Өмнөговь аймгийн Тост ууланд саяхан мэндэлсэн ирвэсийн гурван зулзаганы зургийг дуранд буулгаж, нэг минутын бичлэг хийжээ. Уг ажлыг ирвэс хамгаалах “Пантера” хөтөлбөрийн эрдэмтэд гүйцэтгэсэн байна. Тус бичлэг нь монгол ирвэс зулзаганыхаа хамт дүрс бичлэгт орсон дэлхийн анхны тохиолдол юм.
Хүний нүдэнд өртөөд байдаггүй зожиг, нууцлаг энэ амьтны үржлийн үе, үр төлөө хэрхэн төрүүлдэг, үүрээ яаж сонгодог зэргийг олон жил судалсны үр дүнд ийм амжилтанд хүрчээ. Эхлээд тэдгээр амьтанд зориулан хэд хэдэн үүр засаж бэлтгэсэн гэнэ. Анх удаа монгол хүний гараар барьсан үүрэнд ирвэс зулзагаа төрүүлсэн тохиолдол нь энэ юм.
Ажиглаж байсан хоёр эмэгчний нэг нь хоёр, нөгөө нь нэг гүен гаргасан аж. Зулзагалсан ирвэсүүд идшээ бэлтгэхээр явсан үед эрдэмтэн Иохансон үүрэндээ байсан гурван гүенгийн зургийг авч, бичлэг хийж амжжээ. Түүнчлэн зулзагануудын арьсан дор GPS болон камер бүхий чип суулгасан бөгөөд үүний тусламжтайгаар тэднийг хэрхэн өсөж томрохыг судлахаас гадна аюулд өртөхөөс хамгаалах боломжтой болжээ.
Х.Заяа

Сэтгэгдэл ( 0 )