Улсын их баяр наадам болоход тав хоног үлдээд байна. Наадмын бэлтгэлтэй зэрэгцээд нийслэл хотын иргэдэд "шинэ шөл" уулгах гээд Улаанбаатарын зүг хөдөө орон нутгийн малчид ёстой нэг шавж өгнө дөө. Гэхдээ малчид нэг үеэ бодвол арай л хотжоод байгаа гэх үү дээ, ихэнхдээ автомашинд ачаад ирдэг болчихсон. Хэрвээ хол газраас хөлөөр нь тууж ирэхээр бол аль эрт гуравдугаар сард нутгаасаа гарч дуртай газраа оторлосоор зургаадугаар сарын эхээр нийслэлд орж ирдэг талаар өнгөрсөн жилийн долоодугаар сарын эхээр хөдөө орон нутгаас малаа зарахаар ирсэн малчидтай уулзах үед ярьж байсан нь санаанд буусаар Хорин хоёрын товчоо руу наадмын хонь ямар үнэтэй байгааг сурвалжлахаар зорилоо. Нийслэлд энэ өдөр хур бороо нэлээд шаагьж байсан бол хотоос баруун тийш алслах тусам хурын дусал багассаар огт үгүй болсон юм. Хорин хоёрын товчооны замыг засаад зам гэж там. Гэхдээ биднийг очихоос өмнө бороо орсон бололтой газрын хөрс чийг даагаад тоос бараг босохгүй байлаа. Хорин хоёрын товчооны шалган нэвтрүүлэх байрыг засч байгаа бололтой байр энэ тэр юм алга болчихжээ. Тийм болохоор ч тэр үү Толгойт өртөөнөөс нэг их холгүй хөдөө орон нутгаас ирсэн малчид хоньтойгоо багахан хэмжээний зах үүсгээд байрлачихжээ. Нэг ёсондоо хэдийнэ тохижчихсон байна билээ.
ТӨР ЗАСАГ НЭГДСЭН БОДЛОГОТОЙ БАЙМААР БАЙНА
Бид хамгийн эхлээд "малын зах"-ын баруун талаас нь зүүн рүү нь явсан юм. Баруун талд жаахан хашаа барьчихсан Сэлэнгэ аймгаас ирсэн малчид байрлачихжээ. Тэд ирээд гурав дөрөв хонож байгаа гэнэ. Гэхдээ энэ өдөр тийм ч их мал зарсангүй хэмээн жаахан сэтгэл дундуур сууцгааж байлаа. Тэд төлөг голдуу тууж ирсэн гэнэ. Гэхдээ төлгөө 110 мянгаас яриад 100 мянгад шууд өгчихнөө гэж байна. "Өө та нарыг авах юм байх гэж бодоод л яриад байсан чинь, авахгүй байсан юм уу "хэмээн нэгэн залуу жаахан гоморхож байна. "Зүгээрээ бид та нарын малыг ирж аваач ээ гэж нэг ёсондоо сурталчилгаа хийж байгаа гэсэн үг ш дээ" хэмээж сэтгэлийг нь тайвшрууллаа.
