Монгол улсад Дотоодын цэрэг үүсгэн байгуулагдсаны түүхт 90 жилийн ойг энэ сарын 19-ний өдөр буюу маргааш тэмдэглэнэ. Ойг угтаж өнөөдөр Цагдаагийн ерөнхий газраас эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан дотоодын цэргийн 123 алба хаагчийг цагдаа, дотоодын цэргийн байгууллагын болон бусад яам, агентлаг, хамтран ажилладаг байгууллагын шагналаар шагналаа.
Дотоодын цэрэг анх 1922 онд Ардын түр Засгийн газар, Бүх цэргийн зөвлөлийн шийдвэрээр Дотоодыг хамгаалах газрын дэргэд 13 цэрэгтэй “Тусгай тасаг” нэртэй байгуулагдсанаас хойш эдүгээ дайчин замналынхаа түүхт 90 жилийн ойтойгоо золгож байгаа аж. Дотоодын цэрэг нь үүсгэн байгуулагдсан үеэсээ улсын онц чухал албан газруудыг манаж хамгаалах, хоригдол ялтанг хуяглан хүргэх, цагдан харгалзах, алслагдсан аймаг хошуудад баримт бичиг хүргэх зэрэг үүрэг гүйцэтгэж байжээ. Тус тасгийг 1922 оны сүүлээр “Тусгай салаа”, 1924 онд “Тусгай суман”, 1929 онд “Тусгай дивизион”, 1930 онд “Тусгай морин хороо”, 1938 онд Моторжуулсан хороо болгон өргөтгөн зохион байгуулж байжээ. Түүнчлэн тус байгууллага нь улсын онц обьектуудын хамгаалалтад техник технологийн дэвшлийг өргөнөөр ашиглах, албаны бэлэн байдал, шуурхай ажиллагааг хангах, алба хаагчдын мэдлэг дадлага, мэргэжлийн ур чадварыг улам сайжруулах, алба-үйл ажиллагаагаа нийгмийн хөгжил, хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн зохион байгуулах ажлыг үе шаттайгаар авч хэрэгжүүлэн ажиллаж байгаа аж.
Дотоодын цэргийн штабын дарга, бригадын дарга Т.Хүрэлбаатар хэлэхдээ “Монгол улсын дотоодын цэрэг гэдэг айл бол анх үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлээд онц чухал обьектуудыг хамгаалах, гэмт хэргийг таслан зогсоох, нийгмийн хэв журмыг биелүүлэхэд цагдаагийн байгууллагатай хамтран ажилладаг. Үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэн ажилладаг байгууллага юм. Үндсэндээ ард иргэдийнхээ аюулгүй байдлыг сахин хамгаалах, амар тайван байдлыг хангахад цагдаатай хамтарч гэмт хэрэгтэй тэмцдэг. Энэ чухал үүргийг шууд биелүүлдгээрээ цэргийн бусад байгууллагаас ялгаатай байгууллага юм. 90 жилийн ойн бэлтгэл ажлын хүрээнд Дотоодын цэргийн албаны ажиллагааг ард түмэнд сурталчлан таниулах, хамтран ажилладаг байгууллагуудтайгаа харилцан үйл ажиллагаагаа шинэчлэх ажлыг явуулсан.
Мөн Дотоодын цэргийн туулж ирсэн түүхэн замналыг судалж үзэхэд Монгол улсын төр засгаас байгуулсан гавьяаг нь үнэлж 1973 онд Цэргийн гавьяаны Улаан тугийн одонгоор шагнасан байна. Дотоодын цэргийн ууган хороо ард олондоо Одонт хэмээн нэрлэгдсэн төрийн гурван одонтой анги бий болжээ. Жагсаалаас улсын алдар цуутай хүмүүс олноор төрөн гарсан. Тухайлбал, УИХ-ын гишүүн аварга Б.Бат-Эрдэнэ 1982 оны байлдагч юм. Түүнчлэн Хөдөлмөрийн баатар, Гавьяат хуульч Б.Чимид гуай тус одон тэмдэгт ангид байлдагч байж байгаад ажил амьдралын гараагаа эхэлж, Монголын нэртэй сайн хуульч болжээ. Мөн урлагийн болон спортын олон алдартнууд төрөн гарчээ. Үүгээрээ бид их бахархаж, тэмдэглэж байгаадаа таатай байна. Түүхт 90 жилийн ойг тохиолдуулан Дотоодын цэрэгт алба амьдрал зориулж байсан ахмадууд тэдний ар талын баттай түшиг болсон гэр бүлийнхэнд болон одоо ажиллаж буй нийт бие бүрэлдэхүүн ойн баярын мэнд хүргэж” байлаа.
Баярын ажиллагаа маргааш Жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэх, баярын хүндэтгэлийн хурал, урлагийн тоглолт үдшийн цэнгүүн зохион байгуулах зэргээр үргэлжлэх юм.
Х.Даваа

Сэтгэгдэл ( 0 )