Асуудал: Хоёр танхимтай парламентыг дэмжвэл олигархуудын тоо л долоо дахин өснө

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 13



Хоёр танхимтай парламентын тухай яриа төрийн ордноос хальж, иргэдийн дунд амны зугаа болон тэнүүчилж байна. МАН-ын дарга, Ерөнхий сайд С.Батболд саяхан ингэж мэдэгдсэнээс биш уг нь буурал Э.Бат-Үүл аль эрт, 2007 оноос эхлэн “Энэ төрийн тогтолцоо ерөөсөө болохгүй байна. Тиймээс хоёр танхимтай парламент л хэрэгтэй” хэмээн сөөнгөтсөн хоолойгоор олонтоо давтан хэлж байлаа. Бүр шинжлэх ухааны нээлт хийчихсэн хурган эрдэмтэн шиг шилнийхээ дээгүүр харан бүлтэлзэж ирээд л яриад байсан. Тэгэхээр ухаандаа, С.Батболдын намынхан өнөөдөр түүнээс халдвар авчихаад байгаа юм байна. Харин мань Э.Бат-Үүл одоо энэ тухай бүр таг чиг боллоо. Түүний тэрхүү том амыг АН-ын “томчууд” буюу Н.Алтанхуяг тэргүүтэй “Алтан гадас” гэгч зүг чиг заадаг “Од”-ууд нь таглаад авав бололтой. АН-ын дарга Н.Алтанхуяг “Хоёр танхимтай парламент байгуулахыг манай нам хэзээ ч дэмжихгүй” гэлээ. Намынх нь Ерөнхий нарийн бичгийн дарга Эрдэнэбат бас түүний адил хатуу байр суурьтай байна. Хөөрхий муу Бат-Үүл сүүлдээ нам дотроо ганцаардсан тул арга буюу загас шиг дуугүй явахаар шийджээ. Гэхдээ баас хатавч өмхийгээ тавьдаггүй гэгчээр энэ буриад эр анхны санаа бодлоосоо бүрэн татгалзаагүй л дээ. Дотор хүнтэйгээ сэм шивнэлдэн, шазуур зууж, хоёр танхимтай парламентаа зүүдэлсээр л байгаа. Түүний ийм араншинг хүмүүс ямар мэдэхгүй биш. Одоогийн парламентад бас хоёр дахийг дэмжигчид бас байх шиг байна. Лүндээ өвгөн “Бөөс хүртэл бөөр зүрхтэй гэдэг шиг адгийн муу ” гэж байхав. Одоо нэгэнт 76-д багтахгүй болсон хэдэн өвгөчүүл намын даргадаа 400 хүнтэй том танхим захиалаагүй байлтай.
Ер нь манайх яагаад заавал хоёр танхимтай парламенттай байх ёстой гэж. Хоёр парламентын тогтолцоог номлогчдын тооцоолж байгаагаар бол парламентын дээд танхим гэдэгт 400 гаруй тэжээвэр гахай төрийн дээр гарч суух юм гэнэ. Одоогийн 76 “тахиаг” хариуцлагатайхан ажиллуулж чадахгүй байж дахиад тийм олон хүнийг төрд шургуулах нь ёстой “Тэмээн дээр ямааны гарз” шүү гэдгийг гүйлгээ ухаантай жирийн иргэд маань анхааруулж байгаа. Үнэний хувьтай зүйл гэж үүнийг л хэлэх болов уу. Холын Америкийг дуурайх, ойрын Тайландыг дагахын аль нь ч манайд өнөөдөр үр ашгаа өгөхгүй. Цөөн хүн амтай Монголд энэ бол ахадсан зүйл. Монголыг хөрвөх чадвар сайтай, цомхон хүчээр удирдах хэрэгтэй. 2.8 сая хүнийг удирдан залахад 500 рекетчин хэрэггүй.
Тайландтай харьцуулаад үзье. Энд 63 сая хүн амьдардаг. Тэдний дийлэнх нь буддын шашинтай. Засаглалын хэлбэрийн хувьд Үндсэн хуульт Хаант засаглалтай, эзэн хаан нь улсын тэргүүн. Өнөөх Э.Бат-Үүл анх 1992 оны үндсэн хуулийг хэлэлцэж байх үеэр гэв гэнэт босч ирээд “Хүүе ээ, манай улс хаант засаглалтай байвал зүгээр юм биш үү” гээд хаширч байж билээ. Магадгүй, Тай үндэстнүүдийг тэгэхэд зүүдэлж суусан ч байж болох юм. Тайчуудын парламентын дээд танхим 630 хүнтэй. Доод танхим буюу сенатын гишүүд нь 150 юм. Хууль тогтоох эрх мэдлийг энэхүү сенатын танхимдаа даалгасан байдаг  Сонгууль явуулах хатуу нарийн хуультай гэх боловч манайхаас долоон дор юм тэнд бишгүй л бий. Тухайлбал сонгууль будлиантуулсан, санал худалдан авсан зэрэг зөрчлийг илрүүлсэн мэдээлэгчдээ цагдаа нар нь нийтэд зарлаад баллаж орхидог улс.