Харин тэд эр ямаагаа доод тал нь 70 мянган төгрөг дээд тат нь 120 мянган төгрөгөөр зарж байгаа юм байна. Ийн тэдэнтэй ярилцсаны дараа хажуугийн портер дээр мал ачсан залуустай уулзахаар очтол "За сайн ярина шүү, алийг авмаар байна, шууд сонгоод ав" гээд л юу юугүй зарахаар дайрав. Гэхдээ тэдэнд нэг их мал алга. Гучаад хоньтой Завханаас ирээд одоо тав нь л үлдээд байгаа гэж байна. Хоёр хонож байгаа гэхэд харин Сэлэнгийнхнийг бодвол их хурдан зарчихсан бололтой. Тэд эр хонио 150-180 мянган төгрөгийн хооронд зарж байгаа гэнэ. Өвлийг өнтэй давсан мөн зуншлага сайхан байгаа болохоор хонь нь ихэд тарга тэвээрэг авсан нь өнгө зүснээс нь мэдрэгдэх. Тэд "Ер нь хотын та нар ямар мал тарган, ямар нь эцэнхий туранхай вэ гээд л мэдэх зүйл байхгүй маруухан хүмүүс дээ" хэмээн жаахан голонгуй өнгө аястай байх хэдий ч бидний ирсэн зорилгыг сонсоод ярианыхаа өнгийг өөрчилж зарим нэг зүйлийг зааж өглөө. Тодруулбал, хамгийн амт шимттэй мал бол баруун чигийн мал байдаг гэнэ. Харин зүүн чигийн мал нь илүү нугаламтай гээд бие томтой болохоос амт чанарын хувьд барууныхыг гүйцэхгүй гэж байна. Үнэхээр ч түүний энэ зөвлөгөөг мал зарж байгаа хүмүүс бүгд л нэгэн дуугаар хүлээн зөвшөөрч байлаа. Тэдэнтэй ийн ярилцаж байтал хонь авахаар хоёр хүн ирснээр бидний яриа өндөрлөв.
Завханы малчдын зэргэлдээ хонь зарж байгаа портертой хүмүүс бол Төв аймгийнхан аж. Тэд нөгөө хэдийгээ бодвол газрын ойр учраас оройдоо л буцчихдаг гэнэ. Гэхдээ гэр рүүгээ эртхэн харихын тулд махны ченж нарт нэгмөсөн чадуулж байна даа хэмээн халаглаж суулаа. Учрыг лавлатал орой болохоор махны ченж нар малынхаа унийг навс буулгаад 130 мянгад зарж байгаа хонийг нь 105 мянгад гэх мэтээр худалдаж аваад маргааш нь түүнийгээ 150-180 мянгад эргүүлээд иргэдэд зардаг байна. Тийм болохоор малчид ченж нарын энэ үйлдэлд тун сүжиггүй ханддаг агаад энэ талаар төр засаг ямар нэгэн арга хэмжээ авах хэрэгтэй байгааг ч дуулгалаа. Ерөөсөө хөдөөгийн малчдын малыг туугаад ирэхээр нь бөөнөөр нь бөөндөж аваад өөрсдөө борлуулдаг тийм цэг ч юм уу эсвэл тийм газар байгуулмаар байгааг биднээр уламжлан тэдний чихэнд хүргэхийг хүссэн. Үнэхээр тэдний энэ хэлсэн санааг амьдралд хэрэгжүүлчихвэл өнөөдрийн мах магнат болж иргэд мах олж идэх гэж үйлээ үзэхгүй болох биз ээ.
ЭНЭ ЖИЛИЙН МАЛЫН ҮНЭ НЭМЭГДЧИХЖЭЭ, АРГАГҮЙ ДЭЭ
Ерөнхийдөө малын үнэ өнгөрсөн жилтэй харьцуулахад эрс нэмэгджээ.
Төлөг 80-100 мянган төгрөгийн үнэтэй байгаа бол шүдлэн хонь 120-130 мянга, хязаалан хонь 130-150 мянга. Нас бие гүйцсэн эр хонь 210-250 мянган төгрөгийн үнэтэй байна. Энэ жил бүх л аймгуудаар зуншлага сайхан байгаа болохоор малчдын сэтгэл ч тэр хэрээр уужуу тайвуу байна лээ. Тийм болохоор ч тэр үү малаа хэт их үнэрхэхгүй байсан юм. Малын захын баруун талаас сурвалжлагаа эхэлсэн бид хамгийн зүүн захад ирж Өвөрхангайхантай ярилцсан юм.
ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН МАЛЧИН С.СЭР-ОД
-Наймаа сайн уу. Хэр одтой байна даа?
