Монгол улс мотобуудлагын 016 дугаар бригадтай боллоо

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 06

Монгол орны төдийгүй аль ч улс орны аюулгүй байдал, тусгаар тогтнолын баталгаа нь цэрэг дайчид, зэр зэвсэг байдаг. БХЯ-наас үндэсний батлан хамгаалах чадавхийг дээшлүүлэх, дотоод бодлогыг төгөлдөржүүлэх, зэвсэгт хүчний үүрэг гүйцэтгэх чадавхийг нэмэгдүүлэх, гадаад хамтын ажиллагааны үр өгөөжийг дээшлүүлэх, цэргийн алба хаагчдын нийгмийн хамгааллын баталгааг хангуулах гээд олон зүйлд анхаарал хандуулан ажиллаж буй. Энэ хүрээнд Зэвсэгт хүчний 016 дугаар ангийг өргөтгөн мотобуудлагын бригад болгосон бөгөөд өчигдөр байлдааны шинэ зэвсэг техникүүдийг хүлээлгэж өглөө. Ёслолын ажиллагаанд Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаяр, БХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга, дэслэгч генерал Ц.Тогоо, ЗХЖШ-ын дэд дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав, Төв аймгийн Засаг дарга Ц.Энхбат болон БХЯ, ЗХЖШ, үндэсний аюулгүй байдлын тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдлага оролцсон юм.

Салбарын сайд нээлтийн үеэр "Монгол Улсын Зэвсэгт хүчнийг шинэчлэх, хөгжүүлэх төрийн бодлого хөтөлбөр үе шаттай хэрэгжиж байна. Улс орны нийгэм эдийн засаг, санхүүгийн чадавхитай холбоотойгоор зэвсэгт хүчний салбарт хөрөнгө оруулалтын болон нийгмийн хамгааллын чиглэлийн олон асуудлыг Засгийн газар, УИХ-аас шийдвэрлэсэн нь үр дүнгээ өгч байна. 016 дугаар анги бие бүрэлдэхүүн болон техникээр 100 хувь хангагдсан мэргэжлийн мотобуудлагын томоохон бригад боллоо. Ер нь ганц энэ анги биш бусад олон ангийг шинэ зэвсгээр хангах ажлыг зохион байгуулж байгаа" гэв. Тус бригадын захирагчаар Зэвсэгт хүчний ерөнхий зориулалтын цэргийн командлалын штабын даргаар ажиллаж байсан манай улсын хамгийн залуу генерал, бригадын генерал Л.Онцгойбаярыг томилжээ.

Биднийг очиход бригадын хуарангаас 500 орчим метрийн зайд олон танк, ачааны болон байлдааны машин эгнүүлэн тавьсан байлаа. Эдгээр зэвсэг техниктэй танилцаж дууссаны дараа мотобуудлагын салааны цэргүүд хуягт танкуудыг асааж бригадын зүг цуваагаар явах нь сүрлэг. Эл байдлаас харахад манай улсын зэвсэгт хүчин чамгүй их батжин өргөжсөн нь илт байв. Тус анги 1923 онд жанжин Д.Сүхбаатарын тушаалаар "Хуягт тэрэгний суман" нэртэй байгуулагджээ. Түүнээс хойш Улиастайн дивиз нэртэй болж Улиастайд байрлаж байсныг нь Батлан хамгаалах яамны I орлогч сайд, Монгол Улсын баатар Б.Цог генерал Сэргэлэнгийн дивиз гэж өөрчлөн Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг Хүйтэний хөндийд нүүлгэж ирсэн байна.

