Рецензи: Би кино үзлээ, тэгтэл найзыгаа киноноос харав...

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 25

Гэхдээ тэр найз маань үхээгүй ээ! Харин үхэл рүүгээ дөхөж  байгаа юм байна.

Гэхдээ тэр найз маань тариур хэрэглэдэггүй ээ! Харин хэрэглэхэд ойрхон байгаа юм байна.

 

…Саяхан би нэг кино үзэв. Хар тамхины болон хар тамхичдын тухай. Нэр нь «Амьдрах тасалбар» гэсэн. Эхэндээ сэтгэлд нэг л хүйтэн юм бодогдоод байсан. Рекламыг нь хараад шүү дээ! Хар, түгшүүр, үхэл, бохир заваан зүйл... Тэгсэн киног үзсэний дараа бүтээгчид нь сурталчилгаагаа буруу хийсэн юм уу даа гэсэн сэтгэгдэл төрлөө...

Ингээд энэ киноны тухай болон «нисгэдэг» шидийн тухай санал сэтгэгдлээ дор өгүүлье дээ.

 

...Нэг найз нь «нисэхээр» бас ус уухаар тагтнаас унасны дараа БОСС нэг залууг загнана. ...Чи ч найз юм даа.. Нэгийгээ хөлгүй болгоод нөгөөг нь үхүүлээд... Ийм найз байдаг юм уу... гээд. Тэр үед сэтгэлд нэг бодол төрж билээ. Үнэхээр бид найз гээчийг түлхээд байдаг юм байна гэж... Архинд орсон, авгайдаа хаягдсан, өрөнд баригдсан, худлаа хэлсэн гээд олон найзаа замын дунд бид хаядаг. Харин үхэхээ мэдсэн хэрнээ түүн рүүгээ тэмүүлэгч найзад хэрхэн хандах бол? Эсвэл түүнийг ийм замд оруулагчид өөрөө хэрхэн гаргах бол гэж тэрхүү кадрын дор омог төрж билээ.

Уг кино нь манай нийгэмд байгаа, цаашид байсаар ч байж болох үзэгдлийг төгс харуулсан гэхэд болох юм. Төгс гэдгийн учир нь зохиолын санаа, үйл явдлын холбоос, жүжигчний сонголт, жүжигчний задаргаа, зураг авалт, хийсвэр орчин, субектийн үйл хөдлөл, диалоги, имиж зэргийг хэлж байгаа санаа. Уран сайхны кино байж амьдралд хэтэрхий ойрхон дүрслэлийг харуулжээ гэх үү дээ! (Үнэхээр уг киноны тасалбарыг авахдаа хүртэл өөрийнхөө амьдралын таксыг авч байгаа ч юм шиг) Ер нь бол тайз, дэлгэц хоёр бол шаал өөр... Драмынхан дэлгэцэнд жүжиглэхдээ хуурамч, худлаа мэт байдаг. Яг тайзныхаа штампанд орчихсон байдаг. Тэгээд кинонд тэд хийсвэр жүжиглээд, текстээ уншаад, хөдөлгөөнөө хянаад, үйл явдалд хөндлөнгөөс ханддаг. Харин Liүe Ticket-д продюссер Дооёо яг хэрэгтэй хөзрүүдээ сугалжээ. Ялалт, Чапи, Боогий мөн Төмөрөө ах... Би тэднийг бүгдийг нь танина. Заримтай нь ганц хоёр юм ч мулталж суусан. Гэхдээ тэднийг ийм кинонд тийм дүр бүтээнэ гэж огт санаагүй. Тэд ч өөрсдийгөө ингэнэ чинээ төсөөлөөгүй байх. Гарын таван хуруу яг бие биенээ олжээ гэе. Нэг нь мэдээж Дооёо. Эмэгтэй хуруу нь түүний гэр бүлийн хүн Зулаа.

 

Хэрвээ Дооёо өөрөө энэ кинондоо тоглосон бол...

Түүний хувьд кинонд нь «дүр олдоогүй» байх л даа! Яахав хийсвэрээр бодоход, төсөөлөхөд Чапигийн дүр түүнийх болж болох байсан гэмээр... Хөшигний цаана үлдсэн тэрээр чадварлаг «баагий» нарыг урьсан тул дүр булаацалдаагүй болов уу! Дооёогийн нэг найзыг би таних юм. Тэр нь одоо Булганы театрт том найруулагчийн ажлыг хийж байгаа. Нэр нь Батбулган. Хоч нь «Поогий». Булгаа нэг удаа «Манай Дооёо ч юм дуулгана даа. Түүнийг хошин шог гэж битгий бод. Цаадахад чинь их дотор санаа байгаа. Чи үнэлэх хэрэгтэй. Тэрний талаар юм ч бич!» гээд л надад «агсарч» билээ. Гэтэл би одоо Дооёог бичээд сууж байна. Завшаан тохиолоо гэх үү дээ. Харин энэ киногоо хийчихээд тэр жаахан «их зантай» болсон юм уу даа. Намайг танихгүй л байна лээ. Анзаараагүй ч байж болно л доо. Цухасхан түүх, сэтгэгдэл түүний талаар ийм байна.

