Маргааш багш нарын баярын өдөр. Бас Саран багшийнх нь төрсөн өдөр. 5а ангийнхан багшдаа гучин гурван сарнай бэлэглэхээр болжээ. Тэд ангидаа гучин гурвуулаа билээ. Ингээд хичээлийн дараа хүүхдүүд ангийн даргадаа сарнай авах мөнгөө өгцгөөлөө. Гэтэл Алимаагийн мөнгө нь алга. Бүх халаас, дэвтэр номынхоо завсар үзээд ч олсонгүй. Тэр өчигдөр гэртээ харингуутаа л ааваасаа хоёр мянган төгрөг авч цүнхэндээ хийснээ, бас өнөөдөр автобусанд хэн нэг нь цүнх чинь онгойчихсон байна гэж хэлж байсныг тодхон санаж байлаа. Дэрэм "Ха ха, хи хи Алимаа сарнай авах мөнгөөрөө чихэр аваад ганцаараа идчихэж " гэж шоолон инээхэд тэр тэсэлгүй уйлж орхилоо. Багшдаа сарнай бэлэглэж чадахгүй нь гэж харамссандаа бас Дэрэмд гомдсондоо тэр уйлжээ.Алимаа харих замдаа "Багш намайг мундаг зураач болно гэдэг шүү дээ. Маш гоё сарнай зураад багшдаа бэлэглэе" гэж бодлоо. Харингуутаа л бурамтай чихрийн хайрцган дээрх ягаан сарнайг харж байгаад зурж гарлаа. Аав ээж хоёр нь бүр шөнө дөл болсон хойно иржээ. Миний охин унтаж байхгүй яагаа вэ гээд ээж нь түүнийг үнсэхэд том алаг нүдэнд нь нулимс цийлэгнэж ирснээ өдрийн болсон явдлаа ярилаа. Аав нь "Миний охин ухаантай шүү. Харамсч суухын оронд ийм сайхан сарнай зурж суудаг" гээд охиноо үнслээ. "Та хоёрыг хүлээсээр байтал цэцгийн дэлгүүр хаачихлаа. Тэгээд ч би мундаг зурдаг юм чинь. Тиймээ ээжээ" гэж Алимаа баяр хөөртэй хэллээ. Тэр "Миний сарнай яг л амьд юм шиг гоё болох ёстой" гэж бодоод өнгө будгаа дахин дахин өөрчилж үнэхээр их хичээн зурж байлаа. Багш маань миний сарнайг аваад баярлан энгэртээ тэвэрч байна гэж бодоход түүний харцанд аз жаргал гэрэлтэнэ. Аав нь зураач хүн болохоор охиндоо бас тусална.
Шөнө дунд өнгөртөл гэрэлтсээр байсан тэр л цонхны цаана Алимаа охины сэтгэлийн нэгэн сарнай, талархлын халуун үгс амилж байлаа.
Алимааг ангидаа орж ирэхэд багшийнх нь ширээн дээр сагс
дүүрэн ягаан сарнай тавиастай байлаа.Сарнайн үнэр анги дүүрэн анхилна. Багш нь хараахан орж ирээгүй. Багшийгаа орж ирэхэд сарнайгаа бэлэглэнэ гээд хүүхэд бүхэн баяр хөөртэй.
Хичээлийн хонх дуугарч Саран багш нь орж ирлээ. 5а ангийнхан багшийгаа алга ташин баяр хүргэж уттан аваад сагс дүүрэн сарнайгаа бэлэглэлээ. Багш нь сагс дүүрэн сарнайг энгэртээ тэвэрч инээмсэглэн үнэртэнэ. Тэгснээ сагстай сарнайгаа бүр халуун дотноор энхрийлэн тэврээд:
-Хүүхдүүдээ та нартаа багш нь маш их баярлалаа. Багш нь та нарынхаа хайр хүндэтгэл шингэсэн 33 сарнайг тэвэрч байна. Энэ 33 сарнайтай хамт та нарыгаа бас тэвэрч байна гэлээ. Гэтэл Дэрэм суудлаасаа:
-Багшаа наана чинь Алимаагийн сарнай байхгүй байгаа. Тэр өчигдөр сарнай авах мөнгөө гээчихсэн юм. Би бас түүнийг шоолоод уйлуулчихсан гэж их л гэмшингүй хэллээ.
Тэгтэл Алимаа самбарын өмнө гарч ирээд "Миний сарнай энэ байна" гэлээ. Хүүхдүүд бүгд Алимаа руу харлаа. Тэр маш гоё сарнай зурснаа дэлгэн барьсан байв.
Тэгээд Алимаа "Багшаа би энэ сарнайг таны төрсөн өдөрт зориулж зураад ард нь сэтгэлийн үгээ бичсэн юм" гэлээ. Багш нь сагстай сарнайгаа ширээн дээр тавиад түүний сарнайг хоёр гардан тосч авлаа. Саран багш зурмал сарнайг удаан ажиглаж харснаа:
-Тиймээ энэ бол амьд сарнай. Яг л энэ сагсанд байгаа сарнайнууд шиг амьд юм байна гэлээ. Тэгтэл нэг нь :
-Багшаа амьд сарнай чинь үнэртэй байдаг шүү дээ гэлээ. Саран багш хариуд нь :
-Тиймээ хүүхдүүдээ амьд сарнай анхилуун сайхан үнэртэй байдаг. Алимаагийн сарнайнаас тэр сайхан үнэр анхилж байна. Би одоо та нарт үнэрийг нь уншиж өгье гээд зургаа эргүүллээ. Тэгээд ингэж уншлаа
-Би өдөр бүхэн сургууль руугаа яаран ирдэг. Яагаад гэвэл би багш таныхаа сайхан инээмсэглэхийг харах гэж намуухан дуу хоолойг тань сонсох гэж яардаг. Та бол биднийг бүгдийг нь их хайрладаг болохоор бид танд их олон сарнай бэлэглэе гэж шийдсэн юм.
Би найз нартаа маш их хайртай. Өчигдөр намайг сарнай авах мөнгөө гээчихээд уйлахад найз нар маань намайг аргадаж байсан. Сайхан сэтгэлтэй найз нартайгаа уулзах гэж хамтдаа тоглох гэж би сургууль руугаа их яардаг.
Би их мундаг зураач болоод багшдаа найз нартаа зориулж мянган сарнай зурна. Багш нь ийнхүү уншиж байхад ангид нам гүм байлаа. Гагцхүү зурмал сарнайн анхилуун үнэр болох сайхан сэтгэлийн үгс л бүгдийн зүрх сэтгэл рүү намуухнаар түгэх ажээ.

Сэтгэгдэл ( 6 )
Гоё
Би яг одоо энэ эх дээр ажилж байна\n
Гоё байнабайнаюююю
их гоё
их гоё