Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, олимпийн аварга Э.Бадар-Ууган “Лондон-2012” наадмаас өчигдөр иржээ. Тэрбээр Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчилэн хийдийн тэргүүн хамба лам Д.Чойжамцын хамт Ерөнхийлөгчийн зочноор дагалдаж явсан билээ. Олимпийн аварга маань энэ жил дээрх үүргийг гүйцэтгэж явсан ч нутаг нэгт тамирчидтайгаа байж ёстой л хазайхад нь түшиж, хальтрахад нь тулж явсан болохоор ярих зүйл олон байв. Биднийг утсаар холбогдоход “Зуслангаасаа ирж байна манай гэрийн өмнө уулзах уу” гэв. Ингээд бид түүнийг 30 гаруй минут хүлээсний эцэст ийн яриа өрнөлөө.
-Ерөнхийлөгчийн зочноор дагалдан явах ямар санагдав?
-Улсынхаа тэргүүнтэй хамт явах сайхан байлгүй яах вэ. Тэргүүн хамбатайгаа ч явлаа. Тэгэхээр хоёр тэргүүнтэй явсан байгаа биз дээ. Дэргэдээс нь үзсэн болоод ч тэрүү нээлт нь жигтэйхэн сайхан болсон.
-Хамба лам спорт хэр сонирхож байна вэ?
-Сонирхол муутай юм билээ. Анх удаа олимпийн нээлт үзэж байна гэсэн. Түүний сэтгэл магадгүй минийхээс илүү хөдөлсөн байх.
-Гэхдээ таны хувьд сэтгэл хөдөлсөн гэхээс илүү “Оролцсон бол сайхан байлаа шүү” гэж бодогдож байв уу?
-Тэгэлгүй яах вэ. Нээлт эхлээд олон орны тамирчин өнгө өнгийн хувцсаараа жигдэрч, төрийн далбаагаа намируулаад гарч ирэх үед “Хэрвээ би гэмтэл аваагүй байсан бол энэ олон үзэгчийн өмнө элэг нэгт тамирчдынхаа дунд алхаж байх байсан даа” гэж бодогдсон. Баяр гунигийн нулимс унагамаар ч юм шиг. Нуух юу байх вэ, тийм биз дээ. Тамирчин хүн бэлтгэлээ хийгээд шударгаар өрсөлдөөд явах шиг сайхан зүйл байхгүй.
-Бээжин, Лондон хоёрын аль нь нээлтээ сүр дуулиантай хийсэн гэж та бодож байна вэ?
-Би ч гэлтгүй зарим хүн Лондонгийн олимпийн нээлтийг Бээжингээс нэг их илүү гарахгүй гэж ярьж байсан. Гэхдээ Их Британи өөрийнхөө түүхийг харуулсан олон сайхан үзүүлбэр үзүүлсэн.
-Та нар очсоныхоо маргааш нээлтэд оролцсон уу?
-Тэгсэн. Нээлтийн маргааш ОУХМ Д.Төмөрхүлэг барилдсан. Тэр барилдааны маргааш хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар хүч үзсэн. Би түүний барилдааныг үзэх гэж их догдолж байсан ч Хатан хаан II Елизаветтагийн хүлээн авалтад оролцоод чадаагүй. Хүлээн авалтын дараа Х.Цагаанбаатарын барилдааныг хүнээс асуутал ялагдчихсан байсан.
-Та спортын хэдэн төрлийг үзсэн бэ?
-Нэлээд хэдэн төрлийг үзсэн. Нэг сонин зүйл болсон нь миний үзсэн тэмцээн бүрт манай улсын тамирчид хожсон. Тэгсэн чинь Шадар сайд М.Энхболд намайг “Таныг үзэхээр манай тамирчид хожоод байна. Та үзээд байх хэрэгтэй юм байна даа. Ажлаа зохицуулж болдоггүй юм уу” гэж тоглоом болгож ярьж байсан.
-Тамирчид хаана байрладаг юм байна вэ?
-Олимпийн тосгонд. Би тэднийг ямар байгааг харах гэж зориудаар очсон. Нэг зэрэг 1500 хүнийг хооллодог гэхэд сайхан байдаг юм билээ. Эхний өдрөөсөө бидний найдлага хүлээлгэж байсан Х.Цагаанбаатар ялагдчихсан байсан болохоор тамирчид маань нэлээд сэтгэлээр унасан байгаа харагдсан. Тэнд очсоноор би тэднийхээ сэтгэлийг сэргээсэн шүү.
-Юу гэж хэлж сэргээв?
-“Та нар медаль авч үзээгүй биш. Нэг нь ялагдахаар битгий сэтгэлээр унаж бай” гэж хэлсэн. Ерөнхийлөгч хүртэл “Би та нарыг заавал медаль ав гэж шаардахгүй. Эр бяраа үзэж, эх орноо төлөөлж оролцож байгаа тань сайн байна. Хамгийн гол нь өөрсдийнхөө хийе гэснийг хийгээрэй. Сүүлд бөхчүүд нь тэр мэхийг тэгээд хийдэг байж, боксчид нь тэр цохилтыг тэгэхэд амжуулдаг байж гэж бодохооргүй оролцоорой” гэсэн.
