Аяллын явцад хүнсээ хэрхэн хадгалах вэ

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 30

Аялах үед хамгийн гол хэсгийн нэг бол аяны гал тогоо юм. Ялангуяа зуны халуун өдрүүдэд аяны хүнсийг муутгаж гэмтээлгүй авч явах нь хамгийн чухал байдаг. Тухайлбал, аяллын явцад буруу хадгалалтаас чанараа алдсан хоол хүнс илчлэг тэжээлээ алдаж, ходоод гэдэс хямруулж хордлого өгөх гол үндэс нь болдог билээ. Тиймээс бидний аялал хийхдээ хамгийн түгээмэл авч явдаг зарим хүнсний бүтээгдэхүүнийг хэрхэн хадгалах талаар дараахь зөвлөгөөг өгч байна.

Мах

Аялалд махыг ихэвчлэн шуузлах маягаар авч явдаг. Шаардлагатай үед нойтон махыг 2-3 хоног цаасан хайрцагт болон нарнаас хол байлгаж хэрэглэж болно. Ерөнхийдөө мах нь хурдан мууддаг учир аялах хугацаандаа тухайн орон нутгаасаа бага багаар авч хэрэглэх нь тохиромжтой.

Гоймон

Хүнсэндээ гоймон сонгож авах гэж байгаа бол жижиг хэмжээтэй, орцондоо өндөг орсон байвал зүгээр. Учир нь өндөгтэй гоймонгоор хоол хийхэд хурдан байдаг бөгөөд олон хоног хадгалсан ч хаталт багатай байдаг. Гэхдээ гоймонгоо аль болох агаар салхи орохооргүй битүү саванд хадгалах хэрэггэй.

Хүнсний ногоо

Хүнсний ногоог авч явахдаа аль болох агаар салхи нэвтрэхээр хайрцагт хийх нь тохиромжтой. Харин олон хоног гялгар уут болон битүү хайрцагт хийж авч явах нь хүнсний ногоо зөөлөрч витанминлаг чанараа алдахад хүргэдэг. Иймд торон уут эсвэл агаар нэвтрэхээр саванд хадгалж явахад 4-6 хоног хэвийн байна.

Өргөст хэмх

Аяллын явцад дан ганц мах, гурил идэх нь ходоод гэдсэнд сөрөг нөлөөтэй. Тиймээс өргөст хэмх авч явах хэрэгтэй. Учир нь, өргөст хэмх бусад нарийн ногоог бодвол хадгалахад хялбар байдаг. Гэхдээ өргөст хэмхээ сонгохдоо аль болох зөөлрөөгүй, хатуугаас нь сонгох хэрэгтэй.

Өндөг

Хадгалахад хамгийн төвөгтэй хүнс бол өндөг учир аль болох гэмтээлгүй авч явах нь чухал. Хэдийгээр хагарч гэмтээгүй ч бага хэмжээний агаар ороод 10-12 цаг болсон тохиолдолд хэрэглэхээс татгалзах хэрэгтэй.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top