Ж.Нямдаваа: Өмнөх жилүүдтэй харьцуулахад олон хүүхэд цэц мэргэнээ сорьж байна

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 09

Жил бүр улсын их баяр наадмаар сур харваа түрүүлж эхэлдэг уламжлалтай. Өнгөрсөн бямба гаригт Урианхай, ням гаригт Буриад сур эхэлсэн бол өнөөдөр хүүхдийн сур эхэллээ. Нийслэл болон орон нутгаас 90 орчим хүүхэд цэц мэргэнээ сорихоор ирсэн. Тэд үндэсний сур харваа болох халх сураар өрсөлдөж байгаа бөгөөд 6-17 насныхан юм.

Ингээд Үндэсний сурын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, спортын мастер Ж.Нямдаваатай цөөн хором ярилцлаа.

-Хүүхдийн сур харваа өнгөрсөн жилтэй харьцуулахад ямар цар хүрээтэй болж байна вэ?

-Өнгөрсөн жилтэй харьцуулахад харваачдын тоо нэлээн багасах болов уу гэж бодож байсан юм. Тэгтэл ноднин жилийн өндөр ойн жилтэй дүйцэхүйц хэмжээнд 90 орчим харваач хүүхэд хүрэлцэн ирж, цэц мэргэнээ сорьж байна. Өнгөрсөн жил 100 орчим хүүхэд хүүхэд харваанд оролцож байлаа. Аймаг, орон нутгаас оролцож байгаа идэр, өсөх мэргэчүүд, улсын аварга хүүхдүүд ирлээ. Зурхайнаас харж байхад бэлтгэл нэлээн сайн байна. Энэ жилийн онцлог гэвэл хүүхдүүд бие даан идэвх зүтгэлтэй оролцож, зурхайн шүүгчээр 16-17 насны туршлагатай харваач хүүхдүүд ажиллаж эхэллээ. Өнгөрсөн жилүүдэд зурхайн шүүгчийг насанд хүрсэн харваачид хийдэг байсан.

-Хүүхдийн харваа насанд хүрэгчдийн харваанаас ялгаатай юу?  

-Хүүхэд болон насанд хүрэгчдийн харвах бай ижил байдаг. 8:8 см-ийн өндөр, 8 см-ийн диаметртэй, цлиндр хэлбэртэй “хасаа” гэдэг “бай” байдаг. “Хана” харваанд 60 хасаа, “Хасаа” харваанд 30 хасаа, “Тов” харваанд 16 хасаа тавина. Энэ нь насанд хүрэгчдийн байтай адилхан. Хүүхдийн харваа зайгаараа ялгаатай. Эмэгтэй төрөлд 9-11 нас 35 метр, 12-14 нас 45 метр, 15-17 насныхан 55 метрийн зайнаас харвадаг. Эрэгтэй төрөл эмэгтэй төрлөөс тус бүр 10 метрийн илүү байна. Мөн 8 буюу түүнээс доош настай харваачид эрэгтэй төрөл нь түүний насыг дөрвөөр үржүүлсэнтэй тэнцүү, эмэгтэй харваач хүүхдийн насыг гурваар үржүүлсэнтэй тэнцүү зайнаас харвадаг. 8 наснаас доош хүүхдийн тухайд идэр, балчир мэргэчүүд гэж явдаг. Балчир хүүхдийн харваа тусдаа явагдана. 9-17 насанд өсөх идэр мэргэн цол авдаг. Хүүхдийн цолыг сурын холбооноос олгодог журамтай. Харин насанд хүрэгчдийн цолыг Ерөнхийлөгчийн зарлигаар олгоно. Өсөх идрээс гадна тод мэргэн, идэр мэргэн гээд хэд түрүүлснээрээ ялгаатай. Одоохондоо хүүхдүүд дараалаад гурав, дөрөв түрүүлэх нь ховор байна. Дийлэнхдээ л шинэ өсөх идэр цолтон төрдөг юм.

-Улсын хэмжээнд харваач хүүхдүүд хэр олон байдаг вэ. Хүүхдийн харваа урьд жилүүдээс нэмэгдсэн харагдаж байна?

-Урьд жилүүдтэй харьцуулахад олон харваач цэц мэргэнээ сорихоор иржээ. Ноднин бараг 100 гаруй хүүхэд харвасан. Энгийн жилүүдэд 40-50 орчим харваач хүүхэд оролцдог байсан. Энэ жил 50-60 харваач оролцох болов уу гэтэл 90-ээд харваач хүүхэд ирлээ. Тэгэхээр жилээс жилд харваж байгаа хүүхдүүдийн тоо нэмэгдэж байна гэсэн үг. Залуу харваачдын тоо эрс өсч байгаа. Залуу харваачидтай дүйцэхүйц хүүхдийн тоо ч нэмэгдэж байна. Хөдөө, орон нутагт хүүхдүүдийн харвах сонирхол, бэлтгэж байгаа хэлбэр маш сайн байгаа. Улаанбаатарт бэлтгэл бага зэрэг сул байгааг хэлэх нь зөв болов уу.

-Бай шагналын тухайд?

-Насанд хүрэгчдийнхтэй адил байж чадахгүй байх. Бай шагналын тухай хэлж мэдэхгүй байна.

-Орон нутгаас ямар аймгууд оролцож байна вэ?