-ОУХМ С.Ням-Очирыг хүрэл медаль хүртэхэд та хэрхэн хүлээж авав?
-Сайхан байлгүй яах вэ. Гэхдээ олимпод аварга болох нь гол биш юм байна. Медаль л хүртэж байвал болох нь тэр. Тэр барилдааныг үзэж байхдаа орилох гэсэн боловч жүдо бөх мэдэхгүй болохоор юу гэж орилохоо мэдэхгүй байсан.
-“Мэргэжил нэгтнүүд”-дээ нэлээд зөвлөгөө өгөв үү?
-Гавьяат тамирчин Н.Төгсцогтийг эхний тулаанаа хийх гэж байхад нь SMS-ээр зөвлөгөө өгсөн.
-Боксчдоо тоглож байхад та сэтгэлээ хэр барив?
-Хүндэт суудалд Ерөнхийлөгч, Хамба лам хоёрын дунд сууж үзсэн. Эхний үед даруухан үзэх гэж хичээсэн. Ерөнхийлөгчийг харахад бас над шиг сандраад байгаа бололтой. Заримдаа надаас “Яаж тогловол илүү оноо авах уу” гэж асуусан. Хариуд нь би “Гайгүй ээ. Олимпод оролцож байгаа тамирчин муу байна гэж байхгүй. Манай Төгсөө сайн байна аа” гэж хэлсэн. Тэгж байтал эхний тойрогт нэг оноо дутуу гараад ирсэн. Тэгэхээр нь би Ерөнхийлөгчөөс “Орилчих уу” гэж асууж байгаад “Тэгж цохь, ингэж цохь” гээд орилсон. Асуухгүй бол орилж болохгүй газар орилчих ч юм бил үү би мэдэхгүй шүү дээ.
-Таны дууг Н.Төгсцогт сонсоод нэлээд урамшсан байх даа...
-Ер нь нэгийгээ ринг дээр тоглож байхад үзэгчдийн суудлаас ч хамаагүй орилоход тухайн тамирчинд сэтгэлзүйн хувьд асар их хүч болдог. Н.Төгсцогт ч миний хэлснийг сайн биелүүлсэн. “Дөрөв цохь” гэхээр оноо авч байгаа юм чинь. Тэмцээний төгсгөл хэрд нь “Дахиад нэг оноо авбал чи яллаа” гэхэд оноогоо авч л байсан. Тэгэхэд хамба намайг “Чи яаж мэдээд байна аа” гээд бүр биширчихсэн байсан. Өөрөө биднээс илүү зүйл мэддэг хэрнээ намайг тэгж хэлэхэд гайхсан байх л даа.
-Тоглолтын дараа Н.Төгсцогт тантай уулзсан уу?
-Уулзсан. Намайг нутаг буцлаа гэхэд “Миний дараагийн тоглолтыг дуусгаад буц л даа. Таныг тэгж хэлэхэд гоё юм байна” гэж байсан. Би олимп дуусгамаар байсан ч боломгүй байсан л даа.
-Манайхан жиндээ эрт орсон байж үү?
-Тийм. Би Н.Төгсцогтийг л жиндээ орохгүй удах вий гэж болдож байсан. Гэтэл аль хэдийнээ орчихсон байсан.
-Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин П.Сэрдамбатай уулзсан уу?
-Тухтай уулзаж амжаагүй ээ. Гайгүй биз дээ гэсэн чинь “Гайгүй ээ” гэж байсан. Н.Төгсцогтыг бид “дүлий цэрэг” гэж хочилдог юм. “Дүлий цэргээ анхаарч байгаа биз дээ” гээд л өнгөрсөн. Тэмцээний үеэр нэг их зүйл ярих онцгүй байдаг юм.
-Та өөрийнхөө 56 кг-ийн тамирчдаа хэр шинжив?
-Куб, Бразилийн тамирчныг л танихгүй. Бусад нь хуучин хүмүүс байна билээ.
-Тэдний тоглолт, бэлтгэл ямар санагдав?
-Гайгүй байсан. Гэхдээ хэрвээ би оролцсон бол ямар ч байсан хууччуудаа дөнгөчих байх. Бусад нь ч гэсэн надад багтаж байсан. Энэ тэмцээнд би түрүүлэх боломж байж. Хүсэхэд хясна гэгчээр өвчин л намайг хүллээ дээ.
-Жингээсээ хэнийг түрүүлнэ гэж бодож байна вэ?
-Кубын тамирчинг. Мөн Украйны тамирчид өнгөтэй байна билээ.
-Та элэг нэгт тамирчдынхаа дунд байж байгаад ирсэн хүний хувьд асуухад тэдний сэтгэлзүйн бэлтгэл хэр байна вэ?
-Эхний үед сэтгэл нь дундуур байсан. Харин С.Ням-Очирыг хүрэл медаль хүртэхэд тэс өөр болсон шүү.
-Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар таны дотны найзуудын нэг. Түүнтэй ялагдсаных нь дараа уулзсан уу?
-Тосгон руу орох гэж байхад нь уулзсан. Толгой сэгсрээд л явж байна билээ. Түүний нас ч явж байна. Дөрвөн жилд нэг удаа болдог олимпийн наадам түүнд цөөхөн үлдэж байгаа байх гэж би эмзэглэж байна. Энэ ховорхон хугацаа, боломжийг алдалгүй хичээж байгаад аварга болоосой.
-Өнгөрсөн олимпод Б.Мярагчааг биш Х.Цагаанбаатарыг явуулсан. Энэ олимпод ч мөн адил. Тэглээ ч Х.Цагаанбаатар амжилтгүй барилдлаа. Та найзын хувиар биш тамирчин хүний хувьд нэг жинд өгөө аваатай барилддаг Б.Мярагчааг оролцуулбал дээр гэж бодож байв уу?
-Спорт гэдэг өөрөө шударга зүйл л дээ. Тэр журмаараа л явж байгаа.
-Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, олимпийн аварга Н.Түвшинбаяртай ярилцав уу?
-Хэсэгхэн хугацаанд ярилцсан. Намайг “Ерөнхийлөгчийг дагаад ядарч байна уу” гэж байсан. Өөрөө яая гэж байж (инээв).
-Хүн бүрийн магтаж байгаа Лондоны “Эксел” ордонд орж үзсэн танд ямар санагдав?
-Хэмжээгээрээ нэг их томгүй. “Нарантуул” зах шиг дөрвөлжин хэлбэртэй ордон юм билээ. Үзэгчид хоёр талаас нь орж үздэг. Тэр ордон өмнө нь олон улсын худалдааны төв байсан гэсэн.
-Хэдэн хүний суудалтай гэнэ?
-Мэдэхгүй. Нэлээд байх шиг байна билээ.
-Монголчууд хэр үзэж байна вэ?
-Тэнд ажиллаж, амьдардаг хүмүүс үзэж байгаа харагдсан. Виз нь үнэтэй гардаг болохоор тэр бүр хүн очиж чаддаггүй байх л даа. Гэхдээ тэмцээн бүрт монголчууд төрийнхөө далбааг бариад суугаа нь сайхан санагдсан. Нэг зүйл санаанд бууж байна. Энэ дашрамд хэлмээр санагдлаа.
-Хэл л дээ?
-Ерөнхийлөгч Ерөнхий сайд байхдаа тамирчдад олгодог мөнгийг анх санаачилсан. Энэ нь Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг. Гэхдээ Ерөнхийлөгч энэ нэрээ эцэслээгүй байгаа. Энэ тэтгэлэг нь олимп болон ДАШТ-ээс медаль хүртсэн тамирчинд олгогдох учиртай. Манайхаас бусад орон тийм байдаг. Энэ тэтгэлгээ Ерөнхийлөгч удахгүй зарлиг буулгаж хэрэгжүүлэх гэж байгаа. Үүнийг би хамгийн түрүүнд танд л хэллээ шүү. Манай улсад хэдхэн хоногийн өмнө 20 дахь олимпийн медальтан төрлөө. Энэ үед үүнийг зарлаж байгаадаа таатай байна. Тэд маань амьдралынхаа турш спорт хөөсөнийхөө хүчинд тэтгэлэг авна гэдэг амьдралынх нь баталгаа болно шүү дээ.
-Та чихэндээ гэмтэл авч улмаар нуруу руугаа дамжсан. Энэ бэртлээ өнгөрсөн жил БНСУ-д эмчлүүлсэн. Одоо онош нь тогтоогдсон уу?
-Тогтоогдсон. Дээрх улсад эмчлүүлэх биш тэмцээнд оролцох гэж явсан юм. Тэмцээний үеэр явж чадахгүй найгаад байхаар нь үзүүлтэл энэ гэмтлийг хэлсэн. Бүр ужгирчихсан байна гэсэн. Удвал явж чадахгүй болдог гэнэ.
-Тэр үед юу бодогдож байв?
-Гурван хүүхэдтэй болохоор амьдралаа бодъё гэж бодоод улс руугаа буцсан. Спортоо ч орхиё гэж бодож байлаа.
-Эхнэр тань “Гурван хүүхдэдээ эрүүл харагдаж үзээрэй” гэж зэмлэх, өрөвдөх зэрэгцсэн үг хэлсэн гэдэг байх аа...
-Тийм.
-Та хэзээнээс бэлтгэлдээ орох гэж байна вэ?
-Эмчилгээ хийлгэж байгаа болохоор хүчтэй бэлтгэл хийхгүй байгаа. Ихэвчлэн саунд сууж байгаа.
-Жинд хэд хүрч байна вэ?
-70 кг. Цаашдаа 60 кг-д тоглоно. Жаахан бэлтгэл хийхэд л жиндээ орчихно.
У.Баярсайхан
Сэтгэгдэл ( 0 )