Сүүлийн үед эрүүл мэндийг сахин хамгаалагч, тангараг өргөсөн эмч нартай холбоотой олны гомдол тасрахгүй байгаа нь бидний сэтгэлийг эмзэглүүлж байна. Өрхийн эмчийн хариуцлагагүй байдлаас болж хорвоод мэндлээд удаагүй тавхан сартай охин тархи нь бүтэн харважээ. Улсын III төрөх эмнэлэгт эрүүл, саруул мэндэлсэн бяцхан охин зургадугаар сарын 11-нд буюу таван сартайн вакцинаа хийлгүүлжээ. Хан-Уул дүүргийн өрхийн эмч Г.Ариунбайгал охиныг ханиадыг оношлолгүй “танай хүүхэд эрүүл байна” хэмээн дархлаажуултын вакцин хийлгэхийг зөвшөөрснөөс болж ийнхүү бяцхан охин хохирчээ.
Охины ээж Д.Алтантунгалаг “Вакцин хийлгэх өдрөөс өмнө охин маань бага зэрэг ханиад хүрсэн. Гол нь ханиадтайг нь хэлээд үзүүлсээр байтал эмч вакцин хийвэл ямар хор уршиг тарихад анхаарал тавьж, ач холбогдол өгсөнгүй. Мэргэжлийн эмч нь зүгээр гэсээр байгаад нялх үрийн минь хувь заяагаар тоглож байгаад маш их гомдолтой байна” хэмээн хоолой зангируулан хэлж байв.
Эмч, эмнэлгийн ажилтны буруутай үйлдлээс болж эмчлүүлэгч нар хохирсон хэрэг сүүлийн үед цөөнгүй гарч байна. Үүний нэгэн адилаар цагаан халаадтай, алтан гартай эмч хүн ажлын байрандаа бяцхан хүүхдийн хувь заяа, ирээдүйг үгүй хийжээ. Энэ хэрэгтэй холбогдуулан Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн Хүүхдийн их эмч Б.Онон “Хүүхдийг дархлаажуулахгүй байх хэдэн нөхцөл бий. Тухайлбал: ХДХВ /ДОХ/, сүрьеэ, тархины хүнд гэмтэл, арьс өнгөний өвчтэй хүүхдийг вакцинд хамруулдаггүй. Харин бага зэргийн халуунтай хүүхдэд вакцин хийж болдог ч тунг нь багасгах хэрэгтэй” гэсэн юм. Эмч нар нэг нэгнээ хаацайлах, эрүүл мэндийн талаарх хохирогчийн мэдлэг, ойлголт багатайг далимдуулан зөвхөн хохирогчид гэм бурууг нялзаахаар оролдох зохисгүй үйлдэл нь дэндүү эмгэнэлтэй.
Бяцхан охин вакцин хийлгэсэн өдрөөсөө хойш огцом халуурч, өдөр шөнөгүй унтах болсон тул ээж нь дахин эмчид хандсан ч хэлдэг ганц “зүгээр байна” гэсэн үгээ л хэлж байжээ. Тэрхүү эмч үүргээ ухамсарлаж ажлаа мэддэг байсан бол охиныг аюулт харвалтаас урьдчилан сэргийлэх л байсан байх. Бяцхан үр нь хэвийн биш байгааг мэдэрсэн байгаа эх хүний сэтгэл яаж тайван байх билээ. Охины ээж дахин Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэгт үзүүлэхэд мөн л зүгээр гэсэн хариулт авчээ. Охины ээжийн ярьснаар “Хэд хоногийн дараа охины бие унжгар хэвээр байсан тул цээжний зургийг нь авахуултал ханиад нь хатгаа болсон байна гэсэн. Ингээд эмнэлгээс охиноо шилжүүлэн эмчилгээ хийлгэх гэтэл эмч нар нь эдгээж чадна гээд охины минь нугаснаас ус авахаар манай гэр бүлээс зөвшөөрөл авсан. Охин маань эмчилгээний дараа бие нь улам муудаж эмчийн гар дээр байхдаа таталт өгсөн” гэж байлаа. Удалгүй охиныг Эх нялхсын эрдэм шинжилгээний төвийн сэхээн амьдруулах тасагт хүргүүлжээ.
Тус эмнэлгийн сэхээний эмч н.Дарьсүрэн “Харвалт өгөөд удсан, эмчилгээ хийлгүй цаг алдсанаас болж хатгаа нь хүндэрч, найдваргүй болжээ...” гээд Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгийн эмчийг дуудаж юу болсон тухай асуухад “Би одоо хичээнээ, намайг уучлаарай...” гэхээс өөр үг дуугараагүй гэжээ. Анхнаасаа ажилдаа хариуцлагатай хандаж хэн нэгнийг эрүүл мэндээр нь хохироохгүй, уучлалт гуйх зүйл хийхгүй байсан бол ийм харамсалтай зүйл болохгүй байсан байх. Тархиндаа харвалт авна гэдэг нь хамгийн түрүүнд саажих шинж тэмдэг үзүүлдэг бөгөөд охин хэдийнэ саажилттай болжээ. Одоо бяцхан охин гэрээр эмчлүүлж байгаа юм байна. Цагаан халаад нөмөрч, тангараг өргөсөн "алтан гар"-тай эмчийн хайхрамжгүй алдаанаас болж тавхан сартай бяцхан охины хувь заяагаар тоглосон нь дэндүү аймшигтай.
Д.Шинээ

Сэтгэгдэл ( 0 )