Монголын боловсролын салбарт ажилладаг багш нарыг давтан бэлтгэх мэргэжил дээшлүүлэх институт өчигдөр нээлтээ хийсэн юм. Хорь гаруй жил тасалдаад байсан энэ ажил дахин сэргэж, багш нарт мэдлэг боловсрол, ур чадвараа дээшлүүлэх бололцоо нээгдэж буйгаараа томоохон ач холбогдолтой. Энэхүү институт нь ЕБС төдийгүй цэцэрлэгийн нийт 55 мянга гаруй багшид нээлттэй юм. Тус институтийн нээлтийн арга хэмжээний үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн, БСШУ-ы сайд Ё.Отгонбаяр оролцлоо.
Тэрээр хэлэхдээ “Монгол Улсад олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн боловсролын шинэ стандартыг нэвтрүүлэх ажил эрчимтэй хийгдэж байгаа. Энэ ажлын гол цөм нь Багшийн мэргэжил дээшлүүлэх институт билээ. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Кэмбрижийн стандартад шилжиж буй энэ үед ЕБС-д ажиллаж байгаа мянга мянган багшийн мэргэжлийг дээшлүүлэх асуудал чухлаар тавигдаж байна. Боловсролын хуулийн шинэчилсэн өөрчлөлтөөр улсын төсвийн хөрөнгөөр таван жил тутамд багш нарын мэргэжлийг дээшлүүлэх заалт орсон. Багшийн хөгжлийн ордныг Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хүрээнд барьж саяхан нээснийг та бүхэн санаж байгаа байх. Одоо институтийн үйл ажиллагааг нээж байна. Төсвийг нь батлаад өгчихсөн, ажиллах хүмүүсийг сонгон шалгаруулж байна. Энэ сардаа багтаагаад үйл ажиллагаагаа эхлүүлнэ. Хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө жигдэрсэн байх ёстой гэж үзэж байна. Монголын боловсролтой хүмүүс маш олон болтугай” хэмээн хэлсэн юм.
Мөн энэ үеэр Ё.Отгонбаяр сайд салбарын тэргүүнээр ажиллах хугацаандаа чухал томоохон гэрээнд гарын үсэг зурсан хоёр үзгээ тус ордонд удахгүй байгуулагдах “Боловсролын музей”-д дурсгал болгож Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн захирал Д.Энхбаярт гардуулан өглөө.
Багшийн мэргэжил дээшлүүлэх институт нь багш, боловсролын ажилтны мэдлэг, мэргэжил, ур чадварыг дээшлүүлэх, багшлах эрх олгох, давтан бэлтгэх, хөрвөх сургалт зохион байгуулах чиг үүрэг бүхий сургалт, судалгаа, арга зүйн байгууллага байх аж. Бүтцийн хувьд байгаль, нийгэм, хүмүүнлэгийн ухаан, захиалгат болон цахим сургалтын албатай бөгөөд аймаг, нийслэлийн Боловсролын газартай хамтран орон нутаг дахь лаборатори 31 сургуулийг түшиглэн үйл ажиллагаагаа явуулна. Институтийн захирлын хэлж буйгаар ирэх наймдугаар сард эхний ээлжийн мянган багш сургалтад хамрагдах ажээ.
Х.Даваа

Сэтгэгдэл ( 0 )