Дэлгэсэн тэрлэг шиг эх оронд минь дэлхийд ганцхан Монгол наадам айсуй. Ээ дээ наадам мөн ч сайхан шүү. Эрээн асарууд намилзаад уул толгод, дэнж газрыг дүүргэсэн цэцэг адил. Халхын хурдан буянгууд хаа сайгүй дүүхэлзээд, ижил өөдөө янцгаах нь сэтгэл дотрыг гэгэлзүүлнэ. Олоон жилийн өмнө аавтайгаа хамт үзсэн наадам нүдний өмнүүр жирэлзээд. Огло үсрэн эргэх уралдааны морьд шиг наадмын өдрийг хүлээнэ. Наадам дөхөх тусам нойр хүрэхээн байж. Нар тусан манхайхад сая нэг дуг хийнэ.
Өглөөн нартай уралдан шинэхэн дээлээ өмсөөд, ханан дах хөхүүртэй айрагнаас хамараа цоргитол уугаад, гоёхон хээрээ унаад, хурдан хүлгээ хөтлөөд наадмын асар луу хөдөллөө. Дөнгөж хөдлөөд явтал Дэнзэн өвөөтэй таарлаа. Хашир уяач өвгөн хадаг хусуураа цэмцгэр ороосон бүсэндээ, ташуулдасхийлгээд сойжээ. Өвгөн бид хэдүүл өөд уруугүй шогшуулсаар нэг мэдэхнээ наадмын цэнхэр асарын өмнөхөн иржээ. Энд тэндгүй эрээн майхнууд шоволзоод, эхнэр хүүхнүүд цай юүгээн чанаад, хашир уяачид уяан дээрээ ёслоод айраг тэргүүтнээ сөгнөчихсөн. Ёстой л нэг сайхан гэмээр дэндүү сайхан наадаж харагдана.
Дэнзэн өвөө бид уяа морьдоо хөтөлөөд, унаач жаалуудаа дагуулаад сумын алдарт уяач “сахал” Сандаг гуайн уяанд дээр ирж буулаа. Морь хурдан уу гэж өвгөн уяач өмнөөс мэндчилэхэд. Хурдаан. Эвтэй сайхан байна даа хэмээн Дэнзэн өвөөгөөс түрүүлээд нэг л мундаг уяач мэндлээд авлаа. - За наашаа сууцгаа. - Хөгшөөн энэ хүүхдүүдэд боорцог цай өг гээд “сахал” Сандаг тэргүүтэй уяачид эрээн асарынхаа өмнө талаа ширтэн, тамхиа нэрэн хөөрөлдөнө.
Би гэдэг хүн хүүхдүүдийн эгнээнд шилжсэндээ жаахан шаралхаад өгсөн цайг нь залгилчихаад мориндоо мордон төв асарын зүг ташуураа гозолзуулан тоос татуулан давхилаа. Асарын өмнөхөн бор ногоон 69-тай наадмын комиссын дарга “Бүдүүн” Нямаа ах хурдан азарга мордуулах гээд хавийн амьтаныг шавуулан бүртгэж гарч байна. Намайг ирэхийг харсан уу үгүй юу л - За Алагаа багшийн хүү нааш дөхөөрэй. Ахдаа тусалнаа гээд шууд дууддаг байгаа. За гэж бүдэгхэн хэлээд очтол. Өөдөөс бичиг цаас сарвайн миний дүү энэ хэдэн азаргыг бүртгэчих гэдэг байгаа. Том хүн хэлж байхад үгүй гэлтэй биш тэр дор нь хүлээн зөвшөөрлөө. За тэгээд азаргануудыг бүртгэж гарлаа даа. “Муухай” Доржийн хүрэн, “сахал” Сандагийн цавьдар, салхин зээрд гээд л олон хурдан буянгууд иржээ дээ янз нь. Хамт ирсэн Дэнзэн өвөөгийнхөө шарга азаргыг оочергүй бүртгээд гаргалаа. Түүний ард дээр мөн ч олон азарга бүртгүүллээ. Энэ жил манайх унаач хүүхэд муутай тул дээд насны морьд уяагүй юм. “За хүүхдүүд морь сайн унана шүү” гэж тэрүүхэндээ аавын цээж гаргаад авлаа. Бүртгэл ч дуусч “Түмэн эх”-ийн шуранхайд асарын цацаг намирч, түмэн агтны туурайнаас нарны тоос босч азарга гарааны зүг гарлаа. Азарганы уралдааныг “дарваан” Хадаа тэргүүтэй хэдэн залуус дагахаар “моторт жодгор”-оо унаад давхилаа. Би гэдэг хүн бас л илүү үгэлж “ За золигнууд онгирч байж хүүхэд унагав” гээд уяатай морь луугаа эргэлээ.
Ахынхаа ажилд тусалсан гээд “Бүдүүн” Нямаа ах таван мянган төгрөг түрүүвчнээсээ гаргаж өгөөд хуушуур авч идээрэй гэв. Хэлсэн ёсоор нь тэр даруйд нь ангийнхаа Ганбатыг дагуулаад хуушуурын гэрүүдийн зүг морио хөтлөөд алхлаа. Сумын төв жижигхэн хойнодоо хэд алхаад л хүссэн газраа хүрнэ. Хүрээд очтол таньдаг, таньдаггүй хүмүүс махтай, махгүй хуушуурыг аль хэдийнэ хайраад эхэлчихэж. За хүүхдүүд хуушуур идээрэй гэж хаа хаанаас дуудна. Би ч дотроо хүний нохой идэхээр өөрийн нохой ид хэмээн бодож нутгийн ахын хуушуурын гэрийг чиглэлээ. Шаргалтсан сайхан хуушуур дөнгөж хайраад гаргажээ. Үнэр гэж үнэхээр сайхан, наадмын хуушуур шүүдээ гэж ирээд л Ганбат бид хоёр хэд хэдийг идлээ. За дүү нар айраг уу, өөрсдөө аягалаад уу гэж “хулгар” Батаа ах хултай айраг дөхүүлнэ.
