Ирэх сарын 4-ний өдөр Зүүн аймгуудын мэргэжлийн болон мэргэжлийн бус дуучдын дунд “Гарамгай сайн дуучин” шалгаруулах улсын уралдаан зохиогдох гэж байна. Энэ талаар Монголын концертын төв, “Чингисийн гурван нуур” ХХК-иас "Монгол ньюс" мэдээллийн төвд мэдээлэл хийлээ.
Тус уралдааныг “Чингисийн гурван нуур” ХХК санаачилж мэргэжлийн хүмүүст санал тавьжээ. Уралдаан Хэнтий аймгийн Дадал суманд явагдах бөгөөд тус бүсээс оролцох хүсэлтэй хүмүүсийг утсаар /91191011/ бүртгэж байгаа аж. Уралдаанд мэргэжлийн /МУГЖ, МУАЖ-ээс бусад/ болон мэргэжлийн бус дуулах хүсэлтэй, өөрийгөө сорихыг хүсч буй хүн бүхэнд нээлттэй юм. Одоогоор шүүгчдийн бүрэлдэхүүн тодорхойгүй байгаа ч ерөнхий шүүгчээр МУСГЗ, ОХУ-ын УГЗ Д.Ухнаа ажиллах ажээ. Ямартай ч Улаанбаатараас мэргэжлийн дуучид очиж шүүгчээр ажиллах юм.
-“Гарамгай сайн дуучин” шалгаруулах улсын уралдааны тухай танилцуулахгүй юу?
-Уралдааныг Монголын концертын төв болон Хэнтий аймгийн Дадал сумын ЗДТГ дэмжиж, “Балтика Монголиа” ХХК ивээн тэтгэгчээр ажиллаж байна. Энэ уралдаан зүүн бүсийн аймгуудын дуучид дундаас “Гарамгай сайн дуучин” шалгаруулах улсын уралдаан юм. Ихэнх уралдаан тэмцээн хотод болдог шүү дээ. Тэр дундаа суманд болдоггүй. Иймд суманд анх удаа томоохонд тооцогдох улсын уралдаан зохион байгуулагдаж байгаагаараа онцлог юм. Уг уралдааны зорилго нь нууцлаг дуучдыг нээн тодруулахад оршино. Хотод ямар нэг уралдаан зохион байгуулагдахад зүүн аймгийн дуучид хол учраас оролцож чаддаггүй. Хөдөө суманд байдаг ардын авьяастнууд болон өөр бусад мэргэжлийн хүмүүс ч оролцож чадахгүй өнгөрөх нь бий. Энэ удаа уралдааныг зүүн бүсийн аймгуудын дунд явуулах гэж байна. Дараа нь баруун болон төвийн бүсийн аймгуудад шалгаруулалтаа явуулна. Үүний дараа нэгдсэн гала концерт зохион байгуулах төлөвлөгөөтэй байна. Одоогийн байдлаар зүүн бүсээс Сүхбаатар, Хэнтий, Дорнод зэрэг аймгуудаас 50–иад хүн бүртгүүлсэн. Яагаад мэргэжлийн болон ардын авьяастнууд цуг оролцох болов гэхээр аваргыг ялж аварга болдог гэдэг шүү дээ. Ардын авьяастай дуучид олон болжээ. Тухайлбал, Universe best songs, Монгол үндэсний дууны наадам, "Камертон2" төсөл шоу зэрэг авьяастнуудыг нээж олонд таниулж буй уралдааныг бид бүгд мэднэ. Авьяастай хүн ард түмний дунд олон байна. Ер нь ардын авьяастнууд хоорондоо уралдвал нэг хэрэг. Үүнд туршлага солилцоод байх юм байхгүй. Иймд мэргэжлийн уран бүтээлчидтэй хүчээ үзэх хэрэгтэй.
-Уралдааны шагналын хувьд ямар байгаа вэ?
-Уралдааны шагнал нэгдүгээр байр 1 сая, хоёрдугаар байр 800 мянга, гуравдугаар байр 500 мянган төгрөг байгаа бол тусгай байрын гурван шагнал байгаа. Мөн үзэгчдийн таашаал хүртсэн гээд нийтдээ долоон шагналтай.
-Шүүгчээр ямар хүмүүс ажиллах бол?
-Шүүгчдийг одоо биш, тухайн үед нь зарлана. Мэргэжлийн шүүгчид Улаанбаатараас очиж шүүнэ. Орон нутгаас ажиглагчид сууна. Дашрамд хэлэхэд зүүн бүсийн Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгууд сайн дуучидтай. Шагналын эзэд хоёр дуу дуулаад л шагнал авах боломжтой. Өөрөөр хэлбэл уралдаан хоёр шаттай. Нэгдүгээр шатанд зохиолын дуу дуулах бол хоёрдугаар шатанд ардын дуу дуулна. Зохиолын дууны тухайд бичлэгтэй /понаграммтай/ дуулах бөгөөд дууны сонголт чөлөөтэй. Харин хоёрдугаар шатанд ардын дуу дуулна. Би Улаанбаатараас 213 ардын дууг нот, үгтэй нь авч очно. Хан-Хэнтий чуулгын үндэсний хөгжмийн цөөхүүл хөгжимдөнө. Энэ 213 дуунаас ардын дуугаа сонгож дуулах учиртай.
-Бүртгэл хэзээ дуусч уралдаан эхлэх вэ?
-Бүртгэл одоо явагдаж байгаа бөгөөд ирэх сарын 2-нд өндөрлөнө. Мөн утсаар гурван газар бүртгэж байна. Ингээд 4-нд нэгдүгээр шат, 5-нд хоёрдугаар шат явагдаж дуусна. Нэгдүгээр шатнаас 20-25 хүн шалгарч үлдэнэ.
Х.Заяа

Сэтгэгдэл ( 0 )