Өчигдөр хэвлэл мэдээллээр “Хөрөнгийн биржийн 100 гаруй брокерууд ажил хаялт зарласан байна” гэсэн мэдээлэл цацагдсан. Энэ мэдээллийн үнэн бодитой эсэхийг тодруулахаар Монголын Хөрөнгийн биржийн дэд захирал Г.Саруултай ярилцлаа.
-Өчигдөр Хөрөнгийн бирж арилжааны системээ шинэчилсэн гэсэн. Энэ талаар тодруулахгүй юу. Мөн сонин хэвлэлүүдээр хөрөнгийн биржийн 100 гаруй брокер ажил хаясан гэсэн мэдээлэл гарсан?
-Өчигдөр хэвлэл мэдээллээр ийм яриа гарсан байна лээ. Үүнтэй холбоотой залруулга хийх нь зөв байх. Өнгөрсөн дөрвөн сард Лондон хотын Хөрөнгийн биржтэй түншийн гэрээ байгуулж ажилласан. Үүнтэй холбоотой манай шинэ дэд бүтцийг нээх ажил хийгдэж байна. Бүх систем ерөнхийдөө туршилтын шугамаар өчигдрөөс нэвтрүүлсэн. Өнгөрсөн жилийн 1, 2 сараас энэ системийг нэвтрүүлэх гэж хэд хэдэн удаа ярьж байсан. Тухайн үедээ энэ ажил маань тодорхой хугацаагаар хойшлогдсон. Үүний томоохон шалтгаан нь брокерууд энэ ажилд төдийлөн бэлэн биш байсан. Тухайлбал шинэ барьцаа хөрөнгө байрлуулах, гэрээ хийх гэх мэт. Гэхдээ ингээд хугацаагаа хойшлуулаад байвал улам сунжрах болно. Тиймээс бидний зүгээс ямар ч гэсэн шинэ системээ эхлүүлэхээр шийдсэн. Хөрөнгийн зах зээлийн хувьд дэвших хэрэгтэй байна. Тиймээс Т+3 систем рүүгээ нэвтрэх хэрэгтэй юм. Харин брокерууд ажил хаясан гэдэг нь ташаа мэдээлэл. Тодорхой шалгуурыг давсан чадалтай брокерууд хөрөнгийн биржид ажиллаж байгаа.
-Шинэ систем брокеруудад шаардлага тавьсан гэсэн?
-Өнгөрсөн 10-20 жилийн хугацаанд ёс зүйтэй, зүйгүй, шалгуур давсан даваагүй олон янзын брокерууд ажиллаж байсан. Харин бид үүнийг түлхүү анхаарч сайжруулахаар шинэ хариуцлагатай механизмыг нэвтрүүлж, брокеруудыг ёс зүйтэй болгох, өөрсдийнх нь зүгээс тодорхой хэмжээний барьцаа байршуулах зэрэг шинэ арга хэмжээг явуулж байгаа. Одоогийн байдлаар манайд нэг дэх шалгуураа давж тэнцсэн 5, 6 брокерууд ажиллаж байна. Харилцах банкуудтайгаа гэрээ хийж, мөнгөө байршуулсан, барьцааны дансандаа 10 сая төгрөгөө байршуулсан брокерууд үйл ажиллагаагаа явуулж эхлээд байгаа. Энэ ажил бол бидний хувьд маш чухал, яах аргагүй хийх ёстой ажлын маань нэг хэсэг байсан.
-Энэ шинэ системийг бусад улс орнууд ашигладаг уу?
-Тэгэлгүй яахав. Бусад улс орон Т+2, Т+3 гэсэн системээр явдаг. Харин урьдчилсан төлбөртэй хоёрхон улс байдгийн нэг нь манай орон юм. Тиймээс манайх зах зээлээ хөгжүүлэхийн тулд энэ төлбөр тооцооны системийг ашиглаж байж гадны хөрөнгийн зах зээлээс томоохон сангуудыг татах боломжтой.
-Энэ системийг брокерууд хүлээн зөвшөөрч байгаа гэж ойлгож болох уу?
-Бид энэ системийг суурилуулаад 12 дугаар сараас брокеруудад сургалт, танилцуулгын ажлаа хийж эхэлсэн. Үүнд мэдээж санал гомдол ирж байсан. Систем дээр брокеруудын ажлын онцлогоос үүдээд нэлээд хэдэн зүйлсийг хассан. Иймээс брокеруудын ажил нэлээн боловсронгуй болсон. Одоо бол брокерууд түлхүү орж ирэхэд л болж байгаа юм. Мөн шинэ журам ч батлагдсан. Үнэхээр зах зээлийг хөгжүүлэхийг хүсч байвал хариуцлагатай байх хэрэгтэй, хариуцлага сайн баймааж тухайн хөрөнгийн зах зээл нэр хүндтэй болж чадна.
-Өдөрт хийгдэх арилжааны хувьд?
-Одоогийн байдлаар манай хөрөнгийн биржид арилжаа бага явагдаж байна.
-Гадуур брокерууд өндөр шимтгэлтэй арилжаа хийж байна гэсэн яриа байна. Энэ талаар тодруулахгүй юу?
-Арилжааны шимтгэл 2007 онд батлагдсанаас хойш ямар ч өөрчлөлт гараагүй. Шинэ систем оруулсанаас хоёр сарын дараа арилжааныхаа шимтгэлийг 20-30 хувиар бууруулах тал дээр ажиллана. Бид зах зээлээ дэмжих үүднээс арилжааны шимтгэлээ бууруулах гэж байна.
Д.Шинээ
Сэтгэгдэл ( 0 )