Байгуулагдсан цагаасаа хойш Мон­гол Улсын нутаг дэвсгэрт болсон их, бага бүх дайнд оролцсоноор нь түүхэн дэх онцлог анги гэж нэрлэж болох юм. Тэр ч утгаараа Т.Түүдэй, Б.Цог, Л.Гэлэгбаатар, М.Жанчив, Д.Нянтайсүрэн, Д.Хаянхярваа зэрэг Монгол Улсын 10 баатар төрснөөс гадна маршал Х.Чойбалсангийн нэрэмжит анги гэдгээрээ бие бүрэл­дэхүүн нь бахархдаг юм билээ. Ийнхүү тус анги зэвсэгт хүчний нэгэн томоохон бригад болон өргөжлөө.
Энэ үеэр шинэ бригадын захирагчаар томилогдсон генерал Л.Онцгойбаярын сэтгэгдлийг сонслоо.

ТАЙВАН ЦАГТ Ч БЭЛТГЭЛ ХИЙЖ БЭЛЭН БАЙХ ҮҮРЭГТЭЙ
-016 дугаар ан­гийг бригад болгосны ач холбогдол нь юу вэ?
-Зэвсэгт хүчний бодлого зорилтын хүрээнд 016 дугаар ангийг бригад болгон өргөжүүллээ. Энэ нь тодорхой үе шаттай зохион байгуулагдсан ажил юм. Өөрөөр хэлбэл, шинэ бие бүрэлдэхүүн томилж, бригадын штаб дээр бүх албад, тасаг, нэгжүүдээ хуваарилсны дараа техникээ хүлээн авч байна. Бид тайван цагт ч сургалт, бэлтгэл хийж, ямар ч тохиолдолд бэлэн байх үүрэгтэй. Шинэ зэвсэг техникээр хангагдсан болохоор манай бригадын бэлэн байдал, цэргийн сургалт бэлтгэл, аюулгүй байдал, сахилга зохион байгуулалт дээшилнэ. Бид бүрэн бүрэлдэхүүнтэй танк болон мотобуудлагын батальоныг шинээр байгуулсан. Тиймээс бригадын үйл ажиллагаа, цэргийн сургалт бэлтгэл, олон улсын болон НҮБ-д явах ажиллагааны бэлтгэл хангах зэрэг тайван цагт гүйцэтгэх ёстой сургалт, дадлага одооноос эрчимжинэ. Монгол Улсын зэвсэгт хүчний залуу боловсон хүчин, офицер, ахлагч нар энэ мотобуудлагын бригадаар дамжиж дараагийн шатанд очих ёстой. Хуучин Зүүнбаянг хээрийн цэргийн академи гэж нэрлэдэг байсан бол одоо цэргийн бааз болсон. Түүнчлэн ард түмний нэрлэж заншсан Сэргэлэнгийн дивиз одоо мотобуудлагын бригад боллоо. Тиймээс бид хээрийн цэргийн академийг энэ ангиас зохион байгуулж явуулна.

-Шинэ зэвсэг техникээ сонирхуулбал?
-ОХУ-д үйлдвэрлэсэн "1-12" танк, "БТР-70", ХБНГУ-д үйлдвэрлэсэн мерседес загварын 2.5 тонны ачааны "UNOMEG", "MAN" хэмээх 5-10 тонны даацтай машинууд, Солонгос Улсад үйлдвэрлэсэн байлдааны жийпүүдээр хангагдсан. Өнөөдөр бид хоёр мотобуудлагын батальёоны зэвсэг, хуягт тээвэрлэгч, танкийн батальоны "Т-72" танкуудыг дагалдах техник хэрэгсэлтэй нь хүлээж авлаа. Зэвсэгт хүчний өмнө өргөсөн танг,араг, тавьсан зорилго, үүргээ биелүүлж Монгол Улсынхаа төлөө зүтгэхэд хэзээд бэлэн байх болно.

М.НАРАНБОЛД

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
билгүүн(66.181.161.93) 2022 оны 02 сарын 06

манай анги мундаг

0  |  0
Б.Батцэнгэл(66.181.161.123) 2021 оны 03 сарын 18

Энэ сайхан түүхэн ангид алба хаасандаа маш их баярлаж бахархаж явдаг.

0  |  0
Top