ДСЦ барих ажил эхэллээ

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 23

Завхан аймгийн Тэлмэн сумын нутагт дулааны цахилгаан станц барих ажил эхэллээ. Энэхүү ДЦС нь Могойн голын нүүрсний уурхайгаас нүүрсээ зах зээлийн үнээр худалдан авч, үйлдвэрлэсэн эрчим хүчээ хуулийн дагуу зохицуулалттай үнээр хэрэглэгчдэд хүргэх юм байна.

ДЦС-ыг ашиглалтад оруулснаар Хөвсгөл аймгийн Могойн голын нүүрсний уурхайн борлуулалт жилд 15 мянган тонн байсан бол 200 мянган тонн болж нэмэгдэх, Завхан, Говь-Алтай аймгийн хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчний найдвартай эх үүсвэрээр хангах, дизель түлш худалдан авахад зориулан улсын төсвөөс жил бүр олгож ирсэн 13 орчим тэрбум төгрөгийн татаасыг хэмнэх ач холбогдолтой аж.

ДЦС барих гэрээг 2010 онд УИХ-аас баталсан бөгөөд Концессын тухай хуулийн хүрээнд хийж байгаа Монгол Улсын анхны гэрээ бөгөөд 22 жилийн хугацаатай юм. Станцыг хоёр жилийн хугацаанд барьж ашиглалтад оруулах цаашид үйл ажиллагааны орлогоосоо өртгөө нөхөж, гэрээний хугацаа дуусахад ДЦС-ыг төрийн өмчид үнэ төлбөргүйгээр шилжүүлэх нөхцөлтэй юм.

Х.Даваа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top