Д.Энхмандахыг буруугүй гэж үзлээ

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 31

Хууль, хяналтын байгууллагын хариуцлагагүй үйл ажиллагаанаас болж шалгагдаж буй Д.Энхмандахын хэргийг давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр болж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр баталлаа. Түүнийг бусдын нэрийг ашиглан “ХААН” банкнаас 30 сая төгрөг зээлсэн, “Эрдэнэ суварга” компанийг үүсгэн байгуулагч Д.Бат-Эрдэнэ, түүний эхнэр Б.Сувдаа нарыг залилан мэхэлж, 15 сая төгрөгийн үнэтэй машиныг нь зарсан гэдэг ч үнэндээ энэ нь өнгөрсөн хугацаанд нотлогдоогүй юм. Тодруулбал, уг хэргийг өнгөрсөн зургадугаар сарын 5-нд Чингэлтэй дүүргийн шүүхэд хэлэлцэж, түүнийг гэм буруугүй хэмээн үзэж хэргийг цагаатгасан. Үүний дараа Д.Бат-Эрдэнийн дүү давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан ч шүүх Д.Энхмандахыг буруугүй гэж үзлээ.

Харин улсын яллагч хэргийг давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцлээ буцаан татжээ. 
Өнгөрсөн оны есдүгээр сард уг хэргийг анхан шатны шүүх хурлаар хэлэлцээд “Эрдэнэ суварга” компанийн захирал Б.Сувдаа болон тус компанийн ажилтан байсан яллагдагч  Д.Энхмандах нарт мөнгө  олгосон “Хаан” банкны теллер Б.Туулаас дахин мэдүүлэг авах, зээл  авсан гэх гарын үсгийг хэн зурсан болохыг тогтоох, шинжээч гарын үсгийн хэвийг шинжлэхдээ хууль ёсны дагуу ажилласан эсэхийг нэмж шалгах шаардлагатай хэмээн үзэж нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан юм.
Харин тэрээр өөрийгөө гэм буруугүй, гэр бүлийн маргаанаас болж залилангийн хэрэгт гүтгүүлсэн хэмээн удаа дараа мэдүүлж байсан нь үнэн болох нь хоёр ч шатны шүүхээр тогтоогдлоо.

Х.Даваа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top