Туул голын усны түвшинг нэмэгдүүлнэ

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 31

ОХУ-тай хийсэн гэрээний дагуу нийслэлийн Байгаль хамгаалах газрын эко системийн инженер гэгддэг 25 минжийг тус улсаас авчирлаа.

ОХУ-ын Бүх холбоотны агнуурын аж ахуйн Зэрлэг амьтны хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах, ШУ-ны доктор А.П.Савельеваас тодруулахад тэрээр “ОХУ-аас 25 минж нутагшуулахаар авчирсан. Голын урсацыг сайжруулах зорилгоор минжнүүдийг дасгаж байгаад байгальд нь тавина. Заримыг нь үржүүлнэ. Минж нь усны түвшинд онцгой нөлөөлдөг. Тодорхой сонгож авсан голын хэсэгтээ хаалт хийж, жижиг нуур үүсгэнэ. Хаалтуудыг сайн хийж чадвал голын гольдрил, усны түвшин эрс нэмэгддэг. Гэхдээ ус нь бүлээн байх ёстой. ОХУ минж ихтэй. Тухайлбал, Киров мужид 40 орчим мянган минж байдаг. Тиймээс орост голын урсац муудах тохиолдол тэр бүр гараад байдаггүй. Дэлхий дээр Америк, Евразийн гэсэн хоёр төрлийн минж бий. Евразийн минж хэд хэдэн салбарт хуваагддаг. Монголын Булган голд нутагшуулж байсан минжүүдийг төв Азийн шар минж гэж нэрлэдэг. Шар минж 30 гаруй улсад амьдарч байна. Минжнүүдийг ирэх ес, аравдугаар сараас байгальд тавих байх. Хамгийн гол нь минжнүүд өвлийг өнтэй давах нь чухал байна. Монголын өвөл хүйтэн учраас хорогдох магадлал өндөр. Шинэ газар дасан зохицох чадвар ямар байх нь тухайн амьтан бүрт харилцан адилгүй байдаг” гэлээ.

Ийнхүү минжнүүд өвлийн хүйтнийг давчихвал Хатан Туул голын усны түвшин нэмэгдэх юм.

Х.Даваа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top