Монгол Улсын Ерөнхий сайд асан, эдийн засгийн ухааны доктор Д.СОДНОМТОЙ ярилцлаа.
-Манай улсын эдийн засаг 17 хувиас давсан өсөлттэй гарсан. Энэ сайн хэрэг байх. Гэвч энэ өсөлт ард олны амьдралд эергээр нөлөөлж байгаа юм алга. Харин ч өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, түүний дотор махны үнэ байнга өссөөр байгаа. Үүнийг та хэрхэн дүгнэж байна вэ?
-Тэнд нефтийн бүтээгдэхүүнээс 100 хувь хараат байгаа нь эхний шалтгаан болж байна. Уг нь зах зээлийн тогтолцоо юм чинь үнэ ханш дээш доош хэлбэлзэх нь жирийн үйл явц л даа. Гэтэл манайд даацаа нэмэгдэх талруугаа явж, гомдол санал гарч байдаг. Ер нь үнэ ханшийг аль болох тогтвортой байлгах, бололцоотой нөхцөлд хямдруулж байхын төлөө ажиллах учиртай юм. Үүний тулд өөрийн эх үүсвэрийг ашиглаж, нефтийн бүтээгдэхүүнтэй болж, гаднын хамаарлыг багасгамаар байна. Махны үнэ нэмэгдэж байгааг би буруу гэж хэлэхгүй. Хэрэв мал аж ахуйгаа цаашид эрхэлж, хөдөөгийн иргэдээ хот суурин газар руу алдчихалгүй орон нутагт нь тогтвортой байлгаж, амьдрал ахуйг нь дээшлүүлье гэж байгаа бол махны үнэ өндөр байхад гомдоод байх хэрэггүй. Тэр нэмэгдэж үнэ нь малчдадаа очиж байвал болж байна. Гэтэл дундаас нь ченж, нөөцийн мах бэлтгэгч компаниуд гээд баахан хүн хожоод байвал буруу. Үүнийг таслан зогсоохын тулд малчдаас махыг нь зах зээлийн дундаж ханшаар худалдаж авдаг байх хэрэгтэй. Хөдөө аж ахуйн бирж байгуулах талаар яригдаж байгаа юм билээ. Бас тэндээ малаа нядалж, боловсруулдаг үйлдвэртэй болчихвол бүр ч сайнсан. Мах, шатахууны үнийг зохицуулчих юм бол манайд гэнэтийн айхтар үнийн хэлбэлзэл гараад байхгүй дээ.
-Өнгөрсөн жилийн тооллогоор 40 саяас давсан тоо толгой малтай болсон гэдэг. Үүнийг дагаад бэлчээр ус ховордлоо гэх яриа их гарч, нутаг, өвөлжөө, хаваржаагаа булаалцалдаад багахан “дайн” болж байна. Энэ асуудлыг яаж зохицуулмаар юм бэ?
-Бэлчээрийн даацаасаа хэтэрсэн 40-50 сая малтай байх уу, тооноос чанарт шилжих үү гэсэн сонголтод бид тулчихаад байна. Монгол малын мах амт, чанар сайтай, дэлхийн брэнд болох боломжтой гэдэг нь бэлчээрийн маллагаатай гэдэгтээ л байгаа юм. Тэгэхээр үүнийг цаашдаа хадгалж авч үлдэхийн тулд бэлчээрийнхээ даацад тохирсон, чанартай цөөн толгой малтай байх нь чухал. 30 саяас илүүгүй үндсэн сүрэгтэй байхад л болчихно гэж бодож байна.
-Малчид малаа барьцаалаад зээл авах сонирхолтой байдаг. Гэтэл банкны зээлийн олдоц муу, олдсон ч маш өндөр хүүтэй байгаа. Үүнийг багасгах боломж байх болов уу?
