Хөрсний бохирдлоос хамгаалдаг, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй “ЭМ” технологи

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 19

Бидний орчин тойрон төдийгүй бие организм маань тэр чигтээ нянтай байдаг билээ. Хүмүүс нянг муу талаас нь өвчин үүсгэгч гэж ойлгодог ч сайн, муу нян хамт байж орчлон ертөнц оршдог байна. Хүний биеийн хамгийн их бохирдолтой хэсгийн нэг нь амны хөндий. Энэхүү бохирдлыг саармагжуулж байдаг нь хүний биед хэрэгцээтэй ашигтай нянгууд юм. Яг үүнтэй адил байгаль дэлхийд хэрэгтэй, ашигтай нян буюу идэвхтэй бичил биет байдаг бөгөөд эдгээрийн тусламжтайгаар байгаль өөрөө өөрийгөө цэвэрлэн дахин боловсруулах үйл явц явагддаг байна. Анх энэхүү био технологийг 1950-иад онд Японы эрдэмтэд ашигтай нянгуудад туршилт хийх замаар нээж янз бүрийн зүйлд ашиглаж болохыг тогтоожээ.

Энэ технологийг “ЭМ” гэдэг бөгөөд англиар “Effective Microorganism” буюу бичил биет гэсэн үгийн товчлол юм. Энэхүү идэвхтэй бичил биетийг газар тариаланд ашигласнаар хөрсний механик бүтэц сайжирч, биологийн болон химийн бодисоос хөрсийг цэвэрлэн, ялзмагийн агууламжийг сайжруулж, ургацын хэмжээг нэмэгдүүлдэг. Уг технологийг хөрсний нөхөн сэргээлтэд болон органик хог хаягдлыг дахин боловсруулж компост бэлтгэж авахад ашигладаг. Түүнчлэн эдгээр бичил биет нь хог хаягдлыг мөн бууруулах аж.

Хог хаягдлыг гурван төрөлд хуваадаг байна. Үүнд:

  1.  Дахин боловсруулдаг хог хаягдал буюу хуванцар, шил
  2.  Хоёрдугаарт эрчим хүч үүсгэдэг хог
  3.  Органик буюу ахуйн хэрэглээнээс гарсан хог хаягдал орно

Энэ хог хаягдал нь орчноо бохирдуулж, эвгүй үнэр үүсгэдэг. Органик хог малын өтөг бууц, төмс, хүнсний ногооны хогийг ашиглан хүлэмж, хүнсний ногооны хөрс буюу компост гаргаж авч болдог байна. Мөн дан ганц таван хошуу мал, гахай, тахианы өтөг бууцаар компост хийж болдог аж. Тиймээс мал аж ахуй эрхэлдэг хүмүүс өтөг бууцаа боловсруулж болох юм. Тухайлбал: нэг гахайнаас өдөрт дунджаар 2-3 кг ялгадас гардаг бөгөөд 100 гахайнаас өдөрт дунджаар 200-300 км органик хаягдал гарна гэсэн үг. Тэгэхээр дээрх хэмжээний компост үйлдвэрлэж болно. Энэ мэтчилэн бид ашиглаад хаядаг зүйлээ ангилж ялган цуглуулж, үржил шимтэй хөрс гаргаж болох юм. Ингэснээрээ байгаль орчноо хөрсний бохирдлоос хамгаалж, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлж байгаа хэрэг юм.

Д.Шинээ                                                                                                    

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top