Төгөлдөр хуурч Т.Пүрэвсүх: Хөгжим бол яг л хүн шиг “амьд” зүйл

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 21

-Та “ Камертон -2” шоуны хөгжимчнөөр ажиллаж байгаа. Сэтгэгдлээсээ бидэнтэй хуваалцахгүй юу?

-Монголд “Камертон-2” гэсэн цоо шинэ boyband төрүүлэх төсөл хийгдэж байгаад баяртай байна. Ихэнх залуу уран бүтээлчид ямар нэгэн шалтгаанаас болоод тууштай урлагийн замаар явж чаддаггүй. Харин энэ шоу бол Монголд анх удаа хамгийн өндөр продюссерын гэрээтэй зохиогдож байгаа төсөл юм. “Камертон-2”-оос шалгарсан дөрвөн залуу 5 жилийн турш мэргэжлийн хүмүүстэй хамтарч ажиллахын зэрэгцээ энэ хугацаанд шаардлагатай бүх зүйлээр нь хангах учраас надад маш их таалагдаж байгаа.

-Анх энэ төсөлд хамтарч ажиллах саналыг хэн тавьсан бэ?

-Би өмнө нь Камертон хамтлагийн олон тоглолтууд дээр хамтарч ажиллаж байсан. Жишээ нь 15 жилийн ойн тоглолт дээр хоёр удаа хамтарч тоглож байлаа. Мөн дуучин Болдын Төрийн ордонд хийсэн “Монгол поп” цомгийн нээлтийн ёслолын ажиллагаа болон бие даасан тоглолт дээр хамтарч ажилласан.Тиймээс  төслийн багийн зүгээс хамтарч ажиллах  санал тавьсан.

-“Камертон-2” төсөл таны төсөөлсөн шиг байж чадаж байгаа юу?

- Гадуур энэ төслийн талаар сайн муу янз бүрийн яриа байна. Гэхдээ Камертон-2 шоуг амжилттай хийхийн тулд ард талд нь маш  том баг хамаг хүч хөдөлмөр, цаг заваа яаж зарцуулж байгааг би өөрөө харж байгаа учраас энэ төслийг  “муу” гэж хэлж чадахгүй. Надад таалагдаж байгаа.

-Та шоуны  II, III, IV шатанд хамтарч ажилласан. Таны хувьд шат болгоны гол онцлог юу вэ?

-Монгол улсын хэмжээнд ийм том хэмжээний шоу болж байгаагүй. Нэг үеэ бодвол манай рок поп урлагийнхны хэрэглэдэг тоног төхөөрөмж нэлээд сайжирсан. Яг цагаа олж хийгдэж байгаа шоу гэж боддог. Шат болгон  нь Монголд хэзээ ч байгаагүй өвөрмөц шийдэлтэй, өөр өөрийн гэсэн онцлогтой. Жишээ нь зөвхөн төгөлдөр хууртай дуулах нь дуучнаас  дуулалтын өндөр, нарийн мэдрэмж шаарддаг. Тиймээс II шат бол оролцогчдын мэдрэмжийг нь нарийн шалгасан шат юм. III шатанд бүхэлдээ багийн ажиллагааг дүгнэх байв. Шалгарсан оролцогч нар маань доод тал нь 5, цаашаа  хэдэн ч жил оршин тогтнож болох учраас багийн ажиллагаа бие биетэйгээ ойлголцох чадвар, харилцаа, тэсвэр тэвчээр, мэдээж дуулалт зэргийг харж дүгнэсэн. Харин IV шатанд оролцогчид маань амьд хөгжмийн хамтлагтай дууллаа. Энэ бол дуучнаас өндөр ур  чадвар,хүч  шаарддаг учраас маш чансаа шалгасан шат болсон болов уу гэж бодож байна.

-Оролцогчидтой хамгийн ойр ажилладаг хүний хувьд тэдэнтэй хамтран ажиллахад хамгийн хэцүү болоод сайхан нь юунд байдаг вэ?

- Тэдэнтэй ажиллахад миний гол баримталсан зарчим бол бүх хүүхэд сайн дуулж байгаа юм шиг харуулж  бүгдийг нь тэнцүүлэхэд чиглэгдэж байсан. Гэхдээ “Камертон-2” төслийн маань гол зорилго нь шилдэг 4 оролцогчийг сонгож хамтлаг байгуулах шүү дээ.

 -Шоунд оролцож байгаа оролцогчдын ихэнх нь танаас мэргэжлийн зөвлөгөө авдаг гэж байсан?

-Би дуучин хүн биш болохоор мэргэжлийн зөвлөгөө өгч чадахгүй. Гэхдээ Камертон хамтлагийн дуулалт хэв маягийг ерөнхийдөө мэдэх учраас сугалсан дуун дээр нь яаж дуулбал шүүгчдэд болон хүмүүст таалагдах талаар нь зөвлөдөг. Санааг маань одоогоор эсэргүүцсэн хүүхэд алга.

-Хувийнхаа зүгээс илүүтэй дэмжиж байгаа оролцогч байгаа юу?

