг 14 хувь хүргэхэд арилжааны банкууд зээлээ хязгаарлаж, төв банкны үнэт цаасанд илүү найдаж байсан.

Төв банк бодлогын хүүгээ нэмэхэд арилжааны банкууд зээлийн хүүгээ нэмсэн. Одоо зээлийн дундаж хүү 2-2.3 хувьтай байна. Мөн зээлийн шалгуур нь ч чангарчээ. Хүү бол мөнгө авч хэрэглэсний үнэ. Арилжааны банкууд зээлээ харамлана. Дээрээс нь хүмүүс өндөр хүүтэй зээл авахыг хүсэхгүй. Ингэхээр зах зээл дээр мөнгө ховордох нь тодорхой. Монголбанкны инфляцийг бууруулах зорилго энэ. Зах зээл дээр мөнгө ховордохоор эрэлт багасна. Эрэлт багасахаар барааны үнэ буурна гэсэн логик. Монголбанкны “цохилт” зах зээл дээрх мөнгийг багасгах гэсэн байгаа онож байна. Дараагийн гол бай нь инфляци. Одоо инфляци буурахыг хүлээх үлдлээ. Засгийн газар нийлүүлэлтийн тал дээр ажиллана гэсэн. Засаг махны нийлүүлэлтийг сайжруулбал банк, засгийн бодлого хослоод өргөн хэрэглээний барааны үнэ буурч иргэдийн нуруун дээрх дарамт хөнгөрөх нь. 
   
Арилжааны банкууд зээлээ хумьж байгаа нь үйл ажиллагаа нь муудаж байгаагийн илрэл биш. Хадгаламж эзэмшигчдийнхээ мөнгийг илүү найдвартай, эрсдэлгүй хадгалахаар хэрэгжүүлж буй арга хэмжээ. Зарим арилжааны банк Монголбанкнаас иргэдийн хадгаламжийн мөнгийг найдвартай хадгалуулахаар тавьсан шалгуурыг нь биелүүлэхээр зээл олголтоо багасгаж байж мэднэ. Зээл багасахад хадгаламж эзэмшигчид санаа зовох ямар ч шаардлага байхгүй юм.
 Т.Энхбат

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top