Бүсгүй та өөрийгөө толинд хараад царай алдаж, арьс тань гундсан харагдаж байна уу? Хэрэв тийм бол элдэв тос лосьон тус болохгүй. Мөн гоёмсог даашинз өмсч, үсээ янзлаад ч нэмэргүй. Сэтгэл татам харагдахын тулд юун түрүүнд сайн унтаж амрах нь чухал. Өдөрт найман цаг унтаж амарч чаддаг хүн нойргүйчүүдээс хамаагүй сэргэлэн цовоо, эрүүл сайхан харагддаг болохыг судалгаа харуулж байна. Ердөө найман цаг унтаж амрахад л хүний царай гэрэлтээд ирдэг гэнэ.
Харин нойр дутуу хүн царай алдаж, арьс нь үрчийж эхэлдэг байна. Сайн унтаж амрахын тулд нүдээ анин, биеэ суллаж, хувцсаа тайлах хэрэгтэй. Ингэвэл хүн тайван амарч, сайн нойр авч чаддаг байна. Судалгаанд оролцсон бүсгүйчүүдийг унтахдаа нүүрний будгаа арилгаж, үсээ задгайлж унтахыг хүсчээ. Эхний шөнө тэднийг оройн 11 цагт оронд нь оруулж, өглөө 7 цагт сэрүүлгийн дуугаар босгожээ. Дараагийн шөнө нь тэднийг таван цаг унтуулахад хангалттай нойр авч чадаагүй хүмүүс илт ядарсан байжээ. Судалгааг явуулсан Стокгольмын Каролинска институтын эрдэмтэд нойр дутуу хүмүүс царай алдахаас гадна ажлын бүтээмж нь эрс буурдгийг тогтоосон. Ханатлаа нойрсоогүй хүмүүс ядаргаанд орж, эрүүл мэнд нь муудах аюултай аж. Сайн унтаж амарч чаддаг хүний арьс үрчлээтэх нь бага байдаг нь унтаж буй үед хүний арьс ердийн үеийнхээс илүү хөлөрдгөөс энэ чийглэг байдал нь арьсыг уян хатан байлгадаг. Тиймээс эрүүл сайхан арьстай байхын үндэс нь хоногт дор хаяж найман цаг унтаж амарч чадахаас ихээхэн шалтгаалдаг ажээ.

Сэтгэгдэл ( 0 )