Д.Дагвадорж: Авсан шагналаараа музей байгуулна

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 15

Арлын Японы мэргэжлийн сүмогийн дэвжээг нэгэн цаг эзэгнэж, ид хаваа гайхуулж явсан их аварга Д.Дагвадорж Болгарын чөлөөт бөхийн холбооны 80 жилийн ойд зочлоод иржээ.  Хаа явсан газарт  нь дагаж явдаг хэвлэлийнхэн  түүнийг энэ удаад ч амраасангүй. Ярилцпага өгөхдөө  дотоод сэтгэлээ нэг их нээгээд байдаггүй их аварга  энэ удаад хөгжилтэй, дурсамжтай сайхан ярилцлага өгчээ. Болгарын хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлчид их аваргатай ярилцлага хийхэд гүүр нь болж өгсөн чөлөөт бөхийн олон улсын шүүгч Б.Төмөрбаатар ахын бидэнд орчуулж өгсөн ярилцлагыг уншигчдадаа сонирхуулж байна.

 - Ёкозүна тэтгэвэрт гарах ямар байдаг бол?

- Бүх зүйл маш сайн байгаа. Би залуу хүн. Тэтгэвэрт гараагүй байгаа шүү дээ /Инээв/. Энэ бол миний л амьдралын зам. Нэг талаараа надад тийм ч амар биш байна. Яагаад гэвэл энэ спортоос хэтэрхий эрт холдсон учраас.

- Ер нь Ёкозүна болсноор таны амьдралд ямар өөрчлөлт гарсан бэ?

- Маш их өөрчлөлт бий болсон. Миний үүрэг хариуцлага ч маш их нэмэгдсэн. Мөн намайг хүндэлдэг хүмүүсийн харилцаа ч өөрчлөгдсөн. Хамгийн гол нь би олон найзтай болсондоо баяртай явдаг.

- Монголчууд морь унах их дуртай. Та морь унадаг уу?

- Уналгүй яахав. Барилдаж байх үед миний жин маш их байсан. Морь унахыг их хүсдэг байж билээ. Яг тэр үед бол морь намайг унах хэрэгтэй юм шиг санагддаг байсан. /Инээв/ Одоо бол эсрэгээрээ морь намайг даах байх шүү.

-Таны идэх дуртай хоол юу вэ. Зарим хүн таныг их л тусгай хоол иддэг юм шиг ярьдаг?

-Тийм онцгойрсон хоол идээд байдаггүй. Амттай л бол ямар ч хоол сайхан байдаг юм. Би хоол голдоггүй. Гэхдээ сүүлийн үед жин хасахдаа ихээхэн анхаарч байна. Өмнөх шигээ айхтар бэлтгэл хийхээ больсон ч гэсэн долоо хоногийн гурван өдөр дэвжээнд гарч жаахан бэлтгэл хийдэг. Одоогоор 28 кг хассан байна билээ. Үүнээс ч илүүг хасмаар байна. Илүү турчихвал хүүхнүүдэд таалагдах ч юм билүү. /Инээв/

-Монгол хэмээх нэр таныг барилдахад саад болсон уу?

- Үгүй ээ. Хэрэв би япон хүн байсан бол илүү барилдаж япончуудын бүхий л түүх намтар, гаргасан амжилтыг эвдэх байсан.

-Яагаад монголчууд сүмогийн барилдаанд хамгийн хүчтэй өрселдөгч байж чаддаг юм бол?

- Бидний зүрх маш том. Гэхдээ монгол, болгар хүн байна уу гэдэгтээ гол нь биш. Энэ их амжилтад хүрэхийн тулд өөрөөсөө шалтгаалах бүх зүйлийг хийж чадсан хүн амжилт гаргадаг юм. Бид тийм л хүмүүс.

-Таны харамсдаг зүйл юу вэ. Магадгүй хүрч чадаагүй оргил тань мөн үү?

-Би 29 насандаа сүмогоос татгалзсан. Ядахдаа гурван жил барилдсан бол илүү их амжилт гаргах нөөц бололцоо надад байсан л даа. Бурхан багшийн л шийдвэр юм байлгүй. Тиймээс харамсахыг чухалчилдаггүй.

