Баянзүрх дүүрэгт хог ачих хугацаа ойртоно

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 19

Өнөөдөр Баянзүрх дүүрэгт хогны 28 машин нэмэгдлээ. Эдгээр нь гэр хороолол болон орон сууцны зориулалттай, шахаж ачдаг 10, задгай тэвштэй 12, буулгадаг 6 машиныг хороодод хүлээлгэн өгсөн юм. Шахаж ачдаг машин орон сууцны хог тээвэрлэхэд, задгай нь энгийн хог ачилт хийдэг бол буулгадаг машин нь бункертэй. Өөрөөр хэлбэл өөрөөсөө илүү гурван бункертэй. Бункерийг хог ачдаг гудамж талбайд байрлуулаад эргэн ирж авах цикл хэлбэрээр тээвэрлэх боломжтойгоороо онцлог. Харин шахдаг машины хувьд орон сууцны хогийг зөөвөрлөхөд тохируулсан. Учир нь орон сууцны хог нягтрал багатай, хөвсгөр байдаг учир шахаж нягтруулж ачих юм. Эдгээр машиныг Солонгосын Хюндэй компаниас нийлүүлж байгаа бөгөөд Японы “Jica”-ийн хогны судалгаанд үндэслэн машинаа захиалжээ. Одоогоор хоёр сар, заримдаа 45 хоноод ирдэг байсан хогны машин сар бүр хогоо ачих боломжтой гэж албаны хүмүүс мэдэгдлээ. Ингээд нийтдээ эдгээр 28 машин нийслэлийн төсвийн санхүүжилтээр 2,4 тэрбум төгрөгөөр нийлүүлэгджээ.

 

БЗД-ийн Нийтлэг үйлчилгээний газрын дарга Ц.Лхагвасүрэн: 2.4 тэрбум төгрөгийн 28 машин ирлээ


-Нэмэгдэж байгаа машин өмнө ирсэн 32 машинаас ямар ялгаа, давуу талтай вэ. Эдгээр машинууд нэмэгдсэнээр хог ачих хугацаа хэр ойртох вэ?

-Өнөөдөр манай дүүрэгт 28 ширхэг хог хаягдлын тусгай зөвшөөрлийн автомашин нийлүүлж байна. Тухайлбал, шахаж ачдаг 10, задгай тэвштэй 12, буулгадаг 6 машин нийт 28 машинтай боллоо. Буулгадаг машин нэг машинд дөрвөн ширхэг нийтдээ 42 ширхэг хог ачих тусгай зориулалтын бункерууд ирж байгаа юм. Ийм хэмжээний машин нэмэгдсэнээр хог ачилтын эргэлтийн хугацаа эрс нэмэгдэнэ. Манай дүүрэгт өмнө нь 32 машин ажилладаг байсан. Эдгээр машин дээр нэмэгдээд Солонгосын “Хюндэй” үйлдвэрийн 28 машин нэмэгдэж ирж байгаа. Шинэ машинууд нэмэгдсэнээр ажлын байр нэмэгдэж, нийтдээ 80 орчим хүн ажилтай болж байна. Өмнө нь ачиж байсан машинтайгаа нийлээд нэг хороонд хоёр машин явах боломжтой боллоо. Мөн иргэд бидэнтэй хамтарч ажиллах хэрэгтэй. Учир нь буулгаж тавьдаг зориулалттай бункерийг гудамжинд тавина. Энэ бункерт айл, өрхүүд хогоо авчирч хаядаг систем рүү шилжих юм. Энэ нь дүүргийн засаг дарга Б.Батзоригийн зургаан зорилтын нэг чиглэл “Хоггүй дүүрэг” болох зорилт хэрэгжиж буйн биелэлт юм.

-Ачилтын хугацаа хэр ойртох бол?

-Нэгэнт машин нэмэгдэж байгаа болохоор ачилтын хугацаа ойртоно. Хоёр сар юм уу 45 хоногт очдог байсан бол сар болгон хүрч ажиллах боломжтой гэсэн үг. Айл бүрт сардаа нэг удаа очиж ажиллана гэсэн зорилт тавьж байгаа.

-Хэдэн хүн ямар хуваарилалтаар ажлын байртай болж байна вэ?

-Нэг машинд 2 ачигч, жолооч нийт 80 орчим хүн ажилтай болж байгаа. Мөн машинуудыг засах механикч, засварчин нэмэгдэнэ.

-Засвар үйлчилгээ, арчлалт хэрхэн явагдах вэ?

-Дүүргийнхээ хуучин баазад урьдчилсан байдлаар тавьж, засвар үйлчилгээ хийгдэж байх болно. Машинууд хоёр жилийн баталгаатай ирсэн. Энэ хугацаанд ямар нэг асуудал гарсан тохиолдолд “Хюндэй” компани хариуцаж засварлаж өгөх гэрээтэй нийлүүлсэн.

