Олгой хорхой буюу хорны уут

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 16

            Монголын их говьд тайлагдашгүй нууц олон бий. Үлгэр домгийн энэ гайхамшигт ертөнцийн дотроос олгой хорхой гэгч аймшигт амьтны тухай сонссон хийгээд уншсанаа эргэцүүлэн байж таны сонорт хүргэе. Өнөө хэр олгой хорхойг үзсэн харсан гэхээс бус, яг амьдаар нь барьсан явдал гараагүй байгаад л хэргийн гол учир нуугдаж байгаа.

            ...Радиочин баруун гартаа буу бариад том манхны өөд ухасхийв. Ямар хачин юм бэ, хиам шиг гэж жолооч тэр үл мэдэгдэх амьтныг үргээчих вий гэсэн мэт чихэнд минь шивнэв. Үнэхээр тэр амьтны нүд ам, тэр ч байтугай хөл нь ч харагдахгүй байлаа. Уг амьтан метр хэртэй урт бүдүүн хиамтай их төстэй байв. Хоёр үзүүр нь мохоо болоод толгой сүүл нь ялгагдахгүй аж. Цөлийн үл мэдэгдэх амьтан болсон тэр бүдүүн том хорхой нил өнгөтэй элсэн дунд атиралдан байв.

            -Мөн  булиа амьтан аа! Очиж барьж авъя гэж Гриш дуу алдан кабинаас үсрэн буухад радиочид:

            -Боль, боль, битгий бууд. Амьдаар нь барья гэж хашгиран түүний араас гүйв. Элсэн манхны бэлээр түрүүчийнхээс илүү том хоёр дахь “хиам” өнхөрч явна. Энэ  үед монгол өвгөн кузовоос элсэн дээр эргэлдэн унаад, миний гараас зууран, царай нь айсандаа татвалзаж,

            -Хүүхдүүдийг буцааж дууд. Шалавхан, тэнд үхэл байна гэж хэлээд амьсгаадан, дахиад л “ой, оог” гэх шиг /бодвол олгой хорхой гэх гэсэн биз. Э.Х/ нэг юм хашхичин орилов. Би ч Гриш, Миша хоёрыг буц гэж дуудсан боловч сонссон эсэх нь бүү мэд, өнөөх үл мэдэгдэх амьтан тийш гүйсээр байв. Гэтэл хоёр хорхой гэнэт цагираглаж, тэрхэн зуур өнгө нь бор шар байснаа даруй бараантаж, нил хөх өнгөтэй, хоёр үзүүрээрээ тод цэнхэр өнгөтэй болох нь тэр. Радиочин огт дуу ч гарсангүй элсэн дээр ойчоод тэр чигтээ хөдөлгөөнгүй болчихов. Агшин зуур болмогц Гриш бас л хачин нугараад хажуугаараа ойчив. Би гар буугаа барьсаар манхан дээр гүйж гарахад нууцлаг хорхойнууд нэг тийш алга болчихжээ. Нөхдийн маань хөдөлгөөнгүй бие, жигшүүрт муухай амьтдын мөр гарсан элсэн дээр хэвтэж байв. Тэр хоёрын царай боомилж үхсэн мэт хөхөрчээ. Өвгөн газарч элсэн дээр аяархан мэгшин уйлж сууна. Бид нөхдийнхөө хүүрийг нил өнгөт элсэнд хаяж чадалгүй машины кузовт ачив. “Яг л нүдэнд харагдтал бичигдсэн дээрх үйл явдлыг уншаад хэн боловч үнэмшихээс өөр аргагүй юм. Зөвлөлтийн палеонтологич, эрдэмтэн, зөгнөлт зохиолч И.А.Ефремовын энэхүү уран сэтгэмжийн өгүүллэг 35 жилийн тэртээ монгол хэлнээ гарсныг хүмүүс уншсан байх. 1946-1949 онд Зөвлөлтийн шинжлэх ухааны академийн гурван экспедици удирдан Монголд ажиллаж байсан Ефремов “Салхины замаар” гэдэг замын тэмдэглэл номоо Москвад хэвлүүлсэн бөгөөд 1957 онд бичсэн “Олгой хорхой” өгүүллэг нь ч тэр номонд хэвлэгдсэн билээ. Их эрдэмтний дээрх өгүүллэгийг уншихад зохиолч өөрөө олгой хорхойн тухай маш сайн ойлголттой байсан нь тодорхой. Бодвол монголчуудын амнаас олон зүйл сонсож, түүн дээрээ үндэслэн эл өгүүллэгээ бичсэн буй заа. Одоо бид танд монгол хуучаас дэлгэе.

            Н.Балжир өвгөн доорх түүхийг өгүүлж байна.

15 дугаар жарны усан бар жил Зэл элсний баруун хөвөөнд зуны дунд сарын шинийн найманд арав гаруйхан настай хөвгүүн би мал тууж явлаа. Зүүхэн талд минь олгой зайдас мэт биетэй нэгэн амьтан харагдсанд цочин сандрав. Төдөлгүй дотор муухай болж, хамаг биеийн хөлс цувран, амьсгаа давхацсан гэж жигтэйхэн. Арга ядахдаа өнөөх амьтныг дахин харах санаатай дөхөж очиход хэдийнээ алга болсон байлаа. Хожим нутгийнхнаасаа магадлавал, өнөөх чинь олгой хорхой байсан аж. Нэрт сэтгүүлч Л.Гомбожав “Егүүтгэгч хорхой” гэдэг сайхан нийтлэл 1990 онд бичиж олны анхаарлыг татсан билээ. Түүнд цааш өгүүлсэн нь:

          Хоёр эрэлчин Ингэн усны говьд төмөр мэт зүстэй, олгой мэт хэлбэртэй хачин амьтантай таарчээ. Түүнийг нэг нь тэнзэн ташуураар оролдмогц нөгөө амьтан цусан улаан өнгөтэй болж, оролдсон хүн ч тэр дороо үхэтхийн унажээ. Дүрсгүй эрэлчний гар хүрэн эрээн болтлоо хавдаад төдөлгүй амьсгал хураасан гэдэг. Одоогоос 70-аад жилийн өмнө Өмнөговь, Баянхонгорын зааг хавьд геологи хайгуулын хэдэн хүн ажиллаж байхдаа олгойтой цус мэт үзэгдээгүй муухай амьтантай таарч айж тэвдсэнээс түүн рүү бензин цацаж шүдэнз зурсанд хүчтэй дэлбэрэлт болж тэр орчныг цусан нөж бүрхсэн төдийгүй олон хүн нь нас баржээ. Олгой хорхойг шөнө бүдэгхэн хөх дөл мэт туяа гаргадаг гэлцэх. Тэр нь элсэн доороос хүнийг нэвт хөхөх мэт хаздаг юм гэнэ лээ. Тиймээс говьчууд олгой хорхойтой байж болзошгүй гэсэн газраа гурван давхар эсгий дэвсэж суудаг уламжлалтай, түүний аюул хорыг олон давхар эсгийгээр хариулдаг, сэргийлдэг байжээ гэж Өмнөговийн уугуул, сэтгүүлч Лүймэдийн Баттулга бусдаас дуулснаа өгүүлсэн нь бий. Орооныхоо үед олгой хорхой эр эмээ хайж ил гардаг, бусад цагт элсэн доор орогнодог гэлцэх. Олгой хорхой нь аалз төрөлтөн боловч хэвлээр явагч хосолмол шинжийг хадгалсан өвөрмөц амьтан байж болзошгүй. Сургийг эрлээр олж уг амьтан шинжлэх ухаанд нээгдвэл 50 мянган төрөл зүйлийн аалз юмуу, 6500 төрөл зүйлийн хэвлээр явагчдын бүртгэлд нэгэн шинэ “гишүүн” нэмэгдэнэ. Таван хорын уурхай болсон арваалж, цагаан тэмээ, дигбаранз, могой, олгой хорхой байгалиас заяасан зэвсэгтэнгүүд юм. Эхний дөрөв нь хүн амьтныг хордуулдаг тул “химийн” буюу бактериологийн зэвсэгтэй юм. харин егүүтгэгч буюу олгой хорхойг бичил “цөмийн зэвсэгтэн” байхыг үгүйсгэх аргагүй. Хэзээ нэгэн цагт домог мэт яриа үнэн болж, эрэлчин, жуулчин, эрдэмтэн мэргэдийн эрэл, ухааны шидээр егүүтгэгч  хэмээгдэх олгой хорхой үзэсгэлэнгийн танхимд ч юмуу, шинжлэх ухааны ширээнээ морилох өдөр мөдхөн буй за.

Э.Хархүү Zindaa.mn

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Enguun(66.181.179.104) 2022 оны 12 сарын 14

гоё

3  |  0
(27.123.214.113) 2021 оны 12 сарын 16

Umnugovi aimagt bdiimaa ter nutgiin hugshchuul sain medne

3  |  0
(202.21.106.148) 2021 оны 12 сарын 16

uburmongolin barimtat kino bdgiin bna lee tiim ih hortoi bish humuus barichihsan bdagiin 40 cm orchim tsaivar yum bna lee neeh ih il gardagui gesen

1  |  2
erdemhaan(202.179.10.150) 2021 оны 12 сарын 16

ene horhoi baidag yumaa ih howor vzegdene.

1  |  1
erdemhaan(202.179.10.150) 2021 оны 12 сарын 16

ene horhoi baidag yumaa ih howor vzegdene.

1  |  1
erdemhaan(202.179.10.150) 2021 оны 12 сарын 16

ene horhoi baidag yumaa ih howor vzegdene.

1  |  1
myangaa(182.160.23.114) 2021 оны 12 сарын 16

ter horhoi neree biadag bol uduhgui baival delberhgui

0  |  1
ariunbayar(203.194.115.20) 2021 оны 12 сарын 16

bi ene horhoig baihgui gej bodoj baina. tegeed ch ene horhoig harj baigaagui gesen bizdee.

0  |  3
Top