АТГ: Өндөр албан тушаалтнуудыг шалгах явц удаан байна

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 30

Өнөөдөр Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлөөс хэвлэлийн бага хурал зарласан юм.

АТГ-ын дэргэдэх ОН-ийн зөвлөл нь үндсэн хоёр үндсэн шалтгаанаар мэдээлэл хийхээр болжээ. АТГ нь авлигатай тэмцэх үйл ажиллагааг хуулийн хүрээнд, идэвхтэй явуулахын тулд 2013 оныг “Авлигатай тэмцэх бүх нийтийн жил” болгох уриалга гаргажээ. Мөн төрийн өндөр албан тушаалтнуудтай холбоотой гэмт хэргийн үйл явц удаан байгаатай холбоотой мэдэгдлээ танилцуулав. Түүнчлэн, Олон нийтийн зөвлөл нь “Төрийн өндөр албан тушаалтны эрх мэдлээ урвуулан ашиглаж ард нийтийн, улсын сан хөмрөгөөс их хэмжээгээр шамшигдуулж, хувьдаа завшсан зэрэгтэй холбоотой асуудлыг шийдвэрлэж байх ёстой. Сүүлийн жилүүдэд улс төрийн дээд албан тушаалтнуудтай холбоотой гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй хэргийг шалгах явцад хэргийн бүрэлдэхүүнгүй болгох нь их болов. Жирийн иргэнийг гэмт хэрэгт холбож шалгаад богино хугацаанд шийдвэрлэдэг. Харин өндөр албан тушаал хашиж байгаа улс төрчдийн хэрэг дээр хуулийн байгууллага түргэн шуурхай ажиллах нь удаан байна” хэмээн байр сууриа илэрхийллээ.

АТГ-ын Олон нийтийн зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн чиглэл нь олон нийтийг авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх, АТГ-ын үйл ажиллагаанд хөндлөнгийн болон олон нийтийн зүгээс анхаарлаа хандуулж ажиллах чиг үүрэг бүхий байгууллага юм. Ингээд АТГ-ын Олон нийтийн зөвлөлөөс гаргасан мэдэгдлийг хүргэж байна.

Мэдэгдэл

АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлөөс авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилт, өнөөгийн нийгмийн орчинд дүн шинжилгээ хийж дараах мэдэгдлийг сонордуулж байна.

1.Монгол улс авлигатай тэмцэх үйл ажиллагааг идэвхжүүлэх зорилгоор эрх зүйн орчинг боловсронгуй болгох чиглэлийн дагуу 2002 оны долдугаар сарын 4-ний өдөр “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийг УИХ-ын 41-р тогтоолоор баталж, 2005 оны аравдугаар сарын 27-ны өдөр авлигын эсрэг НҮБ-ын конвенцийг УИХ-аар соёрхон баталж, Авлигын эсрэг хууль болон нийтийн албанд хувийн ашиг сонирхлыг зохицуулах “Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх” тухай хууль баталсан боловч Монгол улс дэлхийн улс орнуудаас авлигын түвшингээрээ 120-д жагсаж байгаа нь Монгол хүн бүрийн сэтгэлийг түгшээж байна. Жил бүрийн 12-р сарын 9-нд “Олон улсын авлигын эсрэг өдөр”-ийг тэмдэглэх боловч цаашид Монгол улс авлигаас ангид нийгмийн орчинг бүрдүүлэх, шударга, ил тод байдлыг эрхэмлэсэн сайн засаглалыг тогтоохын тулд 2013 оныг “Авлигын эсрэг бүх нийтээрээ тэмцэх жил” болгохыг төрийн бүх шатны байгууллага, ТББ, аж ахуйн нэгж, иргэддээ уриалж байна.

2. Авлигатай тэмцэх ажил нь хүнд хэцүү сорилын өмнө байнга тулгарч байдаг тул нийгмийн бүхий л салбар хамтдаа тэмцэх шинэ нөхцөл байдлыг бий болгож байна. АТГ шинэ удирдлагатай болсноос хойш хуулийн хүрээнд өндөр албан тушаалтнуудыг шалгах ажлыг эрчимжүүлж, нийгмийн сэтгэл зүйд авлигын эсрэг хүчтэй тэмцэж байгаагаа харуулж байгаа билээ. Тухайлбал, МУ-ын ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг албан тушаалын байдлаа ашиглан төрийн өмчийг онц их хэмжээгээр үрэгдүүлсэн үйлдлүүдэд холбогдуулан Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу шалгаж, улмаар Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгчийн захирамжаар цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг 2012 оны дөрөвдүгээр сарын 13-ны өдөр авч хэрэгжүүлэн, яллагчаар татсан боловч шүүх хурлыг удаа дараа хойшлуулж байгааг “Авлигачдын өөрийгөө хамгаалах тор” хэрхэн бэхжсэнийг илэрхийлж байна. 2002 онд батлагдан, 2010 онд дуусгавар болсон “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”-т хуульчдыг авлигатай тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх ажиллагаанд тусгайлан сургах, дадлагажуулах заалт биелээгүйгээс ёс зүйгүй зарим хуульчдын балгаар авлигын шинжтэй хэргүүд хуулийн хүрээнд шийдэгдэхгүй байх хандлагатай болж байгаад сэтгэл түгшин иргэд бүхэн хуулийн өмнө тэгш эрхтэй байх зарчмыг баримтлан ажиллахыг шат шатны хуулийн байгууллагын ажилтнуудад сануулж байгааг мэдэгдье.

АТГ-ын Олон нийтийн зөвлөл

2012.07.30

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top