-Хэдэн жилийн турш хог тээвэрлэх боломжтой вэ?

-Аливаа техникийг тосолгоо, арчилгааг нь хийгээд байхад уддаг шүү дээ.

-Санхүүжилтийн тухай тодруулахгүй юу? Хэчнээн төгрөгний машин ирсэн бэ?

-Нийтдээ 2,4 тэрбум төгрөгөөр 28 машин ирлээ.

“Хюндэй моторс” компанийн үйл ажиллагаа хариуцсан захирал М.Баттулга: Машиныг гэр хороолол болон орон сууцны хогны онцлогт тохируулсан


-Урд өмнө ийм хогны машин нийлүүлж байсан байх. Тэдгээр машинаас ямар онцлогтой вэ?

-Нийслэлийн төсвийн санхүүжилтээр Баянзүрх дүүрэгт 28 ширхэг гэр хорооллын болон орон сууцны хог тээвэрлэх тусгай зориулалтын автомашин нийлүүлэх тендерт манай компани шалгараад “Хюндэй” брэндийн хогны машиныг албан ёсоор хүлээлгэж өгч байна. Эдгээр машины онцлог нь гэр хорооллоос гарч байгаа хогны онцлогт тохируулсан. Мөн айл өрхүүд хогоо хаях байдлыг болон хог тээвэрлэж байгаа ажилчдын ажлыг хөнгөвчлөх зорилгоор намхан тэвштэй, зөөвөрлөдөг бункертэйг нь гэр хорооллын хог тээвэрлэхэд зориулсан. Харин орон сууцны хог тээвэрлэхэд зориулж шахагч машинуудыг оруулж ирсэн. Японы Jica-ийн орчны менежмент, хогны асуудлаар хийсэн судалгаа байдаг юм. Энэ судалгаанд үндэслэж гэр хороолол, орон сууцнаас гарч байгаа хогны онцлогт тохируулан сонгож хийгдсэн. Мөн монгол орны нөхцөлд тохирсон машин юм.

-Машинууд хэдэн тонны хог ачих даацтай вэ?

-Энэ машинуудын хувьд хогны судалгаагаар тохируулж хийсэн. 6-8 кубын багтаамжтай. Хөнгөн хэлбэрийн хогонд 0,4-0,6 тонн куб байдаг. Үнс гэх мэт нягтралтай хүнд хог 1,2 орчим байх жишээтэй. Хогны хувьд харилцан адилгүй. Өвөл үнс их гардаг байхад зун хөнгөн хог их гардаг.

Баянзүрх дүүргийн ТҮК-ийн жолооч А.Амгалан: Гурван бункертэй, буулгаж зөөвөрлөдөг давуу талтай юм


-Та өмнө нь хогны машин барьж байжээ. Шинэ машинуудын техник үзүүлэлтийг харсан байх. Өмнө нь барьж байсан машинаас тань ямар давуу талтай вэ?

-Давуу тал нь гурван бункертэй. Зохих ёсны хог авдаг газруудаараа гурван бункерээ буулгачихаад хогоо тасралтгүй зөөх давуу талтай. “Хюндэй” компанийн машинууд их сайн. Урд нь Хятадаас ирсэн цэнхэр том машиныг барьдаг байсан. Маневр муутай байдаг юм. “Хюндэй”-гийн машины давуу тал нь маневр их сайтай. Хотын тохижилт үйлчилгээнд тохирсон машин.

-Хороодоос ачсан хогоо хаана буулгах вэ?

-Нийслэлийнхээ хогийг Улаанчулуутад хаядаг шүү дээ. Яваандаа манай дүүрэг өөрийн гэсэн хогийн цэгтэй болно. Газар нутаг том болохоор Улаанчулуут явахад хол байдаг.

-Ингэж машин нэмэгдсэнээр өмнөхөөсөө ачаалал хэр багасах бол гэж бодож байна вэ?

-Ачаалал эрс багасна. Яагаад гэвэл илүү гурван ачааны тэвш байна шүү дээ. Ингэхээр зохих ёсны газруудад тавьсан нөгөө тэвшнүүдээ буцааж авах зэрэг давуу талтай. Өдөр болгон нэг машин явдаг байсныг бодвол ачаалал илт багасна.

-Шинэ хогийн цэг хэдийгээр ашиглалтад орох бол?

-9-р сар гаргаад ашиглалтад орох байх.

Х.Заяа

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Нямсүрэн(202.9.40.159) 2025 оны 03 сарын 13

5 р хороо. 203 р байрны хог үүдэндээбагтахаа бгаад 20 гаруй хонож бна. Хариуцах эзэн бна уу. Цар тахлын онц байдлын үед тохиромжтой юу хэзээ хогоо ачих юм бэ

1  |  0
Top