-Та дэвжээнд гарч барилдахдаа өрсөлдөгчийнхөө нүд рүү хардаг?

-Би үргэлж нүд рүү нь хардаг. Тэдний нүдний харцнаас хайр сэтгэл, үзэн ядалт, өрсөлдөгчийнхөө юу бодож байгааг нь хүртэл мэдэж чаддаг. Гэхдээ эцсийн

 

мөчид би өөрөө өөртэйгөө л тэмцэлддэг байсан.

-Сүмогоос юу хожиж, юуг алдсан гэж боддог вэ?

-Алдсан зүйл нь мэдээж маш эрт энэ спортоос холдсон. Хожсон зүйл нь маш их хүндэтгэл олж авсан.

-Өөрийнхөө үр хүүхдэд та Японы талаар ярьдаг уу?

-Одоохондоо хүүхдүүд минь жаахан байна. Яваандаа аавынхаа талаар илүү ихийг мэддэг болох байх.

-Охин, хүү хоёртоо ямар зөвлөгөө өгдөг вэ. Хүүгээ сумогоор барилдуулахыг хүсдэг үү?

-Үгүй ээ.

-Танд маш олон цом бий. Хаана хадгалдаг вэ?

-Гэртээ хадгалдаг. Тун удахгүй нэг музейтэй болох бодолтой байгаа. Монголынхоо ард түмэнд авсан шагналуудаа бодитоор нь харуулмаар байна.

- Өөрийг тань өв залгамжилсан шавь бий юү?

- Тэр хүнээ хайж байгаа.

- Таныг мэргэжлийн сумод байхад хөлбөмбөг тоглолоо гэж шийтгэж байсан. Одоо хөлбөмбөг тоглож байгаа юу?

-Найзуудтайгаа байнга тоглож байгаа. 1994 оны АНУ-д болсон хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний Болгарын хөлбөмбөгчдийн тоглолтыг байнга үздэг байлаа. Бүр нойргүй шахам шүү. Хөлбөмбөгийн спорт маш сайхан.

- Та Монголын чөлөөт бөхийн холбооны хүндэт ерөнхийлөгч. Монголчуудыг Лондонд ямар амжилт хүлээж байгаа бол?

- Зөвхөн чөлөөт бөх гэлтгүй манай улс буудлага, жүдо, боксын төрөлд ч гэсэн ихээхэн анхаарлаа хандуулж байна Мөн олимпын төрөлд сумог оруулчихвал их зүгээр санагдцаг.

- Та хүүхэд байхдаа олимпын медалийг мөрөөдөж байв уу?

- Мөрөөдөлгүй яахав. Хэрвээ би олимпын аварга болох зорилго тавиад сумогоос өөр спортоор хичээллэсэн бол аварга болчихсон байгаа. Би ялагдалд үнэхээр дургүй. Гэхдээ би тэгж танай Болгарын бөхчүүдэд саад болоод яахав./ Инээв/

- Одоо ямар ажил хийж байгаа вэ?

- Янз бүрийн л ажил хийж байна. Хандивын үйл ажиллагаанд ч гэсэн маш ихээр оролцдог. Японтой харьцуулахад Монголд амьдрахад тийм ч амар биш.

Бидэнд суралцах зүйл, хийх ажил ч маш их байна. Яриагаа үйл хэрэг болгох ч асуудал байна. Цаг хугацаатай уралдаж л бүтээн байгуулалт хийх хэрэгтэй.

- Анх хэдийд Котоошюүтэй уулзаж байсан нь бидэнд их сонирхолтой байна?