-Би бүгдийг нь дэмжиж байгаа. Онцгойлж дэмжсэн оролцогч байхгүй.

-Шилдэг оролцогчдоос Камертон хамтлагийн хэмжээнд хүрэхүйц хамтлаг гарна гэдэгт та итгэлтэй байна уу?

- Камертоноос илүү гарах хамтлаг гарна гэдэг маш хэцүү. Тэд зургаа,долоон  настайгаасаа  өдөр шөнөгүй хөгжим тоглож, хөгжмийн өнгө, нотны зохилдлогоо зэргийг судалж байнга хөгжимтэй хамт байсан. Тиймээс тэдний  нөр их хөдөлмөр, хичээл зүтгэлийг давж гарна гэдэг бэрх . Оролцогч нар маань илүү амжилт гаргахын тулд  маш их хичээх  хэрэгтэй.

 -Төгөлдөр хуурчийн мэргэжлийг яагаад сонгох болов?

-Аав ээж хоёр маань хоёулаа хөгжим бүжгийн коллежид сурч байгаад Орост хөгжмийн дээд боловсрол эзэмшсэн хүмүүс. Намайг төрөхөд л миний хажууд хөгжим байсан.Тиймээс би хөгжмөөс өөр зүйлийн талаар сайн мэдэхгүй.

 -Та өөрийгөө төгөлдөр хуурчаас өөр ямар нэгэн мэргэжилтэй болсноор хэзээ нэгэн цагт төсөөлж байсан уу?

-Хэзээ ч үгүй. Би одоо болтол ямар азаар хөгжимчин гэсэн энэ сайхан мэргэжлийг эзэмшив ээ л гэж боддог.

-Төгөлдөр хуураа тоглож байхад ямар мэдрэмж төрдөг вэ?

-Хамгийн сайхан мэдрэмжийг авдаг. Гэхдээ хөгжим тоглоход муухай мэдрэмж гэж бас байна. Тэр нь бэлтгэл сайн хангагдаагүй үед өөрийгөө чөлөөлж чадахаа больчихдог. Тэрнээс биш тоглолтын бэлтгэл хангагдаж  тайван байгаа үед  хөгжим тоглоход сайхан байдаг.

 -Хөгжим тоглохоосоо шантарч байсан үе бий юу?

-Байна. 8-р анги хүртлээ “Ээ бурхан минь би энэ хөгжмийг яагаад ойлгохгүй байна” гэж боддог байсан. Гэсэн ч 12 жил  Доржпагма багш дээрээ шургуу хичээллэсний үр дүнд нэг л өдөр би “задарсан”. Задарсан гэдэг нь шинээр өөрийгөө нээсэн гэсэн үг л дээ. Тэрнээс хойш хөгжимгүйгээр өөрийгөө төсөөлөхөд ч бэрх болсон.Одоо хөгжимгүйгээр нэг хоёр өдөр болоход л хэцүү санагддаг.

 -Хөгжим бүжгийн коллежийн сурагч байх үеэ эргээд нэг дурсвал?

-Хөгжим бүжгийн коллеж бол нэг “тогоо” л доо. Би бусад сургуулийнхан дотроо хэр дотно байдгийг мэдэхгүй . Гэхдээ манай сургууль шиг байж чадахгүй байх гэж бодож байна. Ангийн ялгаа байхгүйгээр бүх л хүмүүс хоорондоо маш дотно байдаг. Биднийг хөгжим гэдэг агуу зүйл хооронд нь холбодог болохоор бие биедээ маш сайхан ханддаг, сайхан танилууд байж чаддаг. Яг л нэг гэр бүл шиг.

-Танай ангиас урлагийн олон алдартнууд төрөн гарсан байдаг?

- Манай ангиас“Sweetymotion” ,дуучин Сэрчмаа, “Алтан ураг” хамтлаг, “Арга билэг”  хамтлаг гээд, мөн урлагийн бүхий л  салбарт ажиллаж байна.

 -10 жилд байхдаа ямар хүүхэд байсан бэ?

- Сахилгагүй хүүхэд  байгаагүй. Би ерөнхий эрдмийн хичээлдээ  сайн байгаагүй ч  хөгжмийн талын хичээлдээ сайн сурдаг  байсан.

- Мэдрэмжээрээ хөгжмийг тодорхойлбол?

-Хөгжим нь “хөгжим” болоод ирэхээр л урам зориг байнга ундарч байдаг. Зарим хүмүүс хөгжмийг буруу ойлгодог л доо. Хөгжим бол амьсгаатай, амьдралтай “амьд” зүйл. Түүнийг байнга амьсгалуулж байхгүй бол шууд л үхчихдэг юм билээ.

-Та өөрөө байнга амьсгалуулж чаддаг уу?

-Би өөрийгөө мундаг хөгжимчин гэж хэлж чадахгүй ч аль болох хөгжмөө амьтай байлгахыг хичээдэг. Би өөрөө хөгжмийн амьсгалж байгаа тэр мэдрэмжийг мэдрэхгүй бол хүмүүс яаж мэдрэх вэ дээ. Тиймээс би өөрөө илүү сайн мэдрэх хэрэгтэй болдог.