-Өө сайн сайн. Дажгүй байна ш дээ. Өнөө өглөө хотод ирсэн. Ирснээсээ хойш гурван хонь зарчихаад сууж байна. Гэхдээ өдөр бүр биш л дээ. Үнийн хувьд өнгөрсөн жилийг бодоход малын үнэ нэмэгдсэн. Өнгөрсөн жил төлөг 70-80 мянган төгрөгийн хооронд хэлбэлзэж байсан бол энэ жил дундаж төлөг 120-140 мянган төгрөгийн үнэтэй байна.
-Нутгаар зуншлага сайхан уу?
-Бороо хуртай сайхан зун болж байна.
-Иргэдийн худалдан авалт хэр байна?
-Зарим нэг иргэд үнийн хувьд бухимдалтай байна. Зарим нь юмны үнэ нэмэгдсэнтэй хэдийнэ эвлэрчээ. Наадам дөхөөд худалдан авалт нэмэгдэж л байна. Бид ч нэг их үнэрхэлгүй өгчихөж байна. Хаа хаанаа энэ нь ч дээр л дээ.
-Хот руу мал оруулж ирэх зөвшөөрлөө авсан уу. Энд малын наймаа хийж байгаа хүмүүс бүгд зөвшөөрөлтэй юу?
-Хоттой ойрхон мал заруулахгүй гэсэн зүйл яригдаж л байсан. Гэхдээ энд зарж байгаа малчдын хувьд зөвшөөрөл авсан хүн байхгүй л болов уу. Одоохондоо ирж хөөж туугаад байгаа зүйл алга. Хөдөөний малчдын хувьд ганц боломж энэ шүү дээ. Үнэхээр тийм зөвшөөрөл авах ёстой бол авалгүй яахав дээ хэмээн ярилаа.
Ер нь тэнд мал худалдаалж байгаа малчдын ихэнх нь мал зарж борлуулах зөвшөөрөл энээ тэрээ зүйл авсан хүн алга байсан юм. Үнэндээ тэдэнд тавьж байгаа хяналт шалгалт гэдэг зүйл байхгүй байгаа бололтой. Уг нь малчдын зарж борлуулж байгаа малыг элдэв шалтгаан тоочиж асуудал үүсгэлгүйгээр худалдаалах эрхийг нь хааж боогдуулалгүйгээр хэдэн малд нь шинжилгээ хийгээд асуудалгүй гэдгийг нь батлаад өгчихвөл хаа хаанаа хэрэгтэй юм даа.
Наадмын өдөр ойртох тусам мал улам л үнэд орно доо хэмээн малчид хэлж байна. Гэхдээ тэд мал зарах малчдын тоо нэмэгдэхийн хэрээр үнэ жаахан бууж байгаа талаар ч хэлж байсан. Үнэхээр ч биднийг тэнд байх үед нэг малчин малаа туусаар тус захын шинэков болж байгаа харагдсан.
Сурвалжлагынхаа төгсгөлд нэг зүйлийг онцлон хэлэхэд малаа зарж борлуулж байгаа малчдад хяналт энээ тэрээ тавиач гэхээсээ илүүтэй мал худалдан авч байгаа иргэд тус захын хажууд малаа төхөөрч малын сэвс болоод бусад дагалдах зүйлийг хаашаа хамаагүй харсан зүг рүүгээ шидэж байгаад хяналт тавихад илүүдэхгүй гэдгийг хэлмээр байна. Сүүлийн үед хаа сайгүй л халдварт өвчин гарч байгаа мэдээг энд тэндгүй ярьж мэргэжилтнүүд хэвлэл мэдээллийн хэрэгслээр зөвлөгөө өгөх болсон учраас энэ бүхнийг онцлохгүй өнгөрч болохгүй нь.
Б.Анар
Эх сурвалж: "Улаанбаатар таймс" сонин
Сэтгэгдэл ( 0 )