Г.Билгүүн: Цахим үнэмлэхийг орон нутгаас эхлэн хэвлэнэ

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 17

Цахим иргэний үнэмлэх хэвлэж, олгож эхэлсэнтэй холбогдуулан өнөөдөр УБЕГ-ын дэд дарга Г.Билгүүн мэдээлэл хийлээ.

Г.Билгүүн хэлэхдээ "Иргэдийн цахим үнэмлэхийг энэ сарын 1-нээс эхэлж хэвлэх байсан. Гэтэл УИХ-ын болон НИТХ-ын сонгуультай холбогдуулан дөрөвдүгээр сарын 28-наас шилжилт хөдөлгөөнийг зогсоосон. Энэ хугацаанд нэг ч иргэний шилжилт хөдөлгөөн хийгдээгүй юм. УБЕГ-аас гаргасан судалгаагаар сард улс даяар 60 мянган иргэн шилжилт хөдөлгөөн хийлгэдэг. Үүнээс үзэхэд 40-50 мянган иргэний шилжих хөдөлгөөн хойшилсон. Энэ хугацаанд бүртгэлийн байгууллага амралтын өдрүүдээр хүртэл ажилласан.

Цахим үнэмлэхийг хэвлэх ажил 11-нээс эхэлсэн. Орон нутгаас эхэлж цахим үнэмлэхийг хэвлэхээр төлөвлөсөн. Учир нь орон нутагт шилжих хөдөлгөөн харьцангуй бага байдаг. Харин орон нутгийн иргэдийн цахим үнэмлэхийг хэвлэх хугацаанд нийслэлчүүд хаягийн шилжилт хөдөлгөөн хийлгэх бүрэн боломжтой юм. Ирэх наймдугаар сард нийслэлчүүдийн цахим үнэмлэхийг хэвлэнэ. Одоогийн байдлаар Говьсүмбэрийн 7061, Говь-Алтайн 27662 иргэний үнэмлэхийг хэвлэж дууссан. Дараа нь Өмнөговь, Дундговь, Дорноговь, Дорнод, Завхан аймгуудын иргэний үнэмлэхний мэдээллийг хэвлэх машин руу оруулах ажлыг УБЕГ-ын Мэдээлэл технологийн газар эхлүүлэн ажиллаж байна. Энэхүү үнэмлэхээ бүс бүсээр нь багцалж хүргэх бөгөөд хэвлэлтнээс гарсныг нь аймгууддаа тарааж эхлэнэ. Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчдийг сонгох сонгуулиас өмнө Монгол улсын иргэн бүрийг цахим үнэмлэхжүүлэх ажлыг хуваарийн дагуу хийнэ" гэж мэдэгдлээ.

Мөн цахим үнэмлэхний бэлдэц гэрээнд заагдсан хугацаандаа ирж байгаа. Нийт захиалгаар 1.999.495 бэлдэц ирэх ёстой. Энэ сарын 16-ны байдлаар 1.460.660 цахим үнэмлэхний бэлдэц ирсэн. Харин одоо 538.835 бэлдэц авчирна. Цахим үнэмлэх хуучин хаягаар хэвлэгдсэн тохиолдолд бэлдэц дээр нэмэлт тэмдэглэгээ хийхгүй бөгөөд дахин шинээр хураамжаа төлөн шинэчлүүлэн авах юм байна.

Х.Даваа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top