Гаалийнхныг уг нь бузрыг оруулдаггүй, буяныг гаргадаггүй овоо улс юм гэж боддог байлаа. Гэтэл өнөөдөр гаалийнхан бүр эрээ цээрээ алдаж байна. Наадмын гурван өдөр наадамчин олныг баярлаж байх зуур гаалийнхан сэм гэгч нь борооноор гэтэв. Гэтэх гэтэхдээ бүр гэрийнхээ юмыг хулгайлж гадагшаа зарах шахжээ.
Гаалийн Д.Цэвээнжавын “хүмүүс” дахиад л хэрэг тарилаа. Тодруулбал тэд хууль бус наймаачидтай хамтран, гаалийн хуурамч бүрдүүлэлт хийж, хилээр хууль бусаар их хэмжээний хуш модны самар гаргах гэж байгаад Нийслэлийн хөдөлгөөнт эргүүлийн албаныханд газар дээрээ гардуулжээ.
Цадигаа алдсан гаалийнхны ээлжит хэрэг дахиад шуугиан тарих нь. Энэ удаад олон хавар нэгэндээ гэгчээр хэрэг бүр ноцтой байсан бололтой. Уг хэргийг гардаж хийсэн хүн бол Гаалийн улсын байцаагч Д.Гансүх гэгч аж. Тэрээр улсын серийн дугаартай лац, тамгыг самрын наймаачдад өгч, хуурамч бичиг баримт бүрдүүлэхэд нь “гүн туслалцаа” үзүүлжээ.
Наадамчин олон бужигнасан энэ үед уг хэргийг цагдаагийхан илрүүлээгүй бол дөрвөн воган буюу 100 тонн хуш модны самар урд хөрш рүү хууль бусаар гарч ашиг хайсан хумхай бодолтой хулгайч нарын халаасанд орох шахсан аж. Гаалийн байцаагч Д.Ганхуяг гэгч БНХАУ руу хаягдал цаас гаргах нэрийдлээр МТЗ-ын ачаа тээшний газарт вагоны захиалга өгчээ. Улмаар захиалга авсан дөрвөн вагондоо хаягдал цаас биш самар ачиж байхыг тухайн үед тэр хавиар явж байсан хүн харж, эргүүлийн цагдаа нарт хэлснээр энэ хэргийг таслан зогсоож чаджээ.
Дээр хэлсэнчлэн Д.Цэвээнжав даргын хүмүүс гэж хэлсэн нь өөрийн эрхгүй хардлага төрүүлэхэд хүрч байгаа юм. Ер нь гаалийнхантай холбоотой хэрэг сүүлийн жилүүдэд тасрахаа байлаа. Өчнөөн хээл хахуул авсан гаалийн байцаагч нөхдүүд хууль хяналтынханд шалгагдаж байгаа авч эдгээр авилга авсан байцаагч нарын хэрэг ямар шатандаа яваа нь одоог хүртэл бүрхэг. Хууль чанга, шүүх үнэн л юм бол Гаалийн байцаагч нэртэй хулгайч нарт дорвитойхон хариуцлага тооцох цаг иржээ.
А.ТЭМҮР

Сэтгэгдэл ( 0 )