”Камертон-2” хамтлаг ирэх 9-р сард мэндэлнэ

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 21

Монголын  хөгжмийн ертөнцөд хувьсгал хийж, цоо шинэ өнгө төрхийг авчрах “boy band” хамтлагийг төрүүлэх зорилготой Камертон-2 төслийг “Боловсрол суваг” телевиз, “B продакшн”, “Music box” суваг санаачлан ерөнхий ивээн тэтгэгчээр Zindaa.mn, Max mall, D20, Sound of mongolia хамтран ажиллаж байгаа билээ. Дуулах хүсэл сонирхолтой, авьяаслаг 15-25 насны мянга мянган залуусын өмнө алдар хүндийн тавцанд гарах  үүд хаалгыг нээсэн уг шоу эхэлсэн цагаасаа хойш 4 үе шатыг амжилттай хэрэгжүүлж дуусгаад байгаа билээ. Анх 700 гаруй залуус “Камертон-2”-ын гишүүн болохоор авьяас билэг, хүч чадвараа сорьж өрсөлдөж байснаас өдгөө дөрвөн шатны шилдэг 16 оролцогч тунаж үлдээд байгаа юм. Тэд шат болгоны хүнд даалгавруудыг өөрсдийн хичээл зүтгэл, авьяас чадвар, тэсвэр тэвчээрээр даван туулсан. Цаашид шилдэг 16 оролцогч нэг байранд хамт амьдарч  мэргэжлийн түвшинд бэлтгэл сургуулилт хийн, “Камертон” хамтлагийн үе үеийн шилдэг дуунуудыг дахин амилуулж, клип хийлгэх аж. Үүгээр ч зогсохгүй тус шоуны шүүгчид болох Камертон хамтлагийн гишүүд тэднийг дөрвөн багт хуваан нэг нэг багаар нь авч, өөрсдийн удирдлаган доор мэддэг чаддаг бүхнээ заах юм. Мөн төслийн багийнхны зүгээс оролцогчдын гадаад дүр төрх, бие бялдар, хувцаслалт гээд бүгдийг нь эрс өөрчлөхөөр мэргэжлийн хүмүүстэй хамтарч ажиллахаар болжээ. Тэдний хэрхэн хувьсан өөрчлөгдөж буй болон хамтын амьдралынх нь талаар Боловсрол суваг телевиз үзэгчдэдээ реалити хэлбэрээр хүргэх юм. Ингээд Монголын рок попын ертөнцөд цахиур хагалан гарч ирэх шинэ boy band хамтлаг ирэх 9-р сарын сүүлчээр Соёлын төв өргөөнд тодорно.

Д.Төгс

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top