Гангар хунд сансрын дамжуулагчтай дохиолол зүүв

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 26

Хан хөхий нурууны Увсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа, МУИС-ын Биолог, биотехнологийн сургуультай гэрээ байгуулан энэ сарын 20-25-нд хамтран ажиллалаа. Энэ үеэр тус байгууллагууд Рамсарын конвенцид бүртгэлтэй Айраг нуурын хун шувууны нүүдлийн замыг тодорхойлох, шувууны томууны сорьц авах зорилгоор Хяргас нуурын гангар хунд сансрын дамжуулагчтай дохиолол зүүжээ.

Рамсарын конвенц гэдэг нь усны шувуудын амьдрах орчин буюу ус намгарах газрыг хамгаалах олон улсын гэрээг хэлдэг ажээ.

Энэхүү судалгааны багт орон нутгийн засаг захиргааны ажилтнуудаас гадна Японы шувуу судлалын нийгэмлэг болон тус улсын шувуу судлалын нийгэмлэгийн “Ямашина” хүрээлэнгийн судлаачид оролцсон юм. Судалгааны багийнхан барьсан гангар хунгуудынхаа нас хүйсийг тодорхойлж, морфометрийн хэмжилтүүдийг хийж, томууны сорьц аван сансрын дамжуулагчтай дохиолол зүүж тавьжээ. Ингэхдээ Японы мэргэжилтнүүд манай хамгаалалтын захиргааны ажилтнуудыг дагалдуулан сургасан нь ихээхэн ач холбогдолтой болсон аж. Түүнчлэн Айраг нуурын шувуудыг үүр, ангаахайн амьдрах орчинд ажиглалт хийжээ. Ингэснээрээ шувууны томуугаас урьдчилан сэргийлэх, тэдгээрийн хамгаалалтын менежментийг боловсруулахад шаардлагатай мэдээллүүдийг цуглуулах боломжтой болж байгаа талаар тус аймгийн Тусгай хамгаалалтын захиргааны дарга Б.Буянцогт мэдээллээ.

Х.Даваа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top