Өнөөдөр Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлөөс хэвлэлийн бага хурал зарласан юм.
Тус зөвлөл нь олон нийтийг авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх, АТГ-ын үйл ажиллагаанд хөндлөнгийн болон олон нийтийн зүгээс анхаарлаа хандуулж ажиллах чиг үүрэг бүхий байгууллага юм.
АТГ нь авлигатай тэмцэх үйл ажиллагааг хуулийн хүрээнд, идэвхтэй явуулахын тулд 2013 оныг “Авлигатай тэмцэх бүх нийтийн жил” болгох уриалга гаргажээ.
АТГ-ын Олон нийтийн зөвлөл гаргасан мэдэгдэлдээ:
“Монгол улс авлигатай тэмцэх үйл ажиллагааг идэвхжүүлэх зорилгоор эрх зүйн орчинг боловсронгуй болгох чиглэлийн дагуу 2002 оны долдугаар сарын 4-ны өдөр “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийг УИХ-ын 41-р тогтоолоор баталж, 2005 оны аравдугаар сарын 27-ны өдөр авлигын эсрэг НҮБ-ын конвенцийг УИХ-аар соёрхон баталж, Авлигын эсрэг хууль болон нийтийн албанд хувийн ашиг сонирхлыг зохицуулах “Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх” тухай хууль баталсан боловч монгол улс дэлхийн улс орнуудаас авлигын түвшингээрээ 120-д жагсаж байгаа нь Монгол хүн бүрийн сэтгэлийг түгшээж байна. Жил бүрийн 12-р сарын 9-нд “Олон улсын авлигын эсрэг өдөр”-ийг тэмдэглэх боловч цаашид монгол улс авлигаас ангид нийгмийн орчинг бүрдүүлэх, шударга, ил тод байдлыг эрхэмлэсэн сайн засаглалыг тогтоохын тулд 2013 оныг “Авлигын эсрэг бүх нийтээрээ тэмцэх жил” болгохыг төрийн бүх шатны байгууллага, ТББ, аж ахуйн нэгж, иргэддээ уриалж байна” гэжээ.
Х.Заяа

Сэтгэгдэл ( 0 )