Эх хүүхдийн эрүүл мэндийн төвийн эрчимт эмчилгээний тасагт хоёр сартай Ганзоригийн Амур охин зүрхний төрөлхийн хүнд хэлбэрийн хөх хэмээх оноштойгоор Дорнод аймгаас шилжин ирсэн юм. Г.Амур охины зүрхний судас буруу мөн зүрх нь хоёр цооролттой байсан бөгөөд нэн даруй зүрхний нээлттэй хагалгаанд орох шаардлагатай гэж эмч нар үзжээ. Ингээд хоёр сартай охиныг Япон улсад эмчлүүлэхээр болж, өнгөрсөн зургадугаар сарын 6-нд зүрхний маш хүнд хагалгаанд орсон байна. Түүний хагалгаа амжилттай болсноор энэ сарын 25-ны өдөр эх орондоо иржээ.
Эх хүүхдийн эрүүл мэндийн төвийн мэдээлснээр зүрхний гажигтай хүүхэд төрөх тохиолдол сүүлийн жилүүдэд ихэсч байгаа бөгөөд Монголд эмчилгээ хийх боломжгүй. Зүрхний гажигтай хүүхэд төрөх үндэс нь ургийн хөгжлийн эхний 2-8 дахь долоо хоног буюу жирэмсний 0.5-2 сарын хугацаанд үүсдэг. Үүнд вирусын халдвар, эмийн бодис болон удамшил зэргээс шалтгаалж хүүхэд зүрхний гажигтай төрдөг болохыг олон улсын эрдэмтдийн судалгаагаар баталжээ.

Сэтгэгдэл ( 0 )