Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд “Тэнгэрийн анир” нэртэй уран бүтээлийн үзэсгэлэн нээгдсэн билээ. Тус үзэсгэлэн нь Б.Гансүх зураачийн анхны бие даасан үзэсгэлэн бөгөөд түүнтэй ярилцсанаа та бүхэндээ хүргэж байна.
- Сайн байна уу? Өөрийгөө манай уншигчдад танилцуулахгүй юу?
- Сайн байцгаана уу? Намайг Батбаярын Гансүх гэдэг. Би бүх ухамсарт амьдралаа уран зураг зурахад зориулсан хүн. Зураг бол миний өдрийн бодол шөнийн зүүд.
-“Тэнгэрийн анир” уран бүтээлийн үзэсгэлэнгийнхээ талаар ярихгүй юу?
-Энэ бол анхны бие даасан, миний хувьд маш чухал үзэсгэлэн. Үзэсгэлэнд урт удаан хугацааны он жилүүдийг хооронд нь холбосон 18 зураг тавигдсан. Өөрийн үзэл бодлоо шингээсэн, одоогийн энэ уран бүтээлийн арга барилаа олж байх үеийн минь мөн хамгийн сүүлд бодсон бодролын минь үр дүн болсон зурагнууд ч бий. Эдгээр зурагнуудаас 7, 8 бүтээл нь хаана ч тавигдаагүй цоо шинэ бүтээлүүд юм.
-Энэхүү үзэсгэлэнд ойролцоогоор хэдэн жилийн уран бүтээлийг тань хамарсан бэ?
-“Тэнгэрийн анир” уран бүтээлийн үзэсгэлэнд маань “Хүлээлт”, “Өглөө”, “Хүү минь” гэсэн зургууд тавигдсан. Эдгээр бүтээлүүд нь 1989 онд хийгдсэн уран бүтээлүүд. Тэгэхээр 23 орчим жилийн турш хийсэн ажлуудаасаа сорчилж түүвэрлэсэн үзэсгэлэн юм.
-Одоо та урын сандаа хэчнээн уран бүтээлтэй болоод байна вэ?
-Яг нарийн тоолж үзсэнгүй. Зураасан таталбар зураг гэвэл хэдэн зуу болоод явчих байх. Уран зургийн ажил гэвэл нэлээн олон бий.
-Хэзээнээс модерн чиглэлийг барьж уран бүтээлээ туурвих болов?
-1988 онд сургууль төгсөх үедээ өөрийн эрхгүй энэ чиглэл рүү орсон. Манай урлаг өөрчлөгдөхгүй бол болохгүй юм байна гэдгийг бидний хэдэн зураачид хоорондоо нийлж ярьдаг байлаа. Ингээд өөрчлөлт хийх гэж үзэж туршаад л яваад байсан. Гэхдээ тэр үед үзэл бодлын хувьд арай төлөвшөөгүй байсан үе. Монгол гэдгийг хэлэх нэг өөр. Харин өөрийнхөө бүтээлүүд дээр үнэхээр энэ бол монгол ахуй гэдгийг орчин үеийн хэв маягаар гаргаж тусгана өөр гэдгийг мэдэрсэн. Төлөвшихийн тулд сургуулиа төгссөний дараа томилолтоор найз Далх-Очиртойгоо Ховд руу явъя гэж бодсон. Учир нь олон үндэстэн ястантай болохоор тэнд очвол өөрчлөлт хийж чадах байх гэж бодсон л доо. Гэсэн ч Далх-Очирыг Төв аймаг руу явуулж, намайг Сүхбаатар луу яв гэхээр нь татгалзаад 3 сар гэртээ байсны эцэст Сүхбаатар аймаг руу явахаар болов. Онгоцноос буугаад “Алтан-Овоо”-г хартал яг л хөмөрсөн тогоо шиг байлаа. Үлээж байгаа салхи, элсний ширхгүүд нь нүүрэн дээр чив чивхийн буухад нь би өөр ертөнцөд ирлээ л гэж бодсон. Миний сэтгэлд өөрийн эрхгүй таталбар зургууд орж ирэн зурж эхэлсэн дээ. Тэнд миний өнгө, хэллэг, хэлбэр хүртэл өөрчлөгдсөн.