-Банкны зээлийн хүү өндөр байх нь олон талын муу үр дагавартай байдаг. Хадгаламжийн хүү өндөр байгаа учраас зээлийн хүү ч өндөр байхаас аргагүй гэжтайлбарлах нь бий. Үнэндээ манай арилжааны банкууд бүгд хувийнх учраас мөнгө хүүлэх тал руугаа хэлбийгээд мөнгөний зөв бодпого явуулахыг нэг их сонирхохгүй байх шиг. Арилжааны банк өөрийн дүрмийн сангийн найман тэрбум төгрөгт хүү төлж байгаа юм алга. Гагцхүү зээл олгоод түүнийгээ өндөр хүүтэй буцаан авч байна. Тухайлбал, төгрөгийн хадгаламжид жилийн 12 хувийн хүү өгдөг мөртлөө зээлийг 18-20 хувийн хүүтэй олгож байна. Энэ их зөрүүг багасгаж яагаад болдоггүй юм бэ. Ингэж мөнгө хүүлдэг банкууд чөлөөтэй ажиллаад байгаагаас гаднынхан тэдэнд хөрөнгө оруулаад бүхэл бүтэн банкийг худалдаж авчихаад байгаа явдал бий. Үүнийг ганцхан Төв банк яриад амжилт олохгүй. УИХ, төрийн хэмжээнд ярих ёстой.
-Өмнөхийг бодвол УИХ дээр мөнгөний бодлогыг арай нухацтай ярилцдаг болсон. Гэхдээ инфля- цын өсөлтөд Монгол-банк, Засгийн газар хоёр бие биенээ буруутгадаг явдал гарах юм. Үүнийг тэдгээрийг төлөөлдөг хүмүүсийн ярилцлагаас төвөггүй харж болно. Энэ талаар таны санал бодлыг сонсмоор байна?
-Манайд алсыг харсан бодлого дутаад байх шиг байна. Одоохондоо сонгуулийн дөрвөн жилд яахав гэсэн улс төрийн намуудын амлалт л яваад байна. Өнөөдрийн бодож боловсруулж байгаа томоохон төсөл, хөтөлбөрүүд нь дөрвөн жилд бус 10-20 жил хэрэгжих том ажил учир цаашдаа ямар үе шаттай, хэрхэн яаж хөгжүүлэх, ямар үр дагавар гарах, эцэст нь юу хожих юм бэ гэдгээ иж бүрнээр нь сайтар төлөвлөх цаг болсон. Тиймээс миний санахад эхний ээлжинд Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороог яам болгомоор байгаа юм. Энэ нь хэн нэгэн сайд, УИХ-ын гишүүний үгнээс гарахгүй байхын аргагүй байдалтай байгаа ҮХШХ-ны статусыг өргөжүүлэх гэсэн санаа. Хэрэв яам болгочих юм бол хэн нэгний дарамтаас ангид байж, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хэрхэн хөгжүүлэх, ямар бодлого барихыг боловсруулж, түүнийгээ Засгийн газар, УИХ-д танилцуулж, шийдвэрийг нь гаргуулдаг, хэрэгжилтэд нь хяналт тавьж анхаардаг тийм эрх бүхий байгууллага болох юм. Манай төрийн өнөөгийн тогтолцоо энэ байдлаар явах боломжгүй болсон. Яагаад гэвэл, Үндсэн хуульдаа Засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна гэж заасан боловч өнөөдөр улс төрийн намуудын мэдэлд байна шүү дээ.
-Таныхаар төрийн тогтолцоог ямар болговол зохистой гэж үздэг юм бол?
-УИХ-ын гишүүдийг сум, дүүрэг, аймаг, нийслэлээс ард иргэд өөрсдөө нэрийг нь дэвшүүлж, олонхийн саналаар сонгодог байж болно. Тэд байнга суугаад байхгуй, жилд 3-4 удаа хуралдцаг. Түүний дор байх Бага хурал нь хуулиа боловсруулж, гарч байгаа хууль нь амьдралд зохицож байгаа эсэхийг УИХ-аас хянаж, засч залруулж байдаг ийм тогтолцоотой байж болох юм шигсанагддаг.
-Ярианыхаа төгсгөлд олон нийтийн анхааралд байгаа нэг зүйлийг танаас асуух гэсэн юм. “Тавантолгой” компанийн хувьцаагаа та авах уу, нэг сая төгрөг болгох уу?
-Тавантолгой хэмээх өндөр үр ашигтай, томоохон проект хэрэгжиж байна. Түүнээс нийт ард иргэд хувьцаа эзэмшиж байгаа нь зөв зүйтэй асуудал. Миний хувьд 1070 ширхэг хувьцаагаа авна.
Үндэсний шуудан
Сэтгэгдэл ( 0 )