Хуушуурын гэрээс гараад, худаг дээр очиж морьдоо услаад, эгчийндээ очиж хөдөөний сонин сайхан ярьж, арван жилийн ангийнхаа охидуудтай уулзав. Ингэж тэгж явсаар нэг мэдэхнээ “азарга ирлээ” хэмээн хэн нэгэн хашгираад давхилаа. Юу юугүй сумын даргийн цагаан “жийп” туг намируулан хурдлан орж ирлээ. Барианы хөлд хурсан олон морьд наашлах бүрт хоёр талаасаа түрэн ойртоно. Хэний азарга вэ? Айн хэнийх гэнээ гэх хооронд сувдан хөлс нь бөнжигнөтөлөө дусалсан шарга азарга яралзтал хурдлан барианд орлоо. Хэсэг зуур паанигт орсон би сая гэнэт санаад хусуураа бүснээсээ шувт татаад барианд орсон азарга араас давхилаа. Яваад очтол Дэнзэн өвөөгийн маань магнай хаграх шахам баярлаж азрарганыхаа хөлсийг хусан зогсоно. Морин дээрээсээ үсрэх шахам буугаад молор эрдэнэ болсон хүлгийн хөлснөөс духандаа хүргээд хөлсийг нь хаттал нь хусч өгөөд хөтлүүлэв.
Дэнзэн өвөө бид хоёрыг хүмүүс бүчин авч баяр хүргээд би гэдэг лут амьтан хэзээний архаг уяач адил тосч ирсэн хүмүүстэй гар бариад, хөөргө зөрүүлэн алхана. Өвгөн уяачийн магнайн үрчлээ тэнийсэн ч юм шиг өдрийн наранд гялалзан харагдах нь үнэхээр гайхалтай сайхан. Асарын зүүн талаар ижилхэндүү морьтой халх боржин эмээлтэй хоёр хүн биднийг чиглээд ирж айсуй. Төдхөн дэргэд ирээд Амар байна уу? хэмээн өвөөтэй мэндлээд хөөрөг зөрүүлэн тамхилаад, гаансаа түрийнээсээ сугалж тамхиа нэрнэ. Ярианых нь аясыг сонсохнээ. Яггүй хурдан хүлэг байна. Яасан ч сайхан давхилттай юм гээд аар саарыг хуучилна.
Өвөөгийн азарга түрүүлсэнийг хэлэх үү өөрийн эрхгүй догдлоод сумын асарт очоод, суналзтал дэвмээр санагдаад явчихав. Асарын зүгээс бөхийн бүртгэл дууслаа гэх чимээ цагаан хоолойгоор цангинах нь яараарай гэсний дохио байв. Давхиж очоод уяан дээр морио уяаад бөх тайлбарлагч Жамъян багш дээр яваад очтол -За нэг хүнтэй тааруулчихъя дээлээ тайлаад бүсээ элгээрээ сайн бүслээд гараад ир гэдэг юм байна. Тун удалгүй бөх эхэлж Аймгийн арслан Хайдавтай оноолт таарч барилдлаа. Барилдах ч гэж дээ. Над шиг жаалыг тэр том бөх ганцхан гараараа татаад тасхийтэл гуядаж чулуудлаа. Үзэгч түмэн шуугиад л чих дүнгэнээд явчихлаа. Ганцхан угз татаж босгоод арслан толгой дээгүүр гараа өргөөд намилзах туг өөд маажигнан гүйлээ. Бөхийн асарт суух сумын засаг дарга тавагтай боорцогноос надад атгаж өгөөд ирэх жил сайн барилдаарай миний хүү гэж хэлээд урам өгч билээ.
Үзэгч түмэн дотроос арайхийн гарч ирээд дээлээ өмсч зогстол үеийн хэд маань "Сайн байсан шүү. Арслангийн хонгоноос зуурчихаад салахгүй байсан" гэлцэнэ. Тийм юм байх гэж бодоод цааш алхтал шар хөдлөөд болдоггүй бүр. Айрагны гэрүүдэд очиж дэмбээдмээр санагдаад явчихлаа. Эхний гэрээр ортол ганц нэгэн эхнэр хүүхдүүд сууна. Гараад хоёр дахь гэрт ортол ханаар дүүрэн хөхүүртэй айраг өлгөчихсэн. Таван ханатын таван талд дэмбээ уянгалах ажгу. Захаас нь эхлээд нийлээд явчихлаа. Хоёр хожигдоод гуравдах дээр нь би хожиж нэг юм сэтгэл уужирлаа. Тэрхэн зуур хэсэгхэн хугацаа өнгөрч орхижээ. Дараагийн нас ч уралдаж, түрүүлж айрагдсан морьдын цол дуудах болов. Дэнзэн өвөө бид хоёр азаргаа хөтлөөд их асарын өмнө ирээд цол чимгийг нь дуудуулаад бай шагналаа авлаа.
Наадам ч тарлаа, хүн зон олноор хүүрнэн гагцхүү сайхныг ярилцан алтан нарны цацраг мэт тал талруу тарцгаана. Дэнзэн өвөө бид хурдан хүлгүүдээ хөтлөн Хөөргийн хөндийгөөр “хүрэн толгойн сүүдэр”-ээ аялан урсгал цовоо голын эрэг даган гэлдэрлээ. Сэтгэлд үлдсэн Сумын наадмаа эргэн санавал ийн ажгу.
А.ТЭМҮР
Сэтгэгдэл ( 0 )