Нийслэл хот хаяагаа тэлэхийн зэрэгцээ байшин барилга олноор баригддаг ч эргэн тойрны орчны тохижилтод анхаарах асуудал тулгамдаад байгааг хэн хүнгүй хэлдэг. Хүүхэд хөгшдийн тоглох талбай дутмаг байгаа нь энэ асуудал анхаарлаас орхигдсон мэт.
Харин Баянзүрх дүүргийн 1-р хороо буюу Сансарын Тунелийн дээр хөгшид хүүхдүүдэд зориулсан бялдаржуулах чийрэгжүүлэх талбайг дүүргийн Тамгын газраас байгуулжээ. Өнөөдөр тохижилтын ажлын нээлтээ хийлээ. Бусад дүүргээсээ тохижилтын ажлаараа толгой цохидог Баянзүрх дүүрэг бүтээн байгуулалтын ажлуудаа эхнээс нь иргэддээ хүлээлгэн өгөөд эхэлсэн.
Баянзүрх дүүрэг 2012 оныг хөрөнгө оруулалт иргэдийн оролцоог нэмэгдүүлэх жил болгон зарласан бөгөөд дүүрэгт хийгдэж байгаа тохижилтын ажлуудыг иргэдийн санал, хүсэлтийн дагуу хийж байгаагаараа онцлог. Дүүргийн нэгдүгээр хороонд байрлах энэхүү тохижилтын ажлыг “Мастер инженеринг” ХХК гүйцэтгэсэн бөгөөд орон нутгийн төсвийн 46 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийгджээ. Уртаашаа 91метр, 32метр өргөн буюу нийт 240м квадрат талбайд явган хүний замыг шинээр тавьж, хурдан ургадаг, шинэ технологийн канад үрээр зүлэгжүүлэлт хийсэн байна. Чийрэгжүүлэлтийн талбайд 11 төхөөрөмж суурилуулан, сагсан бөмбөгийн талбайг иж бүрнээр тохижуулжээ. Явган хүний замын хажуугаар 600м.кв-д тус бүр нь 140 метр квадрат бүхий зүлэгжүүлэлтийн 6 ширхэг талбайг тохижуулсан байна. Мөн цэцгийн мандал, хогийн сав, сандал зэргийг суурьлуулсан байна. Шөнийн гэрэлтүүлгийг мөн шийдэж өгчээ.
Өнгөрсөн онд иргэд хороо, дүүрэгтээ хүсэлт тавьсан нь өнөөдөр ийнхүү биеллээ олсонд иргэд дүүргийн засаг дарга Б.Батзоригт талархлаа илэрхийлж байлаа.

Сэтгэгдэл ( 0 )