Өнөөдөр Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Буд дөнгөж сая сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр энэ сарын 18-ны өдрийн чуулганаар хэлэлцэж баталсан 2013 оны эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх ерөнхий бодлогыг танилцууллаа.
Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2013 онд хөгжүүлэх үндсэн чиглэл нь нийт зургаан бүлэг, 26 зорилт, 171 заалтыг агуулсан бөгөөд үүнийг хэрэгжүүлэхэд нийт 4,4 их наяд төгрөгийн төсөв шаардлагатай ажээ.
Эндээс гол анхаарах зүйл бол ирэх жилийн эдийн засгийн өсөлт 19 хувь байх гэнэ. Энэ зорилтын хүрээнд дараах ажлуудыг хийхээр төлөвлөөд байгаа юм байна. Үүнд:
1. Эдийн засгийг эрчимтэй өсгөх, өрсөлдөх чадварыг бэхжүүлэхэд дэд бүтэц муу байгаа нь саад болж байна. Тиймээс гол гол бүтээн байгуулалтыг хийхээр болжээ. Үүний эхлэл болгож Сайншандад аж үйлдвэрийн парк байгуулахын тулд эдийн засгийн өсөлтийг хангах талаар энэ удаагийн УИХ томоохон баримт бичгийг баталсан. Тавантолгой-Сайншанд-Сүхбаатар-Дорнод гэсэн чиглэлд 1100 орчим км төмөр зам барих бол Нарийн сухайт, Шивээ хүрэнгийн төмөр замын барилга угсралтын ажлын 30 хувийг хийх гэнэ. Мөн Тавантолгойн нүүрсний ордыг түшиглүүлэн 400 мегаваттын хүчин чадал бүхий цахилгаан станц барихаар болжээ. Одоо хэрэгжиж байгаа “Шинэ бүтээн байгуулалт” төслийн хүрээнд аймгийн төвүүдийг нийслэлтэй холбосон хатуу хучилттай 1400 орчим км зам барих гэнэ. Харин нийслэлд 100 орчим км замын өргөтгөл, шинэчлэл хийх ажээ.
2. Гадаад харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх замаар эдийн засгийн өсөлтийг хангаж ажиллахад анхаарах юм байна. Тиймээс Японтой эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг байгуулан, АНУ-тай ил тод байдлын хэлэлцээр байгуулахад анхаарч ажиллана.
3. Эдийн засгийн өсөлтийг дээр дурьдсанчлан хангасны үндсэн дээр төрийн албан хаагчид хийгээд улс ардын аж ахуйд ажиллаж байгаа хүмүүсийн цалин, тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх асуудлыг мөн тодорхой үе шаттайгаар авч үзэх зорилтыг дэвшүүлж байна.
Үүний үр дүнд 2013 онд нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ 4000 гаруй ам.доллар, гадаад худалдааны балансын тэнцэл 785,5 сая ам.доллар, гадаад валютын цэвэр албан нөөцийг 22,4, хоногт 4,1 тэрбум ам доллар болгохын зэрэгцээ ажилгүйдлийн 6,1 хувьд барихаар болжээ. Харин ам.доллартай харьцах Монгол төгрөгийн харьцааг 1323,4 төгрөг байна гэсэн статистик үзүүлэлт гаргажээ.
Олон улсын хэмжээнд хөрөнгө оруулалтын 70 хувь, хөрөнгийн зах зээлээс үлдсэн 30 хувийг банк санхүүгийн байгууллага бүрдүүлдэг. Тэгвэл манайд энэ харьцаа 90 хувьтай буюу ихэнх хөрөнгийг банк, санхүүгийн байгууллага бүрдүүлж байгаа гэнэ. Тиймээс цаашид хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхэд анхаарч, Лондонгийн хөрөнгийн биржтэй хамтран ажиллуулж байгаа бөгөөд үүнээс гарах өгөөжийг нэмэгдүүлэхэд анхаарч байгаа юм байна.
Сэтгэгдэл ( 0 )