Өнөөдрийн байдлаар нийслэлийн нийтийн зорчигч тээврийн үйлчилгээнд 22 аж ахуйн нэгжийн 566 тээврийн хэрэгсэл албан ёсоор таксины үйлчилгээнд явж байна. Энэ тоог “Улаанбаатар такси транспорт сервис” ХХК 400 ширхэг өнгөрсөн онд үйлдвэрлэгдсэн экологид ээлтэй, цогц үйлчилгээтэй таксигаар нэмэв. Сүхбаатарын талбайд нээлтээ хийсэн “Их хотын такси” хэмээх үйл ажиллагаанд Зам тээвэр барилга хот байгуулалтын сайд Х.Баттулга болон нийслэлийн Засаг дарга, “Хьюндай моторс” компанийн ерөнхийлөгч болон “Улаанбаатар такси транспорт сервис” ХХК-ны төлөөлөл оролцлоо. Нийтийн тээвэрт үйлчилж буй таксины тоог өчигдөр 1200-аар нэмэгдүүлэх төлөвлөгөөтэй байгаа гэнэ. Энэ хүрээнд эхний ээлжинд 400 такси хүлээж аваад байна. Шинэ таксины нэг бүрийн үнэ 21 сая төгрөг юм байна.
“Энэ такси нь байгаль орчинд ээлтэй, агаарын бохирдолыг бууруулах зорилттой. Тиймээс Солонгосын компанитай хамтран хосолмол ажиллагаатай такси үйлчилгээнд нэвтрүүлэхээр болсон. Одоо бензинээр ажиллаж байгаа ч ирэх зургадугаар сард газаар ажилладаг системтэй болгохоор холбогдох байгууллагатай нь гэрээ хийсэн байгаа” гэж нийслэлийн Нийтийн тээврийн газрын диспечерийн албаны дарга Г.Доржпалам хэлэв. Харин зарим иргэд энэ үйл ажиллагаанд сэтгэл дундуур байгаагаа ЗТБХБ-ын сайд Х.Баттулгад уламжилсан. “Хотын замын түгжрэл их. Дээрээс нь дахин 1200 такси оруулаад ирэхээр ачаалал нь бүр хэтэрнэ. Одоо ачааллаа дийлэхгүй байхад 1200 машин нэмэхээр юу болох вэ. Үүний оронд түгжрэлээ багасгах зүйл хийвэл зүйтэй юм болов уу” гэж байсан. Харин сонголт иргэдийн гарт байгаа бөгөөд шинээр орж ирж байгаа такси олон улсын стандартад нийцсэн төлбөрийн хуудас авах, цэвэр тохилог, соёлтой үйлчилгээг авах боломжтой гэнэ.
Цаашид таксины тоог нэмэхээр хуучин таксиг яах вэ гэдэг асуулт гарч ирнэ. Авто тээврийн газрын дарга Б.Цэнгэл хэлэхдээ “Хуучин буюу байгальд хор нөлөөтэй утаа гаргаж байгаа, насжилт өндөртэй тээврийн хэрэгслийг нийтийн тээврийн стандартын дагуу шийдвэрлэж үйлчилгээнээс гаргана” гэв. Мөн түүний хэлснээр нийслэлийн иргэд болон жуулчин, зочдод үйлчилж байгаа таксийг хэрэгслийг БНСУ-д үйлдвэрлэгдсэн авто машинууд эзэлж буй аж. Үүний 68.2 хувь нь аксент, верна, 20 хувь нь соната, 10.6 хувь нь Рио Geely маркийн автомашин эзэлж байна. Таксины үйлчилгээ эрхлэгч байгууллага нь өөрийн өмчлөлийн тээврийн хэрэгсэлтэй байх ёстой. Өөрөөр хэлбэл таксийг жолоочид гэрээгээр түрээсэлж өмчлөлд нь шилжүүлдэг зарчмыг өөрчилж, жолооч нарыг компаниас нь шууд цалинжуулан шаардагдах сэлбэг, шатахуунаар ханган, өдөр тутмын орлогыг бүрэн хэмжээгээр компани авч тооцох, улмаар 10 жил болсон тээврийн хэрэгслийг бүртгэлээс хасч сэлбэгээр ашигладаг хэлбэрт шилжүүлэх нь зүйтэй. Элэгдэл хуучралд орсон автомашин иргэний өмчлөлд шилжих явдал зогсоно гэж албаны хүмүүс үзэж байна.
“Улаанбаатар такси транспорт сервис” ХХК шинэ таксины нээлтийн үеэр жолооч болох хүсэлтэй иргэдийг бүртгэж байсан юм. Жолооч болохыг хүссэн иргэн тус компанийн байранд очоод бүртгүүлж болох юм байна. Улаанбаатар хотын харьяат, 23 нас хүрсэн гэх мэт жолооч нарт тодорхой шалгуур тавьж бүртгэж байгаа бөгөөд ажилд орохыг хүссэн хүн тухайн байгууллагад хандахад болох аж. Жолооч нарт эхний ээлжинд 2.7 сая төгрөг төлж лизинг буюу 1.5 хувийн хүүтэйгээр гурван жил таван сарын хугацаатай такси авч болно. Энэ хугацааны дараа такси тухайн жолоочийн мэдэлд бүрэн шилжих гэнэ. Мөн Таксины үйлчилгээнд дадлагажиж мэргэшсэн жолооч нар тогтвортой ажиллана. Жолооч нарыг нийгмийн халамжийн бүх төрлийн даатгалд хамруулах аж.
Өөр бас нэг таатай мэдээлэл гэвэл хотын дарга Г.Мөнхбаяр “Хьюндай моторс”-ын удирдлагад Монголд авто машины үйлдвэрийнхээ салбарыг нээх санал тавьсан. Харин “Хьюндай моторс”-ын ерөнхийлөгч үүнийг таатайгаар хүлээн авлаа. Тиймээс тун удахгүй “Хьюндай моторс” Монголд нээгдэж магадгүй нь.
Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )