Хүүхдийг эхийн сүүгээр хооллоогүйгээс жингийн алдагдалд ордог

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 03

Хүүхдийг эхийн сүүгээр хооллох долоо хоног энэ сарын 1-7-ны өдөр явагдаж байна. Энэ талаар өнөөдөр УИХ-ын гишүүн С.Оюун, ардын эмч Д.Малчинхүү, ДЭМБ, НҮБ-ын Хүүхдийн сан, ЭМЯ, Дэлхийн зөнгийн төлөөлөгчид мэдээлэл хийлээ.

Хүүхдийг хоёр нас хүртэл нь эхийн сүүгээр хооллох нь дархлааг сайжруулахаас гадна хатгаа, суулгалт өвчнөөс урьдчилан сэргийлж чаддаг гэнэ. Нас барсан хүүхдийн 35 хувийг эхийн сүүгээр хооллоогүй нярай эзэлж байгаа аж.

Эхийн сүүгээр хооллож чадахгүй тохиолдолд дөнгөж төрсөн хүүхдийн хоол тэжээлийн асуудалд бэрхшээл ихээхэн тулгардаг. Тухайлбал, эхийн сүү орлуулагч янз бүрийн бүтээгдэхүүн бий ч эхийн сүүг 100 хувь орлож чаддаггүй учраас хүүхдийн ходоод гэдэс, дархлаанд нөлөөлдөг байна. 

УИХ-ын гишүүн С.Оюун хэлэхдээ “Хүүхдийн эрүүл мэнд, хүүхдийн дархлаа, эрүүл өсч бойжих асуудал иргэн бүрт хамаатай. Сүүлийн 20 жилд манай улс ДЭМБ-аас гаргасан санаачилгад нэгдэн ажиллаж байгаа. Хэдийгээр манай улс уламжлалт маягаар хүүхдээ эхийн сүүгээр хооллодог орон ч аав, ээж нарт эхийн сүүний ач холбогдлыг байнга ойлгуулж таниулах нь чухал юм. Боломжтой бол хоёр нас хүртэл нь эхийн сүүгээр хооллох нь чухал. Нялх хүүхэдтэй ээж нар ажил албандаа орсон тохиолдолд албан байгууллага нь ойлгож, хүүхэд хөхүүлэх өрөө гаргах, цайны завсарлагааг илүү өгөх зэрэгт анхаарах байх хэрэгтэй. УИХ-ын эмэгтэйчүүдийн бүлэг ирэх мягмар гаригт амаржих эмнэлгүүдийн асуудлаар хуралдана. Өнгөрсөн жил 70 мянган хүүхэд мэндэлсэн. Төрөх эмнэлгүүдийн ачаалал маш их байна” гэлээ.

Мөн “Суулгалт өвчинд амьдралын түвшин маш их нөлөөлдөг. Хөхөөр хооллох бол энэ өвчнөөс сэргийлэх нэг л хүчин зүйл юм. Амьдралын боломжгүй айлуудад гар угаах, ариун цэврийн хангамж тааруу байдгаас суулгалт өвчин илүү хүнд хэлбэрээр тусч байна” гэж ЭМЯ-ны ЭТБЗХГ-ын орлогч дарга Я.Амаржаргал  онцолж байлаа.

Манай улсад хүүхдийг эхийн сүүгээр хооллох асуудал нийт бага насны хүүхдийн 50-60 хувийн түвшинд хүрчээ. "Дэлхийн зөн"-гийн хийсэн судалгаагаар хүүхдийг эхийн сүүгээр хооллоогүйгээс Хэнтий, Хөвсгөл аймгуудад бага насны хүүхдийн давжаарал, жингийн алдагдал бусад аймгаас илүү байгааг хэлсэн юм.

Х.Даваа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top