-Өмнөговь, Төв, Дундговь, Хэнтий аймгуудаас хүүхдүүд нэлээн идэвхтэй. Ялангуяа Өмнөговь, Төв аймгийг онцлох нь зүйтэй. Улсын аваргад гэхэд л 10 хол давсан хүүхэдтэй ирдэг. Одоо ч гэсэн 14-15 хүүхэд оролцож байна. Мөн Баянхонгор, Өвөрхангайгаас хүүхдүүд ирж оролцдог. Ялангуяа Өвөрхангай аймгийн Хужирт, Булган аймгийн Бүрэгхангай сумаас оролцдог. Өнгөрсөн жил эрэгтэй төрөлд н.Сосорням түрүүлж Өвөрхангайгаас өсөх идэр төрсөн. Энэ жил түүний бэлтгэл сайн хангагджээ. н.Сосорням энэ жил насанд хүрэгчдийн төрөлд цэц мэргээ үзэхээр зориглосон байна. Хүүхдийн төрөлд ч харваж байгаа.

-Өмнөх жилд амжилт гаргасан хүүхдүүд хэр оролцож байна вэ?

-Улсын гурван удаагийн аварга Дорноговь аймгийн Батням, өнгөрсөн жил түрүүлсэн Сосорням, Номуун, Номин, олон удаагийн улсын аварга Төв аймгийн харваач Учрал, Энэрэл гэдэг эгч дүү хоёр, Отгонжаргал манлай харваач гэх мэт амжилт үзүүлсэн хүүхэд олон байгаа. Мөн 18 нас хүрчихсэн харваач хүүхдүүд насанд хүрэгчдийн төрөлд орохоор иржээ.

-Харвааны дүн хэзээ гарах вэ?

-Өнөөдөр оройдоо гарна. Хана харваанд 20, Хасаа харваанд 12 сум тавьдаг юм. Тэгээд 32 сумны нийлбэрээс мэргэчүүд тодорно доо.

-Сур харвааны хэдэн төрөл байдаг вэ?

-Үндэсний сурын харваа урианхай, буриад, халх, бөмбөг намнах харваа, саранпай харваа гээд янз бүрийн хэлбэрээр явагддаг. Мэргэн олгогдож байгаа харваа бол халх буюу үндэсний сурын харваа юм. Хүүхдүүд буриад, урианхай харвахгүй. Халх харвааны техникээр харваж цол хүртэнэ.

 

Цэц мэргэнээ сорьж байгаа авьяаслаг хүүхдүүдтэй ярилцсанаа хүргэе.

Хамгийн бяцхан харваач Б.Баттүшиг:

- Өөрийгөө танилцуулахгүй юу?

-Намайг Б.Баттүшиг гэдэг, би зургаан настай.

-Сур харваж сураад хэдэн жил болж байна вэ? Хүүхдийн сур харваанд хэдэн удаа оролцож байна?

- Гурав дахь жилдээ харваж байна. Өмнө нь нэг л удаа хүүхдийн харваанд оролцсон.

-Танай удамд сур харвадаг хүн байдаг уу?

-Байхгүй.

-Бэлтгэл сургуулилтаа хэр хийсэн бэ?

-Лагер дээрээ хийсэн.

-Багшийг нь хэн гэдэг вэ?

-н.Бадамханд гэдэг.

-Бэлтгэлээ хэдэн метрээс хийж байв. Одоо чиний зай холдоод байх шиг байна?

-24 метрээс хийж байсан. Одоо 35 метрээс харваж байна. Тэгээд надад жоохон хэцүү байна.

-Чамтай өрсөлдөхөөр хэр олон хүүхэд ирсэн харагдаж байна вэ?

-Гурав


Говьсүмбэр аймгийн Бор-Өндөр сумын Бор-Өндөр цогцолбор сургуулийн 8-р ангийн сурагч, “Тэнгэрийн зэв” клубын харваач, өсөх идэр мэргэн Э.Цэндцэсэм:

-Өөрийгөө манай сайтын уншигчдад танилцуулахгүй юу? Хаанаас ирж цэц мэргэнээ сорьж байна вэ?

-Намайг Энхбатын Цэндцэсэм гэдэг. 13 настай. Бор-Өндөр сумаас ирсэн. Ганхуяг багшийн удирдлага дор хичээллэдэг.

-Хэзээнээс сураар хичээллэж эхлэв? Сур харвадаг удам бий юу?

-Гурван жил хичээллэж байна. Анх бие хамгаалах урлагаар хичээллэж эхэлсэн. Тэр үед багш маань надад сур харвах санал тавьсан. Тэгээд хамгийн анх бага олимпод оролцож алтан медаль авч байсан. Эмэг эхийн маань талд харваач удам байгаа.

-Бага олимпынхоо талаар тодруулахгүй юу?

-Бага олимп нь олон төрлөөр явагддаг тэмцээн байдаг. Гүйлт, шагай, сур гэх мэт.

-Сур харваж байх хугацаандаа ямар амжилт үзүүлсэн бэ?

-Олон наадамд оролцож түрүүлж байсан. Өнгөрсөн жил улсын наадамд түрүүлж өсөх идэр харваач болсон. 32 сумнаас 28 онож түрүүлсэн юм.

-Чиний үеийнхэн хэдэн метрийн зайнаас харвадаг вэ?

-Миний үеийнхэн 45 метрийн зайнаас харвадаг. Энэ жил ч гэсэн 45 метрийн зайнаасаа харвана.

Х.Заяа

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
b.buynaa(112.72.13.6) 2015 оны 10 сарын 07

Sur harvaanii bagd heden hun bdgiin bol

0  |  0
Top