...Кино эхэллээ. Боогий амьдралаа хүүрнэж байна. Далдхан хэрнээ түгээмэл амьдралыг тэр туулжээ. Арчаагүй Эцэг, оргодол Эх, самархай Гэр орон, тачирхан Хоол унд, хуучин муу Хувцас гээд амьдралыг нь эхнээс нь харуулж байх юм. Угтаа бол тийм бор амьдрал нийгэмд зөндөө. Хүүхэд өлсөж байна, нийгэм ядуурч байна гэдгийг тэд давхар харуулаад авлаа. Тиймээс энэ киног зөвхөн хар тамхины золиосын тухай, түүний хар талын тухай «black» бүтээл гэж ойлгож болохгүй юм байна лээ. Дээр хэлсэнчлэн сурталчилгаа нь өөрөө «black» л байхгүй юу даа.

Би найзыгаа кинон дээрээс олж харлаа... Тэр хар тамхичин. Гэхдээ тариур хэрэглэдэггүй! 

 

«Зулаагийн» тухай хэдэн үг

«Зулаа» шиг нэгнийгээ түлхдэг хүүхнүүд зөндөө ш дээ. Тэд хэтэрхий романтик, амьдралаас хөндий тэгээд дээр нь итгэмтгий, гомдомхой. Киног бүтээгчид бодит явдлаас сэдэвлэн бүтээсэн гэсэн. Гэтэл тэр нь миний найзын амьдрал тэр чигээрээ... Манай найзын эхнэр яг л «Зулаа» шиг байсан. Одоо Америкт байгаа л даа. Тэр... нөхөртөө их хайртай байж билээ. (Яг энэ кинон дээр гардаг шиг) Байнга л эрхлэнэ, тунина. Итгэнэ гэж жигтэйхэн. Бүсгүйчүүдтэй нэр холбогдсон, учирдаг гэхээр огт хүлээн зөвшөөрөхгүй. Хүүхдээсээ илүү нөхөртөө хайртай байсан байх аа. Гэтэл нэг хар өдөр нөхөр нь халааснаас нь мөнгө хулгайлж байгаад баригдсан. Эхнэр нь мэл гайхсан, нөхөр ч үнэнээ хэлжээ. Тэр хар тамхинд донтох болсоноо ярив. Тэгээд засраагүй ээ. Эцэг эх нь хөөв, Орост хамт сурч байсан найзууд нь жийв, хүүхэд нь харцнаас нь айдаг болж билээ. Ингээд энэ айлын амьдрал нэг сарын дараа үгүй болсон.

 «Зулаа» ийм л дүрийг гаргаж чаджээ. Киноны хамгийн эмзэг, энхрий ялдам, гэгээн, цэвэр дүр. Тэр сайн тогложээ. Яг байгаагаараа л... Зулаа чамд баяр хүргэе! Ер нь тэгээд сэтгэгдэл асар их байна. Үүнээс ихийг бичвэл хоосон магтаал болчих байх. Тэгэхээр төрсөн сэтгэлээ түр хазаарлая даа. Та нарт баяр хүргэе! Дооёо чи шүү!

 

Кокаин:

Өмнөд Америкт ургадаг Erythroxylon coca ургамлаас гарган авсан мансууруулах үйлчилгээ бүхий бодис. Химийн элемент: C17H21NO4. Молийн жин: 303.353 г/моль. Физикийн үзүүлэлт: хатуу

Эрт цагаас Өмнөд Америкийн индианчууд кокигийн навчийг мэдээ алдуулах болон сэтгэл санаа тайвшруулах зорилгоор хэрэглэдэг байсан. Харин 1859 оноос эрдэмтэн Альберт Ниман (Albert Niemann) энэ бодисыг кокаин хэмээн нэрлэжээ.  Тэгвэл 1897 онд Рихард Вильштеттер Айнхорн дахь лабораторитоо синтез кокаиныг гарган авчээ.

  • Нөлөөлөл: сэтгэл санааг өргөнө, эрч хүч нэмнэ, өөртөө итгэлтэй болно, ой санамж багасна, мансуурна, цусны даралтыг ихэсгэнэ. Зүрх муутай хүн хэрэглэх эрс хориотой.
  • Кокаиныг удаан хэрэглэснээр чих дүлийрэх, сэтгэцийн гажигтай болох, үнэрлэх мэдрэхүй суларч, хий зүйл дүрслэн хардаг, сонсдог болно. Ингэснээр эцсийн үр дүн нь үхэл...
  • Герман дахь бараг ихэнх евро хар тамхичдын гараар дамжсан байдаг.
  • Нунтаг кокаин 5-15 секундын дотор үйлчилдэг.
  • Кокаины хаант улсын эзнийг Пабло Эскобар гэдэг.  Тэрээр «Forbes» сэтгүүлийн шалгаруулалтаар дэлхийн хамгийн баян 20 хүний нэгд багтдаг.
  • XIX зуунаас тусгай сав боодлоор энгийн апетикаар худалдаж эхэлсэн
  • Кофеин нь жирийн кофенд ч байдаг.
  • Тамхи бол хамгийн өргөнөөр худалдагддаг мансууруулах бодисын нэг
  • Кокаин хөгжимд:
  • Борис Моисеев — «Танго-Кокаин» (1993),
  • Grateful Dead — «Casey Jones» (1971)
  • Эрик Клэптон — «Cocaine»
  • Джонни Кэш — «Cocaine Blues»
  • Nomy — «Cocaine» (2008)
  • KDD — «Ghetto Cocaine»
  • Sia — «The Girl You Lost To Cocaine»
  • Rammstein — «Kokain»
  • Black Sabbath — «Snowblind»
  • Eagles — «Hotel California» (1976)

Р.Слава

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top