Тай үндэстнийг дагах гэсэн мэт Э.Бат-Үүлийн зүүд нойрон дундах хоёр танхимтай парламент манайд бий болж гэж бодъё. Эндээс зохимжгүйн жишээ дэндүү олон гарахаар байгаа юм. Адгийн наад зах нь нэгэнт хүчээ авчихсан өнөөгийн олигархиудын тоо улам өснө. Дээд танхим аав олигарх, доод танхимд хүү олигарх, иргэдийн хуралд ач олигарх суух байх даа.  Шүүх эрх мэдлийг яаж ч шинэчлээд нэмэргүй байх. Яахав, урьдынхаасаа бага зэрэг ахиц гарах нь гарах байх л даа. Гэхдээ парламентын дээд танхимд суух 400 гаруй төлөөлөгчдөөс шинэ үеийн мэргэжсэн олигархиуд ёстой парад алхаагаар ороод ирнэ. Тэд хяналтын гэх нэрээр дээр дооргүй шантаажилж мөнгө босгон халаасаа зузаална. Шооч заримынх нь хэлдгээр “Дараагийн ээлжийнхэн хоолондоо” гэдэг шиг. Нөгөөтэйгүүр сонгуулийн зардал хэд дахин өснө.
Хоёр танхимтай парламент сонгохын хажуугаар бас орон нутгийн эрх барих байгууллагыг сонгох гэж ёстой лут юм болно. Иргэдийн төлөөлөгчдийн хурал, иргэдийн нийтийн хурлууд манайд огт төлөвшөөгүй. Зүгээр л улс төрийн нам, улс төрчдийн тоглоомын хүүхэлдэй болсон газрууд хэвээрээ байгаа. Саяхан Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны иргэдийн нийтийн хурлын үйл ажиллагаатай хэсэг иргэд, сэтгүүлчид хүсэлт гарган танилцах гэтэл хүнд үзүүлэх юм юу ч байгаагүй гээд бод доо. Тэндэхийн эрх бүхий нэг нөхөр хэнэггүй царайлан “Манай иргэдийн нийтийн хурлын тэргүүлэгчид дотор хурлынхаа тэмдэглэлийг олигтойхон биччихдэг хүн байхгүй” гэж тууж байсан гэнэ лээ. Дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлыг сонгох сонгууль яаж явагддагийг уншигч та санаж байгаа байх. Нэг л мэдэхэд намын захилгаар гэсэн тодотголтой хүмүүс гараад ирчихсэн байдаг. Тэд орон нутгийнхаа иргэдийн эрх ашгийн төлөө юу ч хийдэггүй. Зөвхөн намаа бодоод, хахууль, юухан хээхэн цуглуулаад явж байдаг нь нууц биш. Эдгээрээс харахад төрийн эрх барих дээд байгууллагыг хоёр танхимаар зохион байгуулбал хоёр толгойтой бүү хэл түмэн толгойтой мангасууд төрөх нь тодорхой. Тиймээс одоогийн 76-тайгаа зууралдаж байгаад учраа олсон нь дээр. Хоёр танхимтай парламенттай болох гэж мунгинахын оронд харин орон нутагт жинхэнэ ардчилсан, шударга парламенттай болвол хөдөөгийн хөгжилд илүү тус нэмэртэйг С.Батболдтонд сануулах хэрэгтэй байна. Орон нутгийн эрх мэдлийг Засгийн газар нь битгий базаад суугаад бай. УИХ сумын эмнэлгийн засварын мөнгийг хэлэлцэж суудгаа л больчих. Хоёр дахь парламентыг нэмнэ гэхийн оронд хөдөөд эрх мэдлийг нь олго. Тэр зүүдэн дунд дэнтэй дунтай үзэгдэх төрөөгүй 400 олигархынхаа цалин пүнлүү, захиргааны зардлыг тооцож гаргаад аймаг, сумд руу илгээ. Эрх баригч МАН-ын дарга, Ерөнхий сайд маань буурал Э.Бат-Үүл шиг ийм сэрүүн зүүднээсээ сэрэхгүй бол сүүлдээ нам ч үгүй, лам ч үгүй болно шүү дээ.
Б.Отгонбаяр. Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top