- Уулзаж байснаас илүүтэй, сэтгэлээс гарахгүй нэг дурсамж байдаг юм. Сумочид өөр өөрийн гэсэн хувцасны савтай. Түүнийг туслахууд авч явдаг юм. Гэтэл Котоошюү өөрөө үүрээд явж байхыг харж билээ. Эхлээд тэр хүнийг маш даруу, зөөлөн сэтгэлтэй ухаалаг хүн байна гэж ойлгосон. Тэр намайг ялж байсан. Озэки цол авахад нь би нэмэр болж байсан. Түүнд Ёкозүна болох боломж асар их байгаа. Гэвч зүрх нь их зөөлөн. Мөн би түүний амжилтыг чөлөөт бөхийн спорттой салшгүй холбоотой гэж боддог. Тэх хүн энэ спортоор хичээллэж байж л амжилт гаргах их суурь нь тавигдсан.  

- Тө өөрийн гэр бүлийн талаар яриач?

- Би маш сайхан эхнэртэй. Надад хоёр сайхан хүүхэд төрүүлж өгсөн. Миний эхнэрт бүхийл сайхан чанар байдаг.

- Манай Котоошюү япон эхнэр авсан. Танд тийм санал тавьж байсан уу?

-Санал ирж байсан. Гэхдээ би монгол хүн учир монголоороо л үлдэх ёстой. Хүн нэг л удаа амьдардаг. Тиймээс эхнэртэйгээ л насан туршдаа байхыг боддог юм. Котоошюү бол япон хүн шиг болчихсон. Тиймээс үүн шигээ сэтгэж байгаа. Бидний бодол санаа эрс ялгаатай.

- Болгарт ирснийг тань Котоошюү хэрхэн мэдсэн 6э?

- Би танайд ирсэн даруйдаа Котоошюүтай ярьсан.

- Ер нь яагаад сүмо бөхийн спортыг сонгосон юм бэ?

- Монгол бол бөхийн орон. Хүүхдүүдийг хар багаас нь барилдуулж сургадаг. Миний аав, ах нар бөх. Тэднийгээ дагаж бөхийн спортод их дуртай болсон. Миний хувьд юмыг арай өөр талаас нь хардаг. Тиймээс Монголдоо аварга биш, өөр газар аварга болохыг хүссэн юм.

-Таны ямар зан чанар их аварга болоход нөлөөлөв?

-Би зорилгодоо хүрэхийн тулд улайрсан юм шиг дайрдаг.

- Таны хамгийн хүчтэй өрсөлдөгч хэн бэ?

- Би өөрөө өөрийнхөө л өрсөлдөгч. Одоо ч тэр.

- Таныг байнга л буруутгасан, гүтгэсэн мэдээлэл гарах юм. Энэ нь Ёкозүна болсонтой холбоотой юу?

- Би хамгийн дээд цолыг нь хүртсэн. Түүнийг нь даган асуудал ч их гардаг байсан. Миний ажилд ч саад болсон зүйл олон гардаг байлаа. 29 нас хүртлээ 25 түрүү хүртэнэ гэдэг зарим япончуудын дургүйцлийг төрүүлж л байсан байх.

- Тэгвэл манай хоол хүнсний талаар юу хэлэх вэ?

- Их сайхан юм. Мэдсэн бол олон жилийн өмнө танай оронд ирж хооллоод Котоошюү шиг сайхан том биетэй болдог байж. /Инээв/

- Болгар танд ямар сэтгэгдэл үлдээв?

- Маш сайхан орон байна. Сайхан ч байгальтай юм. Хүмүүс нь ч их сайхан найрсаг нөхөрсөг санагдлаа. Болгарын чөлөөт бөхийн холбооны удирдлагуудад баярлалаа. Бид цаашдаа чөлөөт бөхийн холбооны ажлаа хамтарч явуулахаар ярьж байгаа. Танайд байх хугацаанд гэртээ, эх орондоо байгаа юм шиг л сайхан байлаа. Түүх судраа ярьсан ч бид ах дүү шүү дээ. Болгарын чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч Валентин Йор- дановт баярласнаа хэлэх нь зүйтэй байх. Мөн энэ үеэр Болгарын чөлөөт бөхийн холбоо болон Монголд чөлөөт бөхийн спортыг нэвтрүүлэхэд голлох үүрэг гүйцэтгэсэн Райко Петровын хөшөөний нээлтэд оролцох сайхан байлаа.

                                                                                           Эх сурвалж:"Ардчилал" сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top