“Эрүүл хүүхэд” аяны үр дүнд Монгол Улс 0-18 хүртэлх насны бүх хүүхдийн эрүүл мэндийн цахим мэдээллийн сантай болж, мэдээллийн санг өнөөдөр Засгийн газарт хүлээлгэн өгчээ. Энэ үйл ажиллагаанд ЭМ-ийн сайд Ч.Хүрэлбаатар болон албаны хүмүүс оролцсон юм.
Эрүүл хүүхэд аяны үр дүнд Монгол улс 0-18 хүртэлх насны бүх хүүхдийн эрүүл мэндийн байгууллагын бүртгэл мэдээллийг сайжруулж, хүүхдийн эрүүл мэндийн хяналтын тогтолцоог бэхжүүлэхэд чиглэгдсэн юм. Цахим мэдээллийн сангийн программыг боловсруулах ажлуудыг аяны үзлэгтэй зэрэгцүүлэн эхлүүлсэн байна. Түүнчлэн эрүүл мэндийн үзлэгийн өдөр бүрийн болон долоо хоногийн мэдээллийг тусгай маягт, мэдээллийн урсгалын бүдүүвчийн дагуу аймаг орон нутаг, нийслэлийн дүргүүдээс хүлээн авчээ.
“Эрүүл хүүхэд” аяны нээлт энэ оны гуравдугаар сарын 19-нд болж, үзлэг эхэлснээс хойш өнөөдрийн байдлаар үзлэгт хамрагдвал зохих 976941 хүүхдээс 816941 хүүхэд буюу 83,6 хувь нь хамрагдсан байна. Уг мэдээллийн санд 796680 хүүхэд буюу 97.5 хувь нь бүртгэгджээ. Үзлэгт хамрагдсан хүүхдүүдийн 68 хувьд нь ямар нэгэн өвчин эмгэг илэрсэн. Аяны эхний шатанд бүх хүүхдийг үзлэгт хамруулж, эрүүл мэндийн байдлын талаар мэдээллийн сан бүрдүүлэх үндсэн ажиллагаатай зэрэгцүүлэн өвчлөлтэй илэрсэн хүүхдүүдийг эмчлэх ажлыг эхлүүлсэн аж. Илэрсэн өвчлөлийг нь эмчилж, эрүүлжсэн хүүхдийн тоо 73575-д хүрчээ. Үүнээс 22680 хүүхдийн шүд цоорох өвчнийг эмчилж, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд төрөлжсөн мэргэжлийн эмчийн тусламжийг 1700 хүүхэд авсан байна. Хүүхдийн эрүүл мэндийн санг бүх аймаг, нийслэлийн эмнэлгүүдэд хүлээлгэн өгөх ба энэ сангийн мэдээллийг цаашид ч ашиглах юм.
Мөн үзлэгт хамрагдаагүй хүүхдийг намраас дахин үзлэг хийж хамруулах ажлыг хийх аж.
Х.Даваа

Сэтгэгдэл ( 0 )