Мал, амьтны ялгадсаар бордоо үйлдвэрлэж эхэллээ

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 03

Улаанбаатар хотын толгойны өвчин болсон хогны асуудлыг шийдвэрлэх гарцыг хотынхон дор бүрнээ илэрхийлж байгаа. Нарангийн энгэрийн хогны төвлөрсөн цэг хог боловсруулж, түлш үйлдвэрлэх үйлдвэр үйл ажиллагаагаа явуулж байгаа бол Морингийн давааны цэгт дараагийн хогны үйлдвэрийг байгуулахаар улсын төсөвт 10 тэрбум төгрөгийг суулгасан. Тэгвэл саяхан хог боловсруулах бас нэгэн үйлдвэр Баянзүрх дүүрэгт үүд хаалгаа нээжээ. Баянзүрх дүүргийн Хонхор тосгон буюу 11 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулж байгаа энэ үйлдвэр малын ялгадас, өтөг бууцыг боловсруулж, бордоо болгох юм.

Тус дүүргийн Хонхор тосгонд мал аж ахуй эрхэлдэг 6000 гаруй иргэн амьдардаг аж. Тэнд амьдарч байгаа иргэдийн ил задгай, гуу жалганд хаясан малын өтөг бууц, шувууны сангас, гахайн ялгадас зэргийг халгайн ургамал хөрстэй хольж, бүх төрлийн ургацын бордоо болгон дахин ашиглахаар болж байгаа нь энэ юм. Төмс хүнсний ногоог байгалийн бордоогоор бордох нөхцөлийг бүрдүүлж байгаа энэ үйлдвэрийг Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар "Ирвэс- Интэртрэйд" ХХК хамтран байгуулж байгаа юм байна.

Энэ үйлдвэрийн талаар "Ирвэс-Интэртрэйд" ХХК-ийн Ерөнхий захирал Л.Төгсжаргалаас тодруулсан юм.

-Ямар зорилгоор энэ үйлдвэрийг байгуулсан бэ?
-Нийслэлийн зүүн захад, тодруулбал Хонхор өртөөний орчим үйлдвэр маань байрлаж байгаа. Үйлдвэр маань хог хаягдлыг багасгах түүнийг дахин боловсруулах зорилгоор хутгалтын, хадгалах, шинжилгээ авах гэсэн процессоор ажиллаж байна. Гурав дахь органик хаягдал буюу хүнсний ногооны хальс, хоол хүнсний үлдэгдэл, зэрлэг ургамал гэх мэт зүйлийг боловсруулж гаргаж авдаг бүтээгдэхүүнийг компост гэж нэрлэдэг. Компостын үйлдвэр нь аливаа хот улсын цэцэрлэгжүүлэлт, эрчимжсэн хөдөө аж ахуйг хөгжүүлэх тулгуур болдог. Мөн компостын тусламжтайгаар хөрсийг нөхөн сэргээж, цөлжилттэй тэмцэх, байгаль орчныг нөхөн сэргээх боломж бүрддэг. Энэ бүхнийг бүрдүүлэх эхлэлийг тавьж байгаа гэж болно. Бид бас энд амьдардаг оршин суугчдад хогийг хэрхэн боловсруулах, дахин ашиглах талаар сургалт явуулж байгаа.

-Яагаад Хонхор тосгоныг сонгож энэ үйлдвэрийг байгуулах болов?
-Энэ хороонд Баянзүрхийн мал аж ахуй эрхэлдэг 6000 гаруй иргэн амьдардаг. Энэ айл өрхийн мал амьтнаас гарч байгаа хаягдал, ялгадсыг халгайн ургамал хөрстэй хольж, бүх төрлийн ургацын бордоо болгон ашиглахаар үйлдвэрлэлээ эхлээд байна. Хуурай уур амьсгалтай манайд төмс хүнсний ногоог заавал бордох шаардлага гардаг. Тиймээс хог хаягдлыг боловсруулж байгалийн бордоогоор ногоог бордож, тордох нөхцөл бүрдэж байгаа юм.

-Хүнсний ногоо ургуулахаас гадна бордоогоо өөр ямар зориулалтаар ашиглах вэ?
-Хөрсний доройтлыг арилгаж, эрүүлжүүлэх зорилгоор ашиглана. Нэг ёсондоо хөрсийг нөхөн сэргээж байна гэсэн. Ингэснээр тэр хөрсөнд дурын мод, ногоогоо тарих нөхцөл бүрдэх юм. Хөрсөө сэргээх бордоогоо өөрсдөө гаргаж авч байгаа өмнө нь хийгдэж байгаагүй шинэлэг ажлаас гадна хот тохижилтын салбарт гарч байгаа нэг дэвшил гэж бодож байгаа.

Эх сурвалж: "Улаанбаатар таймс" сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top