Гепатитын халдвар таны бодсоноос ч ойр байна

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 28

Дэлхийн Гепатиттай тэмцэх өдөр өчигдөр болсон бөгөөд гепатит В-ийн халдварын урьдчилан сэргийлэлт, хэрэгжүүлж буй үйл ажиллагааг тогтворжуулах, тандалтын тогтолцоог өргөтгөхийг үйл ажиллагааны гол зорилготой юм. Энэ жилийн Гепатиттай тэмцэх өдрийг дэлхий даяар “Гепатитын халдвар таны бодсоноос ч ойр байна. Үүнийг мэд. Үүнтэй тэмц.” гэсэн уриатайгаар тэмдэглэж байгаа талаар Монгол ньюс мэдээллийн төвд ДЭМБ-ын суурин төлөөлөгч доктор Виват, ЭМЯ-ны МХШҮГ-ын дарга Д.Жаргалсайхан, доктор Виват нар мэдээлэл хийлээ.

ДЭМБ-ын суурин төлөөлөгч доктор Виват хэлэхдээ “Энэ жил Монгол улс нь Ази Номхон Далайн Баруун Бүсээс дэвшүүлсэн таваас доош насны хүүхдүүдийн дундах архаг гепатит В-ын тархалтыг нэгээс бага хувьтай болгох зорилгыг биелүүллээ. Энэхүү амжилтыг олон улсын бие даасан баталгаажуулах баг хянаж үзээд бодит амжилт болохын тогтоосон юм. Ийнхүү ЭМЯ, Монголын эрүүл мэндийн салбарын үе үеийн мэргэжилтнүүдийн уйгагүй хөдөлмөрийн үр дүнд Монгол хүүхдүүдийг халдварт гепатитын халдвар, эрүүл мэндэд үзүүлэх сөрөг дагавраас хамгаалж, нийгмийн эрүүл мэндийг сайжруулахад маш том ахиц гаргасан үйл явдал боллоо. Дэлхий дээр 500 сая хүн өөрөөр хэлбэл 12 тутмын 1 нь гепатит В, С-ын халдвартай амьдарч байна. Эмчлэгдээгүй тохиолдолд гепатит В, С нь элэгний хавдар, хатууралд хүргэдэг ба эдгээр өвчний улмаас жилд нэг сая хүн нас бардаг.

Харин Монгол улсад вируст гепатитын тархалт өндөр хувьтай байгааг сүүлийн үед хийгдсэн судалгааны үр дүнгүүд харуулж байна. Тухайлбал, нийт монголчуудын 77 хувь нь амьдралынхаа аль нэгэн үед гепатит В-ийн халдварыг авдаг бол 10-22 хувь нь архаг халдвартай байдаг. Мөн хүн амын 10 гаруй хувь нь гепатит С-ээр халдвар авдаг. Харамсалтай нь эдгээр хүмүүс өвчний халдвар авснаа эрт мэдээгүйгээс өвчнөө хүндрүүлж, мөн бусдад тараадаг. Тиймээс Монгол улс нь дэлхий дээрх элэгний хавдраас шалтгаалсан нас баралтаар хамгийн өндөр үзүүлэлттэй орнуудын тоонд багтдаг ба энэ нь дэлхийн дунджаас 6 дахин их юм. Тухайлбал тохиолдож буй 10 нас баралт тутмын нэг нь элэгний хавдар, хатуурлаас шалтгаалсан байдаг.

Гепатит нь маш их халдвартай бөгөөд вирусээр халдварлагдсан ундны ус, хүнс, төрөлтийн явцад халдвартай эхээс хүүхдэд, хамгаалалтгүй бэлгийн харилцаа, халдвартай цус болон биеийн шингэнээр тус дамжин халдварладаг. Гепатит нь урьдчилан сэргийлж, эмчилж болдог өвчин бөгөөд зарим тохиолдолд бүрэн эдгэдэг. Урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг хүүхэд төрсөн үеэс эхлэн үр дүнтэй, аюулгүй вакцинаар дамжуулан хамгаалдаг.

Дэлхийн олон улс орнууд, тодруулбал Монгол улс нь дархлаажуулалтын үр өгөөжийг бүрэн хүлээн зөвшөөрч байна. Гепатит А, В-ын хувьд үр дүнтэй вакцинууд байдаг. Харин гепатит Е-ын шинэ вакцин саяхнаас лицензээ авсан. Харин гепатит С-ын хувьд урьдчилан сэргийлэлт нь аюулгүй цус сэлбэлт, аюулгүй тарилга, аюулгүй бэлгийн харилцаанаас ихээхэн хамааралтай хэвээр байна. Тиймээс сэлбэлтэд хэрэглэх цусыг аюулгүй байдлыг сайтар шинжлэх, ариутгасан зүү тариур хэрэглэх, хамгаалалттай бэлгийн харьцаанд орох, ус, хүнсний ариун цэврийг хангах нь вируст халдвараас урьдчилан сэргийлэх, хамгаалах хамгийн чухал аргууд юм. ДЭМБ-аас гишүүн орнууддаа болон бүсийн хэмжээнд гепатитын тандалтыг сайжруулахад арга зүйн тусламж болгох зорилгоор “Дэлхийн вируст гепатитын халдвараас урьдчилан сэргийлэлт, тандалтын талаарх үйл ажиллагааны хүрээг” боловсруулан гаргасан" гэлээ.

Мөн Монгол улсын Засгийн газар нь гепатит өвчний тандалтыг сайжруулах үндэсний стратегийг 2010 онд батлан хэрэгжүүлж байгаа. Уг стратегийн зорилго нь 2015 он гэхэд 10 мянган хүнд тохиолдох гепатитын өвчлөлийг арав хүртэл бууруулах явдал юм. Энэ стратегийн хэрэгжилтийг үр дүнтэй болгоход дэмжих зорилгоор ДЭМБ-аас ЭМЯ-нд 16 мянган эрүүл мэндийн ажилчтдыг дархлаажуулах 50 мянган тун вакцин, тариур аюулгүйн хайрцаг зэрэг дагалдах хэрэгслүүдийн хамт хандивлажээ.

 Х.Даваа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top