Дундговь аймгийн Засаг дарга Д.Чандмань өнөөдөр 11 цагт “MN” мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал зарласан юм. Учир нь аймгийн Засаг дарга Д.Чандманьтай холбоотой мэдээлэл “Өглөөний сонин”-д удаа дараалан гарчээ. Тухайлбал, “Авилгач засаг дарга нарын халааг Дундговь аймгийн засаг дарга Д.Чандмань үргэлжлүүлэх нь ээ”, “Дундговь хамгийн хөгжилгүй аймаг болсон нь Д.Чандмантай холбоотой” зэрэг есөн удаа мэдээ мэдээлэл нийтэлсэн гэв. Засаг дарга эдгээр мэдээллийг худал гүтгэлэг гэдгийг хэвлэл мэдээллээр дамжуулан олон түмэнд хэлэхийг хүсчээ.
Түүнд сонгуулийн үеэр “Өглөөний сонин”-ы сэтгүүлч “Манай сонинтой 15 сая төгрөгийн гэрээ хийгээч. Манайх сониндоо таны тухай мэдээ нийтлэлийг нийтлэе" гэсэн хүсэлт тавихад, Засаг даргад ийм их мэдлийн мөнгө байхгүй тул боломжгүй гэсэн хариу өгсөн байна. Засаг дарга одоогоор гүтгэлгийн чанартай мэдээлэл нийтэлсэн гэх сонины тухай хууль шүүхийн байгууллагад хандаагүй гэв. Тэрээр эхлээд эдгээр мэдээ мэдээллийн эх сурвалжаа тодруулж өгөөч гэсэн хүсэлтийг “Өглөөний сонин”-д гаргажээ.
Түүнчлэн, дөрөв дэх засаглал болсон хэвлэл мэдээллийнхэн өнгөрсөн сонгуулийн үеэр их сайн ажиллаж, тэнцвэртэй мэдээ мэдээллийг дамжуулсан. Харин зарим нэг хэвлэлийнхэн худал, гүтгэлгийн шинж чанартай мэдээлэл нийтлэж байна. Иймд хэвлэл мэдээллийнхнийг үнэн, баттай зүйл нийтлэж, дамжуулж байхыг хүссэн юм. Ингээд түүнээс цөөн зүйлийг тодрууллаа.
-Таныг ямар үндэслэлээр гүтгэсэн гэж үзэх болов?
-Миний тухай “Өглөөний сонин”-д хэд хэдэн удаа үндэслэлгүй гүтгэсэн мэдээ, материал нийтлээд байгаа. Тухайлбал, АТГ-т дуудагдсан гэлээ. Би өнгөрсөн онд АТГ-т шалгагдсан нь үнэн. Бид өнгөрсөн оны сүүлээр аймагтаа улсын төсвөөс мөнгө авалгүй, орон нутгийн хөрөнгө оруулалт, хандиваар “Хүүхдийн парк” байгуулсан юм. Аймгийн иргэд ч намайг уг паркийн мөнгөнөөс идэж уусан гэж АТГ-т шалгуулахад мөнгө завшсан зүйлгүй гэсэн дүгнэлт гаргасан. Мөн өнгөрсөн жил аймгийн 20 жилийн ой болж өнгөрсөн. Энэ ойд Дундговь аймагт ээлтэй хувь хүмүүс, компаниуд хандив, туслалцаа үзүүлсэн. Энэ хандивын мөнгөнөөс завшсан гэж иргэд дахин шалгуулсан юм. Энэ явцад дахин шалгах шаардлагатай гээд Засаг даргын ажлыг авснаас маань хойших бүх санхүүгийн баримт, аудитаар орсон болон ороогүй материалууд гээд холбогдолтой бүгдийг шалгасан. Шалгалтаар эрүүгийн шинжтэй, хувьдаа завшсан зүйл огт гараагүй. Иймд тавдугаар сарын 18-нд Нийслэлийн прокуророос хэргийг хэрэгсэхгүй болгосон шийдвэр гарсан. Энэ долдугаар сарын 20-ны үеэр “Өглөөний сонин”-ы нийтэлсэнчлэн АТГ-т шалгагдаж байгаа зүйл байхгүй. Тэгэхээр энэ мэдээлэл ор үндэсгүй юм.
-Ер нь аймаг болон тэмдэглэлт ойд хандивлах мөнгөнд тогтоосон хязгаарлалт байдаг уу?
-Тухайн үед хязгаарлаагүй байсан. Харин өнгөрсөн тавдугаар сарын нэгнээс улсын хэмжээнд хандив авахгүй байхаар хуульчилсан.
-Хандиваар хэчнээн төгрөг цугласан бэ. Мөн сая сонгуульд ялалт байгуулсан УИХ-ын гишүүн Б.Наранхүү хэдэн төгрөгний хандив өргөсөн бэ?
-Хандиваар тэрбум 45 сая төгрөг цугларсан. Б.Наранхүү гишүүн 30 сая төгрөг хандивласан. Үүнээс гадна зургаан “Ланд крузер” машин түрүү морьдод өгсөн. Энэ нь хандивын бүртгэлд байдаггүй. Учир нь машинуудыг бид хүлээж авч, гардуулж өгөөгүй. Хувь хүнийхээ зүгээс түрүү морийг байлсан юм. Ойн хандивын мөнгийг тухайн үед нь дансанд байршуулан, аудитаар шалгуулсан.
-Б.Наранхүү гишүүнийг аймгийн Тамгын газрын дарга болон Засаг даргад “Ланд крузер” машин өгсөн тухай мэдээлэл гарч байсан. Үүний тухай тодруулахгүй юу?
-Энэ миний АТГ-т шалгагдсан хэргүүдийн нэг байгаа юм. Мэдээллийн дагуу мөн л шалгагдсан. Аймгаас 100 саяын тендер зарласан юм. Нутгийн зөвлөлийн даргын хувьд машиныг хямдралтай үнээр өгчээ гэдэг нь тогтоогдсон. Тендерийн дагуу “Мон Уран” компанид мөнгийг нь өгсөн байгаа. Машиныг аймгийн ард түмэн Б.Наранхүүг нутгийн зөвлөлийн даргын хувьд хямдралтай үнээр өгсөн гэж дүгнэдэг. Тендерийг хуулийн дагуу явагдсан гэж тогтоосон.
-Таныг гүтгэсэн гэж үзэж байгаа “Өглөөний сонин”-ыг шүүхэд өгч нэр төрөө сэргээлгэх үү?
-Одоогоор эх сурвалж нь тодорхойгүй байна. Эх сурвалжийг тодорхой болгож өгөөч гэж иргэн хүнийхээ хувьд “Өглөөний сонин”-д хандсан байгаа. Өнөөдөр шударга байхыг ярьдаг Засаг дарга олон байхгүй болов уу. Шударга байдлыг эрхэмлэдэг, тууштай тэмцдэг, удаа дараагийн шалгалтаар аваад халаасалсан арван төгрөгний ч асуудал гаргаж байгаагүй намайг гүжирдэж байгаа нь зохион байгуулалттай эсвэл захиалгатай гэж дүгнэхэд хүргэж байна. Миний хувьд эх сурвалж нь “Өглөөний сонин” учраас ингэж бичих болсон эх сурвалжаа тодруулж өгөхийг хүссэн. Эх сурвалжийг тодруулж өгөх байдлаас хамаараад дараагийн алхам тодорхой болох байх. Мэдээжийн ийм зүйлтэй нийцээд явна гэж байхгүй.
Х.Заяа

Сэтгэгдэл ( 0 )