Өнөөдөр Эрийн гурван наадмын нэг болох үндэсний сурын харваа урианхай сураар эхэллээ. Хэдийгээр наадам дөхөж Ерөнхийлөгч хүндэтгэлийн үгээ хэлж наадмаа нээгээгүй байгаа ч сур харваа эхэлснээр наадам эхэлж байгаа гэж ойлгож болно. Тун удахгүй Монголын ард түмэн дэлхийд ганцхан монгол наадмаа өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлэх гэж байгаа энэ цаг үед сур харваа мэргэн эхэллээ. Ахмад, залуу үе, мэргэн нийлсэн зуугаад харваачид цэц мэргэнээ сорьж байгаагаас залуу харваачид дийлэнх хувийг эзэлж байна. Түүнчлэн залуу харваачдын тоо нэмэгдсэнээс гадна чанар чансаа нь өсчээ.
Цагаасаа багагүй хоцорч эхэлсэн урианхай сурын харвааг нээж анхны сумыг Улсын мэргэн, урианхай сурын хошой мэргэн харваач, спортын мастер А.Хонгор тавилаа.
А.Хонгор: Цэцэн мэргэн онох ухаан монголчуудад л байдаг
-Наадам урианхай сураар эхэлж байна. Дийлэнх нь залуу харваачид харагдлаа. Таны хувьд харваачдын өнгийг хэрхэн дүгнэж байна вэ?
-Наадмын өнгө сайхан эхэлж байна шүү. Нар хур тэгширсэн сайхан өдөр эхэллээ. Сүүлийн үед харваачдын оноо, цэц мэргэ их сайн, бэлтгэл ч сайтай байна. Учир нь харваачид өвөл зунгүй бэлтгэл хийдэг болсон. Манай харваачид үндэсний сурын харваагаар хичээллээд зогсохгүй бусад харваад ч цэц мэргэнээ сорин хичээллэх болсон шүү. Мөн залуу харваачид байт харваа руу орж, багагүй амжилт үзүүлж байна. Ер нь монголчууд цэцэн мэргэн онодог нь геньд нь байдаг гэж боддог юм. Иймд үндэсний сураа улам сайн хөгжүүлэх хэрэгтэй. Энэ тухай Ерөнхийлөгчийн зарлиг гарсан. Үндэсний спортыг хөгжүүлэх хөтөлбөрүүд ч гарч байна. Мөн төрөөс бодлого сайтай, тууштай ажиллавал Олимпоос хүсээд байдаг медалиудыг манай харваачид ядах юмгүй аваад ирнэ гэж ойлгодог шүү. Залуу харваачид их өсч байна аа. Харвааны олон төрөлд цэц мэргэнээ сорьж амжилт гаргаж байна. Сур харваа үүсч хөгжсөнөөсөө эхлээд л гэр бүлийн спорт гэж яригдсаар ирсэн. Ялангуяа хөвгүүд сурд цэц мэргэнээ сорихыг хүсдэг. Үүний тулд аав, ах нартаа сумыг нь зөөн ойртуулж, “Мэргэн болоорой” гэсэн урмын үг сонссоноор сурд хорхойсох эхлэл нь тавигддаг. Сур харвахад угийн монгол удамшил, гень байна. Ирээдүйн их том амжилтын эзэн магадгүй энэ талбай дээр байгаа байх.
-Урианхай сурын тухай уншигчидтайгаа хуваалцахгүй юу?
-Миний хувьд өнөөдөр зурхай ахалж босож байна. Урианхай сур Хүннү, Чингисийн үеэс өвлөгдсөн улсын маань соёлын биет болон биет бус өв юм. Суртай холбоотой ёс заншил, зан үйлийн ажиллагаанууд байдаг. Жил болгон улсын их баяр наадмаар харваагаа урианхай сураар нээдэг. Учир нь эхгүй гол, эцэггүй хүүхэд байдаггүйтэй адил урианхай сур нь сурын өвөг юм. Нумын эх нь урианхай хавчаахай байдаг. Өөрөөр хэлбэл хоёр том өв нь урианхай сурд байдаг гэсээр зурхайн зүг явлаа.
Урианхай сурын тухай дэлгэрүүлвээс:
Урианхай нарын дунд одоо ч түгээмэл байгаа үндэсний спортын нэгэн төрөл бол сурын харваа билээ.
Урианхай хүн сур харвах нь тэр жилдээ сайн сайхан явахын үүд хаалгыг нээнэ хэмээн үзэх агаад аливаа баярт үйл явдал, эсвэл золгүй явдал тохиолдвол заавал сур харвуулдаг заншилтай ажээ. Урианхайчууд сур харваанд оролцох хүний тоог хязгаарлахгүй, бүх харвах хүнийг хоёр тал болгон хуваадаг. Харин сур харвахаар ирсэн хүн 3 сум, 2 чих авчрах ёстой.
Урианхай хүн сурыг чих гэж нэрлэнэ. Тэр нь морины цулбуур, чөдрийг бөөрөнхийлөн зангидаж хийсэн нэгэн зүйл бай (сур) билээ. Сурын талбайг засахдаа цэвэрлэсэн газрынхаа голд чихээ нэг эгнээ цувуулан тавьж, сайтар доош суулган дарах бөгөөд үүнийгээ “халз дарах” гэдэг ажээ. Өрсөн чихнээс хоёр тийш дөрөв, дөрвөн метр зайтай, чихтэйгээ зэрэгцээ 10-15 см өндөр шороо (зурхай) татах бөгөөд үүнийгээ өтвөг гэнэ.
Урьд цагт 40 нумны газраас харваж байсан гэж ярилцах боловч одоо гол төлөв 30 нумны газраас харваж байна. Өмнө талын өтвөг (зурхай) хөдөлбөл оносонд тооцохгүй, цаад өтвөгийг оносон сур заавал давах ёстой. Анхны сурыг ахлагч нар эхлэн тавьдаг номтой. Эхний онох чихийг “магнай” гэх агаад ономогц “магнай хагарлаа” хэмээн уухайлна. 2 дахь сурыг “тэгнээ”, 3 дахийг “ганзага”, 4 дэхийг “уяа” гэнэ. Хүн бүр нэг ээлжинд 3 сум тавих бөгөөд онох бүрий “дагуул” хэмээн уухайлна. Энэ нь үүн шигээ дахиад оноод бай гэсэн утга бүхий ажээ.
Харваач бүр өрөг дуусахад ядаж “өөрийн” 2 чихээ оносон байх шаардлагатай бөгөөд эс чадвал “хамба суулгана”. Хамба суулгана гэдэг нь нэгэн зүйл шийтгэл агаад үнэндээ харвах эрхийг нь хасч байгаа хэрэг юм. Харвалтыг түргэтгэхийн тулд сурын гуравны нэг нь үлдмэгц 10 нумны газраас харвана. Сүүлийн нэг чихийг ахлагч нарын зөвшөөрлөөр харвадаг.
Х.Заяа
Сэтгэгдэл ( 0 )