Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг 2003 оны тавдугаар сарын нэгнээс эхлэн мөрдөж эхэлсэн бөгөөд энэ хуулийн хүчин төгөлдөр хугацаа ирэх оны тавдугаар сарын нэгний өдөр дуусгавар болно.
Одоогийн байдлаар хууль хэрэгжиж эхэлснээс хойш нийслэлийн 100 мянга гаруй иргэн нийт 4700 га газрыг өмчилжээ. Эдгээрийн 91 мянга нь нийслэлд тэр дундаа суурьшсан гэр хороололд газраа өмчилж авсан бол 12 мянган иргэн нь хөдөө орон нутагт газар өмчилж авчээ. /Газар өмчлүүлэх тухай хуульд зааснаар нийслэл хотын иргэн Монгол орны газар нутгийн аль хүссэн газраа 0,7 га газар эзэмших эрхтэй гэсэн давуу эрхийг олгосон юм./
Жил бүр иргэдэд газар өмчлүүлэх ажлыг нийслэлийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөгөөр гаргадаг бөгөөд энэ жилийн хувьд нийслэлийн таван байршилд газар олгохоор болсон. Үүнд: Сонгинохайрхан дүүрэг 21 дүгээр хороо, Баянзүрх дүүрэг Дэлгэрбулангийн аманд 100 га, Хан-Уул дүүргийн Биокомбинатад 80 га, Налайх дүүрэгт 300 га, Багахангай дүүрэгт 160 га газрыг олгохоор болжээ.
Газар өмчлүүлэх төлөвлөгөөнд багтсан газарт газар өмчлөх хүсэлтэй иргэд хуульд заасны дагуу хүсэлтээ сум, дүүргийн Засаг даргадаа гаргана. Харин нийслэлийн иргэн газар өмчлөх өргөдлөө тухайн өмчлөхийг хүсэж буй газрынхаа дүүргийн Засаг даргад батлагдсан маягтын дагуу хүсэлтээ гаргаад, тухайн газрынхаа кадастр байршлын зургийг, оршин суугаа газрын тодорхойлолт, иргэний үнэмлэхээ наториатаар баталгаажуулан хавсаргах ёстой юм байна. Мөн иргэн дангаараа биш гэр бүлийн гишүүдийн хамт газар өмчлөхийг хүсэж байвал гишүүд тус бүрийн иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээг баталгаж хавсаргах хэрэгтэй аж.
Газар өмчлөхөд анхаарвал зохих өөр нэг зүйл нь таны өмчлөхийг хүссэн газар, газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд ороогүй байвал тухайн жилдээ өмчлөх боломжгүй бөгөөд хуульд заасан 0,7 гагаас хэтэрсэн байвал илүү гарсан нэг метр кв-т тутмыг 13200 төгрөгөөр үнэлж авах юм.
Албаныхны мэдэгдэж байгаагаар нийслэлд өмчлүүлэх газрын нөөц дуусаж байгаа ч нийт иргэдийн дөнгөж 10 хувь нь л газраа өмчилж аваад байгаа гэнэ.
Х.Даваа

Сэтгэгдэл ( 0 )