-Хүмүүс  хөгжмийг “амьд хөгжим”, “үхсэн хөгжим” гэж  ярьцгаадаг. Энэ талаар?

-Энэ бол яг байдаг зүйл. Амьд хөгжим гэдэг үгийг Оросоос орж ирсэн үг гэж боддог. Орост ч бас ингэж ярьдаг. Хөгжмийг амьтай амьгүй тоглож байгааг сонсоход л илт ялгаатай байдаг.

-Сүүлийн үед хийж байгаа уран бүтээлийнхээ талаар?

- Сүүлийн үед өөрийн уран бүтээл гэхээс илүү хүмүүсийн уран бүтээлийг л түлхүү хийлээ. On&Off  продакшинтай маш олон тоглолтонд хамтран ажилласан. Мөн дуучин BX, Отгонжаргал, Болд, Ньюанс, A Sound,3 охин,Баярцэцэг ,Наран, МУГЖ Ариунаа, МУГЖ Сарантуяа эгчийн гээд  олон тоглолтын хөгжмийг хариуцаж ажиллалаа.

 -Та өөрөө ая зохиодог уу?

-Сая дуучин Баярцэцэгийн “Хязгааргүйн цаана” гээд цуврал хоёр цомогт нь хамтарч ажилласан. Энэ цомогт миний зохиосон ая бий.

-Бие даасан дан төгөлдөр хуурын цомог гаргах уу?

-Ерөнхийдөө гаргах хүсэл байгаа. Гэхдээ өөрийгөө чамлаад байдаг юм. Уг нь хүмүүсийн гаргасан цомгийг сонсохоор болчихмоор ч юм шиг санагддаг.

-A-sound хамтлагаас яагаад гарахаар болсон бэ?

-Би жазз стилиэр тоглох дуртай. Тиймээс өөрийнхөө дуртай чиглэлийг тоглохоор шийдсэн. Түүнээс биш хамтлагаасаа муудалцаад гарсан юм байхгүй. Мэдээж муудалцсан бол саяхан болсон A-sound хамтлагийн  “Keane”, “Coldplay”-гийн cover тоглолт дээр хамтарч тоглохгүй байсан.

-Одоо та “Арга билэг” хамтлагийн гишүүн. Хамтлагийнхаа талаар дэлгэрүүлж яриач?

2009 оноос хойш хамтарч ажиллаж байгаа. Энэ хугацаанд манай хамтлаг  этно ардын хөгжмүүдийг өөрсдийн  хэв маяг оруулж найруулсан “Дээлт” цомог мөн 2010 онд “Дэв” киноны хөгжмийг  хийж кинотой хамт цомог гарсан.  Эдгээр цомгуудынхаа хөгжмүүдийг нэгтгээд 2010 оны 6 сард Улсын Филармоний зааланд бие даасан тоглолт хийсэн.Мөн Монголын соёлын өдрүүд Москва, Ленинград хотуудад болоход очиж уран бүтээлээ хүргэж байлаа.Манай хамтлагийн бусад хамтлагуудаас ялгарах хамгийн гол онцлог бол Жазз болон Сонгодог стилийг ардын хөгжимтэй нийцүүлж уран бүтээл хийдэг.Мөн ардын бүжгийг орчин үеийн бүжигтэй хослуулж бүжиглэдэгт оршино.Учир нь  сонгодог болон жазз хөгжмийг нийцүүлэхэд тодорхой хэмжээний сургууль, сургуулилт, багшаар дамжиж сурдаг. Тиймээс эдгээр хөгжмүүдийн онолыг судалж  ардын хөгжимтэйгээ уялдуулвал ардын хөгжмөө хөгжүүлж болох талтай юм.

-Хамтлаг анх яаж байгуулагдсан бэ?

-Манай ангийн Гантулга гэдэг залуу монгол бөмбөр хийгээд түүнийгээ хүмүүст таниулъя гэсэн зорилгоор тоглолт хийхээр болсон. Тэр тоглолтондоо намайг оролцооч гэсэн санал тавьсан. Бид сар орчим нэлээд олон хөгжмийн найруулга хийхэд бидний уран бүтээл хийж байгаа стиль хүмүүст таалагдаж байгаа нь анзаарагдсан. Тиймээс энэ стилиэ хөгжүүлж, 2009 онд хамтлаг байгуулахаар шийдэж байлаа. Манай хамтлаг 10 хүний бүрэлдэхүүнтэй.

-Цаашид “Арга билэг” хамтлаг ямар уран бүтээл хийхээр төлөвлөж байгаа  вэ?

-Нууц /инээв/. Хийхээр төлөвлөж  байгаа ажлаа хэлэхээр маргааш нь өөр газар хийсэн байдаг. Тиймээс нууцалъя даа.

-Ярилцлага өгсөн танд баярлалаа, уран бүтээлд тань өндөр амжилт хүсье.

Д.Төгс

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top