Хоёр цаг орсон аадар бороо нэг тэрбум төгрөгийн хохирол учруулжээ

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 18

Онцгой байдлын албаны бие бүрэлдэхүүн өнгөрсөн өдрүүдэд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллажээ. Учир нь, сүүлийн өдрүүдэд нийт нутгаар усархаг бороо орж, ихэнх нутагт үер усны аюул нүүрлэснээс хүн, мал усанд осолдох нь ихсэх болсон.

Тухайлбал, Баянзүрх, Баянгол, Хан-Уул дүүрэг, Архангай, Баян-Өлгий, Өвөрхангай, Завхан, Сэлэнгэ, Төв аймгийн нутагт усархаг бороо орж, аянга буусны улмаас таван хүн түлэгдэж, 18 хүн усанд осолдож амиа алдсан бол, 272 гэр усанд автаж, 364 толгой мал хорогдсон байна. Орхон аймгийн Баян-Өндөр суманд долдугаар сарын 13-14-нд шилжих шөнө усархаг бороо хоёр цагийн турш үргэлжлэн орж 90 мм-ийн тунадас унасны улмаас үерийн нөхцөл байдал үүсч ихээхэн хохирол амсчээ. Үүний улмаас хоёр хүний амь эрсдэж, хот доторх авто замын тав, явган хүний хоёр гүүр, гарц эвдэрч, дөрвөн автомашин, 260 айл өрх, хүнсний ногооны 9,7 га талбай усанд автаж, өндөр хүчдэлийн таван тулгуур баганад хазайлт өгч, хотын цэвэр усны шугам гэмтсэн байна. Одоогоор хохирлын хэмжээг урьдчилсан байдлаар нэг тэрбум орчим төгрөг гэж тооцжээ. Хоёр цаг үргэлжлэн орсон бороо ийнхүү ноцтой хохирол учруулсан ч аймгийн онцгой комиссынхон шуурхай арга хэмжээ авчээ.

Х.Даваа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top