-Таны бодлоор Монголын уран зургийн хөгжилд модерн чиглэл яг хаахна нь явна вэ?
-Яг одоо модерн чиглэл бол тэргүүлэх чиглэл болчихоод байна. Биднийг эхэлж байх үед энэ чиглэлээр зураг зурдаггүй байсан. Биднийг хийгээд эхэлтэл модерн чиглэл рүү зураачид ихээр орох болсон.
-Та “Тэнгэрийн анир” үзэсгэлэнгээрээ хүмүүст юу илэрхийлж, харуулахыг зорьсон бэ?
-Намайг хүмүүс хэтэрхий өрөөсгөл ярьлаа гэж хэлж магадгүй л дээ. Гэхдээ бид хэзээ ч монгол хүн гэдгээ мартах ёсгүй. Монгол бичиг, өв соёлоо маш сайн мэддэг, хайрлан хамгаалах хэрэгтэй. Иймээс энэхүү үзэсгэлэнгээ нээлээ.
-Уран зургийн юунд нь тэгтлээ их татагдсан бэ?
-Уран зурагт дурлаж, татагдана гэдэг бол “төрөлхийн” юм шиг санагддаг. Би багаасаа зурдаг байсан. Тэрнийгээ харин хөгжүүлэх сайхан боломжууд надад олдсон л доо. 24-р сургуулийн Цэнд-Аюуш багш маань намайг анх зурганд хөтөлж оруулсан хүн. 7-р ангидаа дүрслэх урлагийн сургуульд орох гээд шалгалт өгөх гэтэл шалтгалт нь эхлээд нэг хоночихсон байв. Тэгээд зурсан зургаа аваад очсон маань их хэрэг болсон. Амгалан багш зургийг минь үзээд “Энэ хүүхдийг ав” гэснээр сургуульдаа орж байлаа. Би ер нь мундаг маш сайн багш нараар хичээл заалгаж байсан. Дараа нь МУБИС-ийн уран зургийн ангид ороход Л.Гаваа, Г.Одон, н.Пүрэвдорж багш нар хичээл орж байлаа. Тэд бол үнэхээр гайхалтай хүмүүс.
-Та өөрөө гарын шавьтай юу?
-Би ерөөсөө багшилж үзээгүй. Гэхдээ миний уран бүтээлүүдээс өөртөө хэрэгтэй зүйлээ олж авдаг зарим хүмүүс намайг багшаа гэж боддог гэсэн.
-Цаашид та багшилъя гэж боддог уу?
-Миний бодлоор багш хүн арай залуу хүн байсан нь дээр гэж боддог.
-Та уран зургаас ямар мэдрэмжийг авдаг вэ?
-Уран зургаас би бүх юмаа авдаг. Хэрвээ надаас уран зургийг аваад хаячихвал би байхгүй болчих байх. Заримдаа би хоёр ертөнцөд амьдраад байгаа юм шиг санагддаг. Би дотор талын ертөнцдөө хэтэрхий их амьдардаг юм шиг. Миний хийж байгаа зураас бүхэн намайг илэрхийлдэг. Би энэ үзэсгэлэндээ таталбаруудаа тавья гэж бодсон боловч тийм талбай олдсонгүй. Таталбарууд маань миний хамаг л санаа бодлыг илэрхийлдэг.
-Шинэ залуу уран зураачид олноор төрөн гарч, үзэсгэлэнгээ гаргаж байна. Энэ талаар та ямар бодолтой байдаг вэ?
-Уран зураг бол алхам тутамдаа нээлт хийж байдаг урлаг юм. Ер нь уран зураачдад аль болох олон үзэсгэлэн гаргах боломжийг нь олгох хэрэгтэй. Шинэ эрч хүч, урсгал мэдрэмжийг сайн дэмжих хэрэгтэй. Монголын соёлын ертөнц ялангуяа дүрслэх урлагийн ертөнц бол маш их зай талбай шаарддаг. Мөн зураачаас эдийн засгийн боломж их шаарддаг учраас зарим нь уран бүтээлээ дэлгэн үзүүлж чадахгүй л яваа. Монголоо хөгжүүлье гэвэл сэтгэлгээний урлагийг л сайн хөгжүүлэх хэрэгтэй. Тэгэхгүй бол хөгжихгүй.
-Та нээлт хийдэг гэж ярилаа. Энэ талаар дэлгэрүүлбэл?
-Зураачид өөрийнхөө нээлтийг дэлгээд тавьчихдаг учраас тэндээс хүн өөрийгөө нээн олсноор нийгмийг хөгжүүлэхэд чухал нөлөө үзүүлдэг. Биднийг “би” гэж ярихад эхлээд хүмүүс ундууцсан. Дараа нь бүгд л би гэж ярьдаг болсон. Намайг анх мөн чанар, шинж чанар гэж ярьж байхад хүмүүс бас л ойлгохгүй байсан. Одоо бүгд л үүнийг ярьдаг болжээ.
-Таны хүндэтгэж явдаг уран зураачид?
-Маш олон, ялангуяа Монголын зураачид олон бий. Гаваа багш, Одон багш, Амгалан багш, Бүдбазад, Чүлтэм гээд маш мундаг хүмүүс дээ. Сүүлийн үеийнхнээс гэвэл Эрдэнэбилэг Далх-Очир, Очироо, Вандан, Баянмөнх, Баасанжав гэх мэт.
-Таны бусад зураачдаас ялгарах гол онцлог?
-Өөрийгөө шууд илэрхийлье гэж хүсдэг. Миний бусдаас ялгарах гол онцлог бол өнгө,мөн ерөнхийдөө бүтээлүүд маань товчхон хэллэгтэй.
-Та зургаа ямар үед зурах нь их вэ?
-Би зургаа чөлөө олдсон үед л зурна. Голдуу шөнийн цагаар зурдаг. Мөн өглөөгүүр ч зурахад бас сайхан байдаг.
-Уран бүтээлийнхээ сэдвийг хаанаас олдог вэ?
-Дандаа ахуй амьдралаас. Сэдвүүд нь зүгээр л ургаад урсаад гараад ирдэг.
-Үзэсгэлэнд тавигдсан бүтээлүүдээс тань хамгийн удаан болоод хамгийн хурдан зурсан зурагнууд аль нь вэ?
-Хийж эхэлчихээд дуусгахгүй сар гаран болсон зурагнууд байна л даа. Түүний нэг нь “Тэнгэрийн бүсгүй” бүтээл маань. Харин хурдан зурсан зургийн хувьд хэдхэн секундэд зурчихдаг. Тийм зургууд уур амьсгал гоё байдаг. Жишээ нь “Тэнгэрийн анир” гэдэг бүтээл маань байна, маш хурдан зурсан бүтээл.
-Та ер нь захиалгын зураг зурдаг уу?
-Ганц хоёр удаа хийж байсан. Гэхдээ захиалгандаа хэт анхаараад өөрийнхөө ертөнцөөс биш, арай л өөр болчихдог юм байна лээ. Тиймээс би захиалгын зураг зурах тийм ч дуртай биш.
-Таны цаашдын уран бүтээлийн зорилго?
-Өөрийнхөө уран бүтээлийг ойр ойрхон дэлгэж үзүүлж байх юмсан гэж их боддог. Тиймээс 11-р сарын үед дахин өөрийн бие даасан үзэсгэлэнг дэлгэнэ. Тэр үзэсгэлэндээ голдуу шинэ бүтээлүүдээ тавихаар төлөвлөж байгаа.
Д.Төгс