Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дахь салхин цахилгаан станцын барилгын ажил 40 хувьтай явагдаж байна. Барилгын талбай дахь замын ажил хийгдэж, салхин турбин үүсгүүрүүдийн суурь цутгалтын ажлууд эхлэн, бетон зуурмагийн үйлдвэр суурилуулж, түүхий эдээр хангаж эхэлжээ. Ийнхүү Монголын анхны салхин цахилгаан станцын турбин үүсгүүр өнөөдөр босох юм. Энэ талаар “Ньюком групп”-ийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан хэлэхдээ “Цахилгаан станц барина гэдэг амар зүйл биш. Салхиныхаа хурдыг хэмжиж, тогтооход дор хаяж гурван жил шаардсан. Гэсэн ч өнөөдөр бид ажлынхаа талд нь явж байна. өнөөдрийн байдлаар СЦС-ын суурийн хүзүүвч, эхний ээлжийн найман салхин турбин үүсгүүрийн 24 далбаа, бусад тоног төхөөрөмж барилгын талбайд очсон. Салхин цахилгаан станц энэ оны арваннэгдүгээр сар гэхэд бүрэн хүчин чадлаар ажиллах болно” гэлээ.
Барилгын талбайд нийт 160 гаруй хүн ажиллаж байгаагаас 95 хувь нь монгол ажилчид ажиллаж байгаа. Станцын шугамын ажлыг өнгөрсөн онд хийсэн бол, өнгөрөгч зургаадугаар сараас замын ажлаа эхлүүлсэн юм.
Х.Даваа

Сэтгэгдэл ( 0 )