“Их Чулуут” ХХК-ийн мал нядалгааны газрыг түр хаав

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 23

Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтын газрын төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд “Их чулуут” ХХК-ийн мал нядалгааны газарт 2012.04-06 сард хийсэн гурван удаагийн хяналт шалгалтаар Малын удмын сан эрүүл мэндийг хамгаалах тухай хууль, “Махны хяналтын дүрэм”, “Мах, махан бүтээгдэхүүн. Эрүүл ахуйн аюулгүй байдлын үндсэн шаардлага” MNS 5023:2001-ын шаардлага хангаагүй байгааг тогтоожээ.

Тухайлбал, мал эмнэлэг, ариун цэврийн шаардлагыг хангаагүй, албан шаардлагаар өгөгдсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, нядалгааны газрын урсгал зохион байгуулалтыг шаардлагад нийцүүлэн өөрчлөөгүй, мал эмнэлэг, ариун цэвэр, гарал үүслийн гэрчилгээний бүрдэлт хангалтгүй зэрэг зөрчил дутагдал байнга давтагдан гарсан байна.

Үүний гол шалтгаан нь тухайн компанийн удирдлага, ажиллагсад нь үйл ажиллагаандаа санаачилга гарган ажиллахгүй байгаатай холбоотой хэмээн Дорнод аймгийн мэргэжлийн хяналтын газраас мэдээллээ. Иймд дээрх илэрсэн зөрчил дутагдал, мөн дотоод хяналтыг хэрэгжүүлэх үйл ажиллагаа хангалтгүй байгаатай холбогдуулан албан тушаалтан болон иргэнд 345.800 төгрөгийн шийтгэвэр оногдуулж, албан шаардлага хүргүүлэн, үүрэг даалгавар, зөвлөгөө өгчээ. Мөн хяналт шалгалтаар тус нядалгааны газрын үйл ажиллагааг зургаан сарын хугацаатай түр зогсоолоо.

Мах Маркет үйлдвэр нь өрсөлдөөнийг бий болгох, мал эмнэлэг, ариун цэврийн шаардлагын дагуу үйл ажиллагаа явуулах зорилгоор мал нядалгааны бага оврын цех байгуулж, шинээр иргэдийн хэрэгцээний малыг нядлах цех барьж, ашиглалтанд оруулан үйл ажиллагаа явуулж байгаа ба энэ нь ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангасан түвшинд үйл ажиллагаа явуулах таатай нөхцлийг бүрдүүлж байна. Үүний үр дүнд “Их чулуут” ХХК-ийн мал нядалгааны газарт их засвар хийж, мал эмнэлэг, ариун цэврийн шаардлагыг хангаж ажиллах тал дээр арга хэмжээ авч эхлээд байгаа аж.

